Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!-35

Хуучирсан мэдээ: 2016.12.19-нд нийтлэгдсэн

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!-35

…Зургаан сая шахам хэрэглэгчтэй, олон арван аялгуутай, кирил, монгол хос бичигтэй амьд хэлээ мөхлөө гэж халаглавал амны бэлгэгүй зүйл болно. Тэгээд тогтохгүй адтай еврейчүүд шоолно шүү, биднийг. Яагаад гэвэл Бен-Ехуда гэх еврей эр шашны номон дээр л байхаас хүмүүс ярихаа болиод 100 жил болсон иврит буюу еврей хэлээ амилуулжээ. Улмаар 1948 онд Израйл улс тусгаар тогтнохдоо албан ёсны хэлээ болгосон. Өнөөдөр энэ хэлээр найман сая орчим хүн ярьдаг гэнэ. Мундаг байгаа биз! Бен-Ехуда ганцаараа хийчхээгүй нь мэдээж. Ард түмний сэтгэл, хүчин зүтгэлээр амилсан байж таараа, энэ хэл. Эзэнд нь ихийг хийх хүсэл, сэтгэл байвал болохгүй юм байдаггүйн өөдрөг сайхан жишээ энэ.

Эзэн сууж, ил далдаас удирддаг гүрэн л хэлээ шахдаггүйг бид өөрсдөө харуулсан. Манжийн дарангуйлалд хоёр зуу гаруй жил байхдаа эх хэлээ мартах нь байтугай “эзэн” манж нар монгол бичигт үндэслэн үсэг, бичгээ зохиосон бахархам түүх биднийх. Бид болохгүй бүхнээ далан зургааруу чихчихдэг муухай зантай. Далан зургаа “Монгол хэлний хууль”-аа батлаад хийх юмаа хийчихсэн. Одоо эх сайхан хэлээ мохоохгүйн тулд хэн хүнгүй эрвийх дэрвийхээрээ зүтгэх л үлдсэн. Хэн яаж зүтгэх вэ?…

“Егөөтэй 99 тайлбар” номын
“Хэрүүлийн тэнгэр хүмүүсийн дунд алим шиднэ,
монгол хүн нохдын дунд яс хаяна” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж