Дональд Трампын “цагаан кабинет”

Хуучирсан мэдээ: 2016.12.19-нд нийтлэгдсэн

Дональд Трампын “цагаан кабинет”

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын удирдлага дор ирэх дөрвөн жилд ажиллах танхимын гишүүдийг ирээдүйн ерөнхийлөгч өөрөө голчлон сонгожээ. Кабинетийн 20 гаруй албан тушаалтныг сонгон нэрлэчихсэн энэ үед танхимын бүрэлдэхүүнийг харвал гол төлөв хижээл насны, эрэгтэй, цагаан арьстан, дийлэнх нь өөрсдийгөө эрсдэл үүрэгч, гэрээ хэлцэл байгуулагч хэмээн нэрийддэг чинээлэг эрхмүүд байгаа юм. Түүнчлэн дийлэнх нь Трампыг дэмжигчид ажээ.

Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт Төрийн нарийн бичгийн даргын албанд ExxonMobil-ын гүйцэтгэх захирал Рекс Тиллерсоныг нэрлэснээр Дональд Трамп хамгийн чухал нөлөө бүхий дөрвөн гол салбарыг удирдах эрхмүүдийг сонгоод байна. Одоо Сенат түүний сонголтыг баталгаажуулбал Трампын бүрдүүлэх кабинетийн тэргүүн эгнээний томилгоо нь бүгд цагаан арьстай эрчүүд болох ажээ. 1989 онд “Том” Буш ийм байдлаар багаа бүрдүүлснээс хойшхи анхны тохиолдол нь Трамп болж байгаа гэнэ. Тиймдээ ч АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчийн энэ сонголтыг “Цагаан кабинет” хэмээн барууны хэвлэлүүд онцолж байна.

“Цагаан кабинет”-ийг бүрдүүлж буй гол дөрвөн томилгоог танилцуулбал,

  • ExxonMobil-ын Рекс Тиллерсон Америкийн гадаад бодлогыг зангидаж, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах бол,

  • Тэтгэвэртээ гарсан генерал, Төв командлалын командлагч асан Жеймс Маттис Батлан хамгаалахын нарийн бичгийн даргаар,

  • Алабама мужийн сенатч Жефф Сешнс Ерөнхий прокурор,

  • “Голдмэн Сакс”-ын банкир асан Стив Мнючин Төрийн сангийн нарийн бичгийн даргаар тус тус сонгогдоод байгаа юм.

Рекс Тиллерсон /Төрийн нарийн бичгийн дарга/

Стивен Мнючин /Төрийн сангийн нарийн бичгийн дарга/

Жефф Сешнс /Ерөнхий прокурор/

Жеймс Маттис /Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга/

Тэдгээр дөрвөн эрхэм дөрвүүлээ цагаан арьстан. Харин Обамагийн засаг захиргаанд тэргүүн эгнээний энэ дөрвөн албанд афро-америк Эрик Холдер Ерөнхий прокуророор, мөн Төрийн нарийн бичгийн даргаар эмэгтэй хүн ажиллаж байсан нь Хиллари Клинтон билээ. Түүнчлэн Жорж Бушийн бүрэн эрхийн хугацаанд генерал Коллин Пауэлл Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон нь тус улсын түүхэн дэх анхны афро-америк гаралтай топ дипломатч болсон юм.

Өнөөг хүртэлх хугацаанд зарлагдаад буй Трампын 18 улс төрийн томилгооны 14 нь цагаан арьстан, тэдгээрийн 12 нь эрэгтэй хүн сонгогджээ. Тэдний дунд латин гаралтай хүн байхгүй. Харьцуулахад, Обамагийн засаг захиргаанд 11 цагаан арьстан, тэдний долоо нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй, мөн латин гаралтай нэг, афро-америк гурван эрхэм багтсаны хоёр нь эмэгтэйчүүд байжээ.

Сонгуулийн кампанийн хугацаанд нэг бус удаа “арьс өнгөөр ялгаварлагч” хэмээн цоллуулж байсан Трампын сонголтод багтсан цорын ганц афро-америк сайд нь Хот байгуулалт, хөгжил хариуцсан нарийн бичгийн дарга Бен Карсон. Томилгоонд багтсан дөрвөн эмэгтэй нь

  • Бүгд Найрамдах намын “донор”, тэрбумтан Бетси ДеВос,

  • Түргэн хоолны сүлжээний эзэн, тэрбумтан Энди Пюздер,

  • Тэрбумтан бизнесвумен Вилбур Росс нар ажээ.

Трампын сонгосон өнгөт арьстан гурван эмэгтэй байгаа нь

  • Өмнөд Каролина мужийн захирагч, энэтхэг-америк гаралтай Никки Хейли НҮБ-д АНУ-ыг төлөөлөх бол,

  • Тайваньд төрсөн Элайн Чой Тээврийн салбарыг тэргүүлэхээр,

  • Энэтхэгийн цагаачийн охин Сийма Верма нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний төвийн даргаар тус тус сонгогдсон байна.

Трампын засаг захиргаанд аюулгүй байдлыг сахих үйлст Жеймс Маттисын хамтаар мөн л цагаан арьстан эрчүүд хүчин зүтгэхээр болжээ. Тодруулбал,

  • Тэтгэвэртээ гарсан генерал Жон Келли Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн дарга,

  • Канзас мужийн ИТХ-ын төлөөлөгч Майк Помпео Тагнуулын төв газрын дарга,

  • Тэтгэвэртээ гарсан армийн дэслэгч генерал Майкл Флинн Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр тус тус сонгогдоод байна.

Мөн тэрбумтан эмэгтэй Линда МакМэйон Жижиг, дунд бизнесийн хорооны даргын албанд сонгогджээ.

Бүгд найрамдахчууд намын үзэл баримтлалдаа үнэнч тууштай, боловсон хүчин сайтай гэдгийг ялалтын үгэндээ нэг бус онцлон дурдсан Дональд Трамп шинэ кабинетаа шилдэг боловсон хүчнээр бүрдүүлнэ гэсэн юм. Трамп засгийн газрын нийт 4000 гаруй албанд томилгоо хийх ёстой. Үүнээс кабинетийн албан тушаалтнуудыг Сенат батламжлах бол бусад нь цэвэр ерөнхийлөгчийн сонголт байх юм. Сануулахад, 2017 оны нэгдүгээр сарын 20-нд Дональд Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөх бөгөөд түүнээс өмнө буюу нэгдүгээр сарын 19 гэхэд шинэ танхимаа бүрдүүлэх учиртай.

Одоогоор түүний засаг захиргаанд ажиллах чухал чухал албан тушаалтнуудын нэрс хэдийн тодроод байна. Түүний улс төрийн томилгоотой танилцъя.

КАБИНЕТИЙН ГИШҮҮД:

  • РЕКС ТИЛЛЕРСОН – Төрийн нарийн бичгийн дарга

  • СТИВЕН МНЮЧИН – Төрийн сангийн нарийн бичгийн дарга

  • ЖЕЙМС МАТТИС – Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга

  • ЖЕФФ СЕШНС – Ерөнхий прокурор

  • РЬЯН ЗИНК – Дотоод хэргийн нарийн бичгийн дарга

  • ВИЛБУР РОСС – Худалдааны нарийн бичгийн дарга

  • ЭНДРЬЮ ПЮЗДЕР – Хөдөлмөрийн нарийн бичгийн дарга

  • ТОМ ПРАЙС – Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын нарийн бичгийн дарга

  • БЕН КАРСОН – Хот төлөвлөлт, хөгжлийн нарийн бичгийн дарга

  • ЭЛАЙН ЧОЙ – Тээврийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга

  • РИК ПЕРРИ – Эрчим хүчний нарийн бичгийн дарга

  • БЕТСИ ДЕВОС – Боловсролын нарийн бичгийн дарга

  • ЖОН КЕЛЛИ – Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн дарга

  • МИК МАЛВАНИ – Төсвийн зарцуулалтын хорооны дарга

КАБИНЕТИЙН БУС ГИШҮҮД:

  • РЕЙНС ПРЕБУС – Тамгын газрын дарга

  • СКОТТ ПРЮТТ – Байгаль хамгаалах агентлагийн дарга

  • НИККИ ХЭЙЛИ – НҮБ дахь АНУ-ын Элчин сайд

  • ЛИНДА МАКМЭЙОН – Жижиг, дунд бизнесийн хорооны дарга

  • СТИФЕН БЭННОН – Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх

  • МАЙКЛ ФЛИНН – Үндэсний аюулгүй байдлын зөвлөх

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж