Хорьдугаар зууны Монгол улсын шашин, төрийн нэрт зүтгэлтэн Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Башлуу овогт Дилов хутагт Жамсранжавын чандар буюу лагшин биеийн адистид Их шүтээнийг АНУ-аас залах хүндэтгэлийн үйл ажиллагаа гал бичин жилийн өвлийн дунд сарын шинийн 10-ны билэгт сайн өдөр Улиастай хотод боллоо.
АН-ын даргад нэр дэвшигчдийн бүртгэлийг арванхоёрдугаар сарын 12-17-ны өдрийн 16.00 цагт товлосоны дагуу нийт зургаан нэр дэвшигчийг бүртгэж, дуусгалаа. Энэ удаагийн намын даргын сонгуульд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, АН-ын гишүүн М.Чимэддорж нарын хүмүүс намын даргын сонгуульд оролцох эрхтэй боллоо.
Харин Ардчилсан намын даргад өрсөлдөхөө хамгийн түрүүнд мэдэгдэж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаа хүлээлгэн өгсөн П.Цагаан нэрээ татжээ.
Индонезийн нисэх хүчний “Hercules C-130” нисэх онгоц өнөө өглөө орон нутгийн цагаар 06.35-д Папуа мужид осолдож, нисэх багийн гурван хүн, 10 цэрэг амь үрэгджээ. Ослын шалтгаан цаг уурын таагүй байдлаас болсон байх магадлалтай гэж нисэх хүчний дарга Агус Суприатна мэдэгдсэн байна.
Хөдөө аж ахуйн биржийг “Гаалийн” гэх тодотголоор олонд танигдсан Х.Баатар удирдахаар болжээ. Хэд хоногийн өмнө Хөдөө аж ахуйн биржийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, дээрх шийдвэрийг гаргасан байна.
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж элэгний С вирусын таван эмэнд хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Тодруулбал, Харвони, Ледвир, Ледифос, Гесинат Эл Пи, Вирпас зэрэг таван төрлийн эмийн үнээс 210 төгрөгийг тус бүр хөнгөлөхөөр болсон. Өнгөрсөн есдүгээр сарын 9-өөс хойш энэхүү таван эмийг худалдаж авсан иргэд эм худалдаж авсан үнээсээ 210 мянган төгрөгөө хасуулж, үнийн зөрүүг нөхөж авах боломжтой юм байна.
Төгрөгийн мөнгөн тэмдэгтийг 35 хүртэлх насны компьютер, график, дизайн чиглэлийн мэргэжилтэй залуус бүлэглэж, хэвлэдэг болохыг цагдаагийнхан илрүүлсэн байна. Одоогоор нийт 15 сая төгрөг бүхий мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн гурван бүлэг этгээд буюу 10 гаруй залуусыг баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн прокурор руу шилжүүлжээ.
Нийслэлтэй засмал замаар холбогдсон, улсын наадмын морины уралдаан болдог газарт орчин үеийн цанын бааз барих нь алсдаа жуулчдыг татах нэг боломж гэж албаныхан үзэж байгаа. Жуулчдыг татах эхний бүтээн байгуулалт нь "UB RESORT" цанын бааз юм. Цанын бааз туршилтын журмаар ажиллаж эхэлснийг өнгөрсөн баасан гаригт "Монгол наадам цогцолбор"-ын орлогч дарга Я.Болдбаатар мэдээллээ.
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр арванхоёрдугаар сарын сүүлийн арав хоногоос хүйтний эрч эрс чангарч, зарим нутгаар -45-50 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна. Хүйтэн Монгол орны хойд бүсийг илүүтэй чиглэх аж.