Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр арванхоёрдугаар сарын сүүлийн арав хоногоос хүйтний эрч эрс чангарч, зарим нутгаар -45-50 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна. Хүйтэн Монгол орны хойд бүсийг илүүтэй чиглэх аж.
Шадар сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, донор байгууллагын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ энэ тухай онцолсон юм.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 13 аймгийн 110 суманд өвөлжилт хүндэрсэн, зарим суманд мал бэлчээрлэх боломжгүй, малчид эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй зэрэг хүндрэлтэй байгаа аж. Тухайлбал, Ховд аймгийн баруун тал, Хөвсгөлийн хойд талын сумд, Увс аймгийн зүүн хэсэг, Завхан аймгийн хойд талаар цас их хэмжээгээр орсноос зарим газарт цасны зузаан 90 см-т хүрчээ. Цас ихээр орсон газар мал бэлчээрлэх боломжгүй болсон байна. Хүйтний эрч эрс чангарах нь малд их халтай аж. Учир нь их хүйтэн нь малын тарга тэвээрийг асар богино хугацаанд алдуулдаг байна. Иймээс хаа, хаанаа бэлтгэлээ сайн базаах нь чухал аж.
Цас ихээр орсон газруудад мал бэлчээрлэх боломжгүй тул зарим сумын малчид отор хийн одоо ч нүүдэл үргэлжилж байна.
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр улсын хэмжээнд 60.8 сая толгой мал өвөлжих бол отрын бүс нутагт 16.7 сая толгой мал өвөлжинө. Мөн отрын бүс нутагт 2500 орчим жирэмсэн эмэгтэй, 2600 гаруй 0-5 насны хүүхэд байна.
Г.ХОРОЛ