Монгол Улсын нийт нутгийн 70 хувь зудын эрсдэлтэй, 13 аймгийн 110 суманд өвөлжилт хүндэрсэн тухай Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн хамгийн сүүлийн зураглалд тусгажээ. Ийнхүү өвөлжилт хүндэрч болзошгүй болсон тул Монгол Улс олон улсын тусламж авахаар болсон байна. Энэ тухай өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад үйл ажиллага явуулж буй олон улсын болон донор байгууллагуудын удирдлагыг Шадар сайд Ү.Хүрэлсүх хүлээн авч уулзах үеэр хэлэлцсэн байна. Хүмүүнлэгийн багийнхны зүгээс энэ үеэр олон улсын байгууллагад тусламж авах хүсэлтээ тавьсан байна. Албаныхны мэдээлж буйгаар Монгол Улс олон улсын тусламж авахаар болсноо маргааш албан ёсоор зарлах аж.
Нэн тэргүүнд тусламжийг нутгийн хойд талын аймаг, сумын малчдад хүргэх шаардлагатай байгаа гэлээ. Баруун болон зүүн хойд нутагт өвөлжилт хүндэрч буйг онцолсон байна.
Орон нутагт хийсэн судалгаагаар Онцгой байдлын анги, байгууллага, хүн эмнэлгийн болон цагдаагийн тасагт автомашиныг нэмэгдүүлэх, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, зам талбайг цаснаас чөлөөлөхөд шатах, тослох материалын дэмжлэг үзүүлэх, шуурхай ажлын хэсэг томилох, гарах зардлыг шийдвэрлэх, малын гоц халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эм, био бэлдмэлийн нөөц нэмэгдүүлэх, шатахуун халаалт, засвар үйлчилгээний зардал, бүсийн оношлогоо эмчилгээний төвийг компьютер, томографын аппаратаар хангах шаардлагатайг тогтоожээ.
Б.ЗАЯА