“Монгол мал” хөтөлбөрийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

“Монгол мал” хөтөлбөрийг дэмжлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс,  хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг дэмжлээ.
Хөтөлбөрт тусгаснаар улсын чанартай мал эмнэлэг байгуулж, малыг эрүүлжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж. Мөн улсын төсвийн гурван хувьтай тэнцэх хөрөнгө оруулалтыг мал аж ахуйн салбарт зарцуулна. Дэлхийн банк болон олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол Улс мал аж ахуйн салбартаа улсын төсвийн нэг хувьд ч хүрэхгүй  хөрөнгө оруулалтыг зарцуулдаг болох нь батлагджээ.
Нөгөөтэйгүүр, Монгол Улс малаа хөлөөр нь, мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох  болоход Дэлхийн мал амьтны хорио цээрийн дэглэмийг хангаж чаддаггүй. Үүнээс болж, мал аж ахуйгаас гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад хүндрэлтэй байдаг аж. Харин эдгээр бэрхшээлийг аль болох шийдвэрлэх хүрээнд “Монгол мал” хөтөлбөрт тодорхой зохицуулалтыг тусгаж өгсөн. Түүнчлэн малчид өрхийн аж ахуйгаас салж, хамтын хөдөлмөр эрхлэн, аж ахуйгаа өөд нь татвал үйлдвэрлэлийн зээл олгохын зэрэгцээ татварын хөнгөлөлт эдлүүлдэг болох гээд эдийн засгийн хөшүүрэг хэрэглэн мал аж ахуйг өөд нь татахаар төлөвлөсөн заалтыг ч тусгаж өгчээ. Гэхдээ гишүүд уг хөтөлбөрт шүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, гадаад зах зээлтэй нь холбох талын заалт тусгалаа олоогүй. Хэдэн онд хэдий хэмжээний толгой малыг хөлөөр нь гадаадад экспортолж, хэдий хэмжээний махыг гаргах талаар тодорхой зорилт дэвшүүлээгүй гэж шүмжлэв. Түүнчлэн малчин малаа эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй тохиолдолд хариуцлага тооцож байх санкцийг энэхүү хөтөлбөрт тусгаж өгөхгүй бол малыг эрүүлжүүлж, гадаадад экспортод гаргана гэдэг үлгэр болно. Өвчтэй малыг гадаадынхан шууд заазалдаг бол манайд харин эсрэгээрээ. Тиймээс энэ мэтчилэн олон зүйлийг эргэж харж, хөтөлбөрт гишүүдийн гаргасан саналыг тусгах  шаардлагатай гэж үзлээ.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж