Түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэж буй Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны хамт олон өнөөдөр Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд, спортын сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа.
Хамтран ажилладаг спорт холбоодтойгоо хийж буй уулзалт, 60 жилийн ойн медаль гардуулах ёслол үүгээр өндөрлөж байна.
Спортын сэтгүүлчдийн ажил олимп, олимпизм, үндэсний олимпийн хорооны үйл ажиллагаатай нягт холбоотой. Тэр утгаараа МҮОХ Монголын спортын сэтгүүлчдийг дэмжих, тэднийг сургалт, мэдээллээр хангах, Олон улсын олимпийн хорооны ивээл дор болдог тэмцээн, наадам, олимп сурвалжлахад зохих дэмжлэг үзүүлэн ажилладаг билээ.
Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч А.Тамир уулзалтын үеэр МҮОХ-ны хамт олонд баяр хүргэж, спортын сэтгүүлчдийн мэдлэг, боловсрол, спортын наадам сурвалжлах боломжийг дэмжин ажилладагт талархал илэрхийлэн, нийт гишүүдийн өмнөөс “Талархал” гардуулав.
Бүтэн жилийн турш үргэлжилсэн МҮОХ-ны 60 жилд зориулсан арга хэмжээ, зорилтот ажлууд арванхоёрдугаар сарын 21, 22-нд болох ойн нэгдсэн хурал болон Эрдэм шинжилгээний бага хурлаар өндөрлөнө.
Харин арванхоёрдугаар сарын 23-нд МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслол болно.
Б.ЭНХ