Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийн хороо 30 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Намын даргад нэр дэвшигчид албан ёсоор үнэмлэхээ өнөөдөр /2016.12.19/ гардан авсан. Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа арванхоёрдугаар сарын 22-нд албан ёсоор Хэнтий аймгаас эхэлнэ. АН-ын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатараас сонгуулийн үйл явцын талаар тодрууллаа.
-АН-ын даргад нэр дэвшигчдэд тавьсан 240 саяын босго өндөр байна гэх шүүмжлэл байна. Нэр дэвшигчдийн хандивын мөнгийг юунд зарцуулах вэ?
-АН-ын VI их хуралаас намын дүрэмд өөрчөлт оруулсан. Дүрэмд орсон заалтад АН-ын даргын сонгуулийг орон даяар зохион байгуулна гэж заасан. Дүрмийн дагуу хандивын мөнгийг сонгууль зохион байгуулалтын зардал, сонгуулийн сурталчилгааны зардал гэж хоёр хуваасан. Сонгуулийн зардлыг нэр дэвшигчдэд ижил хэмжээтэй хувааж тооцно гэсний дагуу 1,2 тэрбум төгрөгийн зардлыг хувааснаар нэг нэр дэвшигч 240 сая төгрөг хандивлана. Дүрмийн дагуу 200 сая төгрөгөө өгсөн таван нэр дэвшигч 40 сая төгрөг нэмж өгнө.
-Сурталчилгааг ямар хэлбэрээр явуулах вэ?
-Сонгуулийн сурталчилгаа нэгдсэн нэг журмаар явна. Бүх нэр дэвшигчид хамтдаа аймаг, дүүрэг орон нутгаар нэг цаг хугацаанд сурталчилгаа хийнэ. Бусдаасаа салангид, бие даасан сурталчилгаа хийхийг дүрмээр хориглосон байгаа. Сурталчилгааг арванхоёрдугаар сарын 22-нд Хэнтий аймгаас эхлүүлж, улс орон даяар нэгдсэн журмаар зохион байгуулна.
–АН-ын даргын сонгуульд хэдэн хүн санал өгөх вэ, албан ёсны тоо байна уу?
-Ирэх оны нэгдүгээр сард болох АН-ын даргын санал хураалтаас өмнө намын шинэчилсэн бүртгэлийг хийж байна. Энэ шинэчилсэн бүртгэлийг цахимаар хийж байгаа. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан намын татвараа төлсөн бүх гишүүд саналаа өгнө. Өөрөөр хэлбэл, намын дүрмийн дагуу нэг жилийн 1200 төгрөгийн татвараа төлсөн, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан намын гишүүд намын даргын сонгуульд саналаа өгнө. Одоо албан ёсоор 180 мянган гишүүнтэй байгаа. Намын даргын сонгуулийн хажуугаар намынхаа гишүүдийн бүртгэлийг цахимжуулах, шинэчлэх том ажлыг давхар хийж байна.
Ш.ЧИМЭГ