Ардчилсан нам даргаа нийт гишүүдийнхээ саналаар сонгохоор болж, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ж.Батзандан, УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нар өрсөлдөхөөр болсон. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаа өгч, намын даргад өрсөлдөхөөр мэдэгдээд байсан П.Цагаан, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нар нэрээ татсан юм.
Тэгвэл намын даргад өрсөлдөгчдийн талаар Ардчилсан намынхан өөр өөрсдийн байр сууиа илэрхийлээд эхэлжээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн твиттер хуудаснаа “Намын сунгаанд оролцогч журмын нөхөддөө нэгнээ гүтгэлгүй, гишүүдээ талцуулалгүй эргэж уулзах нүүртэй, шударгаар өрсөлдөхийг уриалж байна” гэж зарласан нь УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжинд хаягласан бололтой.
Учир нь УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин өөрийн албан ёсны хуудастаа Ж.Батзандангийн талаар “Ахыгаа төрийн нарийн болгох гээд АН-ын Засгийг МАН-тай нийлээд унагачихдаг хүн намын дарга болбол өөрөө сайд болох гээд намаа зарчих байлгүй” гэж жиргэсэн юм.
Харин бусад нэр дэвшигчдийн хувьд одоохондоо хэн нэгэнтэй муудалцсан зүйлгүй байна.
Ж.Батзандан гишүүний хувьд Засгийн газраа унагаахад гар бие оролцсон хэргээр гишүүддээ баалуулж мэдэх юм.
Л.ХАЛИУ