С.Зоригийн хэргийн шинэ нөхцөл байдал

Хуучирсан мэдээ: 2016.12.19-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

С.Зоригийн хэргийн шинэ нөхцөл байдал

Монголын ардчиллын 26 жилийн түүхэнд тохиолдсон хоёр хар үйл явдал бол 1998 онд бусдын гарт хэрцгийгээр амь үрэгдсэн Санжаасүрэнгийн Зориг агсны хэрэг, нөгөөх нь таван хүний амийг авч одсон 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг. Монголын нийгмийг социалист дэглэмээс ардчилсан нийгэм болгох их үйл хэргийн оюун санааны эцэг нь байж, ямарваа нэг хүчирхийлэлгүйгээр ардчилсан шилжилтийг хийж чадсан их гавьяа С.Зоригт хаяглагддаг. Тухайн үедээ УИХ-ын гишүүнээр сонгогдон, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-ны Баасан гаригийн орой гэртээ хүнд олон удаа хутгалуулан хөнөөгдсөн мэдээ нийгмийг цочроосон. Хэргийн цорын ганц гэрч, тухайн үед С.Зоригтой хамтран амьдарч байсан Б.Булган хэргийг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн үйлдсэн, тэд нэг нэгнийгээ Бат, Оюун нэрээр дуудсан, “Эрдэнэт”-ийн хариу, дараачийнх нь Бат-Үүл гэсэн мэдүүлгээс илүү мэдээллийг хэрэг гарснаас хойших 18 жилийн дотор монголчууд сонссонгүй. Харин одоогоос нэг жилийн өмнө хэргийн гэрч Б.Булганыг баривчлан саатуулсан мэдээлэл цацагдаж, дараахан нь мөн энэ хэрэгтэй холбоотой эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг мөн баривчлан саатуулсан гэдгийг холбогдох албаныхан нотолсон.

Харин өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт С.Зориг агсны хэргийн анхны шүүх хурал товлогдсон нь дуулиант мэдээлэл байлаа. Сүр дуулиантай эхэлсэн шүүх хурал ердөө нэг цаг гаруй үргэлжлээд энэ долоо хоногийн Лхагва гариг буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан. Шүүх хурлыг ийнхүү хойшлуулах шийдвэрийг өмгөөлөгчдийн хавтаст хэрэгтэй нэмж танилцах шаардлагатай, мөн зарим хүнийг гэрчээр оруулах саналыг өмгөөлөгчдийн зүгээс ч, шүүгдэгчдийн зүгээс гаргасныг харгалзан үзжээ.

С.Зориг агсны хэргийн сэжигтнээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гурван хүнийг татаад байна. Эдгээр иргэн бүгд Орхон аймгийн харъяат. Одоогоос сар гаруйн өмнө Б.Содномжаргаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хилс хэрэгт хэлмэгдүүлэх гэж байна хэмээн олон нийтэд хандан мэдээлэл хийж байсан. Шүүгдэгчдэд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл буюу Хүнийг санаатай алах зүйлээр ял тулгажээ. Тухайлбал, 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн ялын дүгнэлт үйлдсэн аж. Тулгаж буй ялын зүйл заалтыг дэлгэрэнгүй хүргэвэл,

91 дүгээр зүйл. Хүнийг санаатай алах

91.1.Энэ хуулийн 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

91.2.Хүнийг:

91.2.1.шунахайн сэдэлтээр;

91.2.4.захиалгаар;

91.2.6.өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор;

91.2.10.хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн /энэ хуулийн 93 дугаар зүйл хамаарахгүй/;

91.2.11.бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл;

91.2.12.онц харгис хэрцгий аргаар;

91.2.13.нийтэд аюултай аргаар;

91.2.15.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэсэн заалтуудтай.

Улсын Дээд шүүхээс Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийг шүүхийн практикт хэрхэн хэрэглэх тухай тогтоолыг 2009 онд гаргасан байдаг.

Шүүгдэгчдэд тулгаж буй ялын зүйлчлэлээс харахад С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг нь улс төрийн зорилгогүй, ахуйн шинжтэй аллага гэж үзэж байгаа нь тодорхой байна. Хэрэв улс төрийн зорилготой гэж үзсэн бол Эрүүгийн хуулийн 81 дүгээр зүйлийн 1 буюу “Улс төрийн үйл ажиллагаанд нь саад учруулах, Монгол Улсын засаг төрийг бусниулан доройтуулах зорилгоор улс төр, олон нийтийн үйл ажиллагаатай нь холбогдуулан төр, нийгмийн зүтгэлтний бие махбодид хүнд гэмтэл учруулсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн зүйлчлэх байсан.

Иргэд энэ хэргийн шүүх процессийг анхааралтай ажиглан, хүлээж байна. Өнөөг хүртэл С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг улс төрийн өнгө аястай, улстөрчдийн оноо авах сэдвийн нэг байсаар ирсэн. Сонгууль болгоны өмнө энэ сэдэв хөндөгддөг. Харин албан ёсоор зарлагдсан шүүх хурлын ялын дүгнэлт өнөөг хүртэл энэ хэргийг дагалдаж ирсэн улс төрийн өнгө аясаас салгаж өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж