Хятад шумбагч аппаратыг буцааж өгөхөө мэдэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.12.19-нд нийтлэгдсэн

Хятад шумбагч аппаратыг буцааж өгөхөө мэдэгджээ

Өмнөд Хятадын тэнгис орчимд олон улсын усанд байрлуулсан байсан АНУ-ын шумбагч аппаратыг Хятад буцааж өгөхөөр болсон тухай Пентагон мэдэгдлээ. Хятад шумбагч төхөөрөмжийг булаан авсан гэж АНУ өнгөрсөн пүрэв гаригт /2016.12.15/ мэдэгдсэн юм.

“Өмнөд Хятадын тэнгисийн орчимд судалгааны ажил гүйцэтгэж байсан АНУ-ын шумбагч төхөөрөмжийг Хятадын тал хууль бусаар булаан авсан үйлдлийг эсэргүүцэж байгаагаа бид илэрхийлсэн. Холбогдох албаныхантай тохиролцсоны дүнд Хятадын тал шумбагч төхөөрөмжийг АНУ-д эргүүлэн өгөхөөр болсон” хэмээн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Петер Кук хэлжээ. Гэхдээ хэзээ, хэрхэн буцааж өгөх талаар нарийн мэдээлэл өгөөгүй байна.

Үүний өмнө Хятадын талаас шумбагч аппаратыг буцааж өгөхөөр болсон, АНУ энэ асуудлыг хэтэрхий дэврүүлж байна хэмээн Хятадын Батлан хамгаалахын сайд мэдэгдсэн юм. “Төхөөрөмж АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний судалгааны аппарат мөн гэдгийг баталгаажуулсны дараа Хятадын талаас зохимжтой байдлаар аппаратыг эргүүлж өгөхөөр шийдсэн. Хятад болон АНУ нь энэ үйл явцын талаар харилцан ярилцаж байгаа үед Америк энэ асуудлыг явцуу байдлаар хэтэрхий дэвэргэж байгаа нь зөв гарцыг олоход нэмэр болохгүй. Бид болсон явдалд харамсаж байна” хэмээн БНХАУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп энэ асуудлаар Твиттертээ ширүүхэн үг бичиж, Хятадын энэ үйлдлийг “урьд хожид үзэгдэж байгаагүй” хэмээсэн билээ. Дараахан нь тэрбээр “Тэдний хулгайлсан шумбагч аппаратыг бид буцааж авахыг хүсэхгүй байгаа учир өөртөө үлдээ гэж хэлэх хэрэгтэй” хэмээн жиргэсэн юм.

“Ocean Glider” хэмээх автомат ажиллагаатай шумбагч төхөөрөмж нь далайн усны давсархаг чанар, усны температур, дууны хурд зэрэг олон улсын хуулиар зөвшөөрөгдсөн судалгааны ажил гүйцэтгэж байсан аж.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж