Хадгаламж банкны гүйцэтгэх захирлын ярилцлага

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Хадгаламж банкны гүйцэтгэх захирлын ярилцлага

“Хадгаламж банк”- ны гүйцэтгэх захирал Л.Бадамцэцэг:
Банкны үйлчилгээг зөвхөн нийгмийн мөнгөтэй хэсэгт зориулдаг юм биш

Хүний хөгжил сангийн мөнгийг ХААН банк тараахаас татгалзсан тул НХХЯ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар шийдвэр гаргаж уг мөнгийг тараах эрхийг Хадгаламж банкинд шилжүүлсэн нь сүүлийн хэдэн өдөр чамгүй хэл ам тариад амжлаа. Энэ талаар зөрүүтэй мэдээллүүд хэвлэлээр гарч, хүмүүсийн толгойг эргүүлээд эхэлсэн. Тиймээс яриа хөөрөөний гол цөм болсон хоёр банкны гүйцэтгэх захирлаас үүссэн нөхцөл байдлын талаар тодруулж байр суурийг нь уншигчиддаа хүргэхээр шийдсэн юм.

ХААН банкны гүйцэтгэх захирал Саймон Моррис хэдийгээр Монголд байгаа ч яг энэ асуудлаар ярилцлага өгөх боломжгүй гэдгийг тус банкны Маркетингийн хэлстийн захирал М.Чанцалмаа мэдэгдсэн. “Тэгээд ч Саймон захирал өнөөдөр урьдчилан төлөвлөсөн уулзалттай” хэмээн татгалзаж буйгаа дуулгалаа.

Харин Хадгаламж банкны гүйцэтгэх захирал Л.Бадамцэцэг хэвлэлээр цацагдаж буй зөрүүтэй мэдээлэлд нэг мөр ойлголт өгөх нь зөв хэмээн ярилцахыг зөвшөөрсөн юм.

-Хүний хөгжил сангийн мөнгийг иргэдэд олгох үйлчилгээнээс ХААН банк татгалзсаны улмаас Хадгаламж банк олгох болсон гэдэг үнэн үү?

– Үнэн, манай банк энэ оны долдугаар сарын 8-ны өдөр Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай гэрээ байгуулсан. Уг гэрээнийхээ дагуу өмнө  нь ХААН банкаар иргэдэд олгож ирсэн хүний хөгжлийн сангийн мөнгийг өөрсдийн салбар, нэгжээр дамжуулан олгохоор болсон. Долдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн манай банк 21000 төгрөгийг олгож эхлээд байгаа.

– Та сая Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай гэрээ байгуулсны дагуу олгож байгаа гэлээ. Гэтэл ХААН банк энэ үйлчилгээнээс татгалзаагүй байхад Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас танай банкинд шилжүүлсэн гэсэн тайлбарыг ХААН банкны зүгээс өгөөд байгаа шүү дээ?

– Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас ХААН банкаар дамжуулан хүргэж байгаа хувь хишиг тараах үйлчилгээг танай банк аваач гэсэн хүсэлтийг бидэнд 2011 он гарсаар удаа дараа тавьсан. Тухайн үед бид боломжгүй гэсэн хариултууд өгч байсан юм. Учир нь үнэхээр ч боломжгүй байсан. ХААН банк нь энэ оны долдугаар сараас Улаанбаатар хотын 31 хорооны 267 мянга, 10 аймгийн 55 багийн 59 мянган хүнд Хүний хөгжил сангийн мөнгийг олгохгүй гэж мэдэгдсэнтэй холбогдуулан энэ оны тавдугаар сарын эхээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаман дээр 13 банкны удирдлагыг дуудаж, энэ үйлчилгээг бүх банкаар жигд тараах хүсэлт тавьсан.

Тэр уулзалт дээр аль ч банк яамны саналыг хүлээж аваагүй. Манайх ч аваагүй. Учир нь Хадгаламж банк Улаанбаатар хотод 487.000 хүн буюу хишиг хувь авагчдын 58 хувьд, орон нутагт 43 хувьд үйлчилдэг болохоор бидний ачаалал өндөр байсан. Тэр уулзалтын дараа буюу зургадугаар сарын сүүлчээр Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас манай банкинд дахин хандаж, “ХААН банкны татгалзаад байгаа хороо, багуудад танай банк  л хүний хөгжлийн сангийн мөнгийг тавьж олгох боломжтой юм байна, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд төрийн байгууллагатай хамтарч ажиллаач” гэдэг санал тавьсан. Төрөөс манай банкинд итгэж найдан хүсэлт тавьж байхад хүлээн авах нь зүйтэй гэж банкны удирдлага шийдсэн. Ер нь товчхондоо хэлэхэд, ХААН татгалзсан, манайд болон бусад банкинд санал тавьсан, бүгд татгалзсан, манай банкинд дахин хүсэлт тавьсан, бид хүлээн авсан. Үйл явдал ийм л дарааллаар болсон, дарааллыг нь сольж яриад хүмүүсийн толгой эргүүлээд хэрэггүй юм.

– ХААН банк зөвхөн 31 хорооноос татгалзсан, тэрнээс бүгдээс нь татгалзаагүй гээд байгаа шүү дээ?

– ХААН банкны буцааж байгаа хороо баг нь хүн амын нягтрал ихтэй, ачаалал өндөртэй газрууд байсан. Тиймээс бид ачаалал их бага гэж ялгахгүй бүх баг хороодод үйлчлэх санал тавьсан. Яам, Хөдөлмөр  халамж үйлчилгээний газраас ачаалал багатай хороодыг ч гэсэн танайд шилжүүлж болно, тэгвэл танайх энэ үйлчилгээг үзүүлж чадах уу гэсэн асуудал яригдаад бид дараах тохиролцоонд хүрсэн. Хөдөлмөр, халамж нийгмийн  үйлчилгээний  шугамаар иргэдэд олгодог хүний хөгжлийн сангийн мөнгө, тэтгэвэр, халамжийн мөнгийг нэг цэгээс цогцоор нь  манай банкны салбар, нэгжүүдээр олгохоор бол бид энэ үйлчилгээг нийтэд нь шилжүүлж авч гүйцэтгэе гэж тохиролцсон.

– Ер нь энэ асуудлыг яагаад заавал танайхтай ярьсан юм бол?

– Иргэдэд халамж, тэтгэврийн мөнгийг олгох үйлчилгээг хийхийн тулд банк нь аймаг, дүүрэг, сум бүрт салбар нэгжтэй байх ёстой болж байгаа юм. Ийм хэмжээний салбар нэгжтэй хоёрхон банкны нэг нь манайх. Түүнчлэн манай банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн иргэдийн банкны зах зээл дээр дагнан ажилласан, тэр дундаа тэтгэвэр, халамжийн үйлчилгээг үзүүлж ирсэн болохоор програм хангамж, боловсон хүчин, байршлын хувьд бэлтгэгдчихсэн, цаг хугацаа алдахгүйгээр шууд үйлчилгээ үзүүлээд эхлэх боломжтой байсан.  Бусад банкны хувьд энэ үйлчилгээнд шилжихэд бэлтгэл хангах гэж багагүй цаг хугацаа шаардах, бизнесийнхээ стратеги зорилт, чиглэлийг өөрчлөх гээд нэлээн асуудал байсан байх, тиймээс ч бусад  банк ХААН банкны татгалзсан 300.000 хүнд  үйлчлэх саналыг хүлээн аваагүй болов уу.
 
– Танай банкийг энэ нүсэр үйлчилгээг үзүүлж чадахгүй, иргэдийг дараалалд зогсоож чирэгдүүлэх болно гэсэн шүүмжлэл гарч байгаа. Та энэ талаар юу хэлэх вэ?

– Би түрүүн хэлсэн, энэ үйлчилгээг үзүүлэхийн тулд банк нь юуны өмнө аймаг, дүүрэг, сум бүрт нэгжтэй байх ёстой гэж. Манай банк өмнө нь 26 сумаас бусад бүх сумдад нэгжтэй байсан. Энэ үйлчилгээг бүхэлд нь шилжүүлэн авч ачааллыг жигдрүүлэх, мөн иргэдэд чирэгдэл хүндрэл үүсгэхгүйн тулд Улаанбаатар хотод 16, орон нутагт 56 нийтдээ 72 нэгжийг шинээр нэмж байгуулсан. Ингэснээр өнөөдөр Хадгаламж банк 478 салбар нэгжтэй болоод байна. Мөн 331 ажлын байрыг шинээр бий болголоо. Энэ бол зөвхөн эх орны хишиг хувийн үйлчилгээг олгох теллерийн ажлын байр гэсэн үг.

Халамжийн үйлчилгээг шилжүүлэн авах шийдвэр нэлээн тулгуу гарсан хэдий ч бид наадмын өдрүүдэд ажиллаж, салбар, нэгжүүдийнхээ бэлэн байдлыг хангуулан долдугаар сарын 18-наас эхлэн хүний хөгжлийн сангийг мөнгийг иргэдэд олгож чадлаа. Баяр наадмын цаг давхацсан болохоор манайхаас шалтгаалаагүй сүлжээнд холбогдох, халамжийн хэлтсүүдээс нэрсийг авч, мөнгийг нь нэрийн дансад хуваарилах зэрэг зарим ажил оройтсон тал бий. Үүнтэй холбогдуулан зарим ачаалал, бухимдал үүссэнийг үгүйсгэхгүй. Гэхдээ ачаалал, бухимдал бидний хүлээж байснаас харьцангуй бага, зарим нэг нэгжийг л тооцохгүй бол бараг гарсангүй. Иргэдийг дараалалд зогсоож чирэгдүүлж байна гэвэл энэ нь хишиг хувь олгож байсан аль ч банкинд өмнө нь гарч байсан асуудал. Магадгүй ийм хүндрэлтэй байдгаас болоод ХААН банк татгалзсан байхыг үгүйсгэх аргагүй.  

– 21 мянган төгрөг олгодог болсоноос хойш сард хэдэн өдөр тогтмол банкны гадаа хүмүүс дараалал үүсгэдэг болсон. Ингэж дараалал үүсгэж бухимдахгүй байх ямар боломж гарц байна вэ?

– Дараалал үүсдэг хэд хэдэн шалтгаан байдаг. Иргэд маань бүгдээрээ нэг өдөр мөнгөө бэлнээр авах гэж, эсвэл эхний өдөр л очихгүй бол мөнгө дуусчих юм шиг ойлгодог зэргээс  болоод нэг цэгт олон хүн зэрэг цугларахаар  дараалал үүсч хүмүүсийг бухимдуулдаг. Гэхдээ үүнээс гарах гарц бий. Хүмүүсийн нэрийн дансанд мөнгийг нь автоматаар шилжүүлж, иргэддээ виза карт олгочихвол иргэд маань мөнгөө манай банкны 478 салбар нэгжээс, 122 АТМ-ийн алинаас ч хүссэн үедээ авахаас гадна, виза картаа ашиглаад дэлгүүрээс ч бэлэн бусаар наймаа хийж болно. Бид өмнө нь өөрсдийн үйлчилж байсан хороод дээрээ энэ оочер дарааллын асуудлыг шийдэхийн тулд Улаанбаатар хотод халамжийн 16 касс шинээр байгуулж бусад харилцагчийн үйлчилгээнд саад болгохгүйгээр зохион байгуулсан.  Энэ ажлыг оны эхнээс уйгагүй хийсний үндсэн дээр манай ачаалал оны эхнийг бодвол харьцангуй багассан. Сая мөн 16-г шинээр нэмж байгууллаа. Тиймээс ирэх сараас ачаалал харьцангуй багасч шинээр ирсэн харилцагчид манай зохион байгуулалтад дасч, дараалал, бухимдал ч бас багасах болно гэдэгт итгэлтэй байна.

– Дампуурах гэж байсан найдваргүй банкинд энэ үйлчилгээг шилжүүлсэн гэх яриа бас мэр сэр сонсогдоод байгаад та юу хэлэх вэ?

– Банк дампуурна гэдэг нь баясаж хөөрөөд, тэр тусмаа зөгнөж мөрөөдөөд ч байх сайхан зүйл ерөөсөө биш. Нэг талаасаа банкны дампуурал нь зөвхөн тухайн банкны асуудал болдоггүй, улс орны эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж, банкны салбарын хөгжил, рейтингийг доош нь татдаг аюултай асуудал, улмаар хор хохирол нь төрийн,  бүр цаашилбал татвар төлөгчдийн нуруунд үүрэгддэг сөрөг үр дагавар ихтэй. Нөгөө талаасаа аливаа банк дампуурна гэдэг өрсөлдөгчийнх нь юм уу, эсвэл өөр хэн нэгний хэлж ярьсанаар болдог ч зүйл биш. Энэ яриа хаанаас гараад байгааг бид мэдэж байгаа, тиймээс ингэж ярих нь маш хариуцлагагүй, улс оронд хорлонтой үйлдэл шүү гэдгийг энэ дашрамд хэлчихье.   

Манай банк нь санхүүгийн болоод төлбөрийн чадварын хувьд ямар ч асуудалгүй, үйл ажиллагаагаа хэвийн, найдвартай явуулж байгаа гэдгийг энд албан ёсоор хэлье. Манайх Хадгаламж болон Монгол шуудан гэсэн төлбөрийн чадварын хувьд хүндэрсэн хоёр банкийг өнгөрсөн 2010 оны гуравдугаар сард бүтцийн өөрчлөлт хийсний үндсэн дээр нэгтгэн авч, цоо шинээр өөрчлөгдөн үйл ажиллагаагаа явуулж буй банк.

– Хүндэрсэн хоёр банкийг нэгтгэж байгуулсан учраас тийм хардлага байж болох юм?

– Урьдах банкуудаас бидэнд уламжлагдан ирсэн муу активууд байсан. Эдгээр муу активууд, алдагдлыг бид төрд ачаа болохгүйгээр, бүтцийн өөрчлөлтийн хүрээнд хариуцан барагдуулахаар Монголбанктай хөтөлбөрт хугацаа тохирон ажиллаж байгаа. Энэ алдагдлыг өөрийн нуруун дээр үүрэхээр болсон нь манай хувьд банкийг эрүүлжүүлж, үндэсний хэмжээний хүчирхэг банк болгоно гэсэн зорилгодоо итгэж  гаргасан шийдвэр. Бас монгол хүнийхээ хувьд улс орноо бодож гаргасан нийгмийн хариуцлагатай шийдвэр байсан. Энэ бүтцийн өөрчлөлт нь  хувийн хэвшил төрд буюу татвар төлөгч нарт дараа бололгүйгээр банк санхүүгийн системд тулгарч байсан ачааллыг өөртөө үүрч асуудлыг шийдсэнээрээ Монголын банкны системийн түүхэнд тэмдэглэхүйц явдал гэж банк санхүүгийн шинжээчид үнэлж байгаа.

– Чухам хэдий хэрийн алдагдлыг банк өнгөрсөн хугацаанд нөхөв?

– Бид 2010 онд хувь нийлүүлэгчдийн хөрөнгө болон өөрсдийн ашгаараа 20 тэрбум төгрөгийн алдагдлыг үүрсэн. Энэ бол банкны эрүүлжүүлэх хөтөлбөрийн нэг байсан. Банк маань он гарсаар 1,1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа. Гэхдээ бидний гол зорилго өндөр ашиг биш. Бид олсон ашгаараа эргээд энэ банкийг хөл дээрээ бат зогсож ажиллахад шаардлагатай боловсон хүчний чадавхийг сайжруулах,  шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад зарцуулж байгаа. Наад захын жишээ бид энэ онд 2000 гаруй компьютераа шинэчилж. 70 АТМ машин худалдан авч суурилууллаа.

– Танай банкийг Оросын хөрөнгө оруулалттай гэж яригдаад байдаг?

– “Өдрийн сонин”-ны өнөөдрийн дугаарт манай талаар дэндүү худлаа мэдээлэл гарсан байна лээ. Энэ худлаа мэдээллийг энд ярилцлага өгөх далимдаа залруулчихъя. Хадгаламж банк анх төрийн мэдлийн банк байж байгаад 2006 онд хувьчлагдсан. Хувьчлалд Чингис хаан банк, Монгол даатгал компани болон Оросын Народный Братский банк хамтарч “Эм Ди Секьюритис” ХХК-ийг байгуулан оролцоод ялж, “Эм Ди Секьюритис” ХХК нь Хадгаламж банкны хувьцаа эзэмшигч болсон. 2007 онд “Эм Ди Секьюритис” ХХК-ийн хувьцааг Оросын Коалка групп 100% худалдан авсан. Өөрөөр хэлбэл Хадгаламж банкны шууд хувьцаа эзэмшигч нь “Эм Ди Секьюритис” ХХК хэвээр байгаад харин “Эм Ди Секьюритис” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдсөн гэсэн үг.

– “Эм Ди Секьюритис” гэж Монголын компани уу?

– “Эм Ди Секьюритис” ХХК Монгол улсад байгуулагдсан, “гадаадын хөрөнгө оруулалттай” гэсэн статусаар бүртгэлтэй компани юм. Ноднин буюу 2010 оны эхээр “Эм Ди Секьюритис” ХХК-ийн хувьцааг Оросын Коалка группээс Монголын иргэн Ш.Батхүү 100 хувь худалдан авсан. Ингэснээр Хадгаламж банк нь 100 хувь Монголчуудын мэдэлд буцаж ирсэн. 2009 оны 10-р сард Монгол шуудан банкны 97.56 хувийн хувьцаа эзэмшигч хувьцаагаа заръя, Хадгаламж банкинд үйл ажиллагаагаа нэгтгэе гэж хүсэлт тавьсан. Хадгаламж банкны хувьцаа эзэмшигч нь Монгол шуудан банкны энэхүү санал болгосон 97.56 хувийн хувьцааг худалдан авахаас гадна үлдсэн 2.4 хувийн хувьцааг ч худалдан авч, нэгтгэх үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ нь 2010 оны 3-р сарын сүүлээр дуусч, Монгол шуудан банкны пассив, актив, тэдгээрийн шаардах эрх нь Хадгаламж банкинд бүтцийн өөрчлөлтийн хүрээнд шилжсэн буюу өөрөөр хэлбэл Монгол шуудан банкны бүх сайн муу зээл Хадгаламж банкинд шилжин ирж “Монгол шуудан банк” ХХК нь татан буугдсан гэсэн үг. Манай банк нь Монгол хөрөнгө оруулагчтай, түүнчлэн банкны удирдлагын баг нь дан Монгол менежерүүдээс бүрдсэн, улс орны өнцөг булан бүрт хүрч үйлчилсэн салбар, нэгжтэй, иргэдийн банкны зах зээл дээр тухайлан ажиллаж байгаа Үндэсний банк гэж энд тодруулж хэлэх байна.

– Ярилцлагынхаа сүүлчийн асуултыг танд үлдээе?

– Хадгаламж банк нь иргэдийн банкны үйлчилгээг дагнан үзүүлж ирсэн, цаашдаа ч энэ зах зээлдээ үйл ажиллагаагаа тууштай үргэлжлүүлэх болно. Банкны үйлчилгээ нь нийгмийн зөвхөн мөнгөтэй хэсэгт үйлчилдэг байгууллага бус, харин нийгмийн эд хэсгүүдийн хоорондох, тэр дундаа иргэдийн нийгэм дэх санхүүгийн төлбөр тооцоо болон бусад санхүүгийн харилцаанд зуучлагч болдог тийм л байгууллага байх, тийм үйлчилгээг бий болгохыг бид зорьж ажиллаж байгаа. Ямар ч иргэнд банкны үйлчилгээ авах хэрэгцээ байдаг, байсаар ч байна. Жишээ нь, Улаанбаатар хотын иргэд гэхэд байр сууц, цахилгааны төлбөр гээд сар тутам тогтмол төлбөрүүд хийдэг, түүнийгээ цаг хугацаанд нь марталгүй хийж байх нь тэдэнд бас л асуудал болдог. Хөдөө орон нутгийн сумдад байгаа иргэдэд Улаанбаатар хотод байгаа хүүхдэдээ мөнгө шилжүүлчих гээд банкны салбарыг зорих хэрэгцээ байнга л байна. Энэ мэтчилэн иргэдэд банкны ямар үйлчилгээ шаардлагатай байгааг бид судалж, түүнийг хэрхэн яаж, хялбараар хүргэж болох тал дээр бид тухайлан ажиллаж байна. Энэ онд бид Улаанбаатар хотод биллингийн үйлчилгээг шинээр нэвтрүүллээ. Үүнийгээ бусад аймгийн төв, том хотод нэвтрүүлнэ.  Хадгаламж банкны биллингийн үйлчилгээнд хамрагдсанаар нийслэлийн  иргэд байр сууцны төлбөр, цахилгаан, суурин утасны төлбөрөө банкны салбар дээр ирэхгүйгээр сар бүр тогтмол хийгээд байх боломжтой болсон. Мөн банкны салбарт ирэлгүйгээр мобайл банк, мессеж банк, интернет банкны үйлчилгээг бүрэн авах боломж бүрдсэн.  Эдгээр үйлчилгээг авснаар иргэд гар утаснаасаа эсвэл хаа байгаа газраасаа интернэтээр төлбөр тооцоогоо гүйцэтгэж, төлбөр тооцооныхоо мэдээллийг гар утасны мессеж болон и-мэйлээр  авч байх боломжтой боллоо. Энэ мэтчлэн бид цаашдаа  харилцагчдынхаа цаг завыг хэмнэсэн, тэдний эрэлт хэрэгцээг хангасан, орчин үеийн технологид суурилсан олон шинэ бүтээгдэхүүн гаргаж, иргэддээ үйлчлэх болно. Бид байнга харилцагчдаа сонсож ажиллах бөгөөд та бүхний хүсэл сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлэх нь л манай эцсийн зорилго байх болно гэдгээ хэлэхэд таатай байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж