ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Япон улсад хийсэн айлчлал өндөрлөлөө. Путин болоод Японы ерөнхий сайд Шинзо Абэ нарын дээд хэмжээний уулзалтаар талуудад харилцан ашигтай эдийн засгийн болоод батлан хамгаалах, үйлдвэрлэл, соёл боловсрол, эрүүл мэндийн олон төсөл хөтөлбөрт хамтран ажиллахаар тохиролцож, холбогдох бичиг баримтыг үзэглэсэн ч хамгийн ихээр анхаарлын төвд байсан маргаантай газар нутгийн асуудлаар шийдэлд хүрч чадсангүй.
ОХУ-ын Камчаткын хойг болон Японы Хоккайдо арлын завсар орших Курилийн арлууд Оросын эзэмшилд байдаг ч Япон улс өөрийн газар нутгийн салшгүй хэсэг гэж үздэг билээ. Путин, Абэ нарын дээд хэмжээний уулзалтын өмнө Японы ерөнхий сайд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа энхийн гэрээ байгуулах үйл явцыг эрчимжүүлж, газар нутгийн маргааныг шийдвэрлэхэд түлхэц болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн бол Путин дөрвөн арлыг буцааж авах гэсэн Японы санаархал нь тунхаг бичгээс давсан асуудал гэсэн юм.
Дэлхийн хоёрдугаар дайныг албан ёсоор дуусгах Энхийн гэрээг талууд энэ удаагийн уулзалтаар үзэглэсэнгүй. Гэхдээ маргаантай арлуудад эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон нь цаашид маргааныг эцэслэх том алхам болсон хэмээн уулзалтын дараах хэвлэлийн мэдээнд онцолжээ.
Хоёр өдөр үргэлжилсэн /2016.12.15-16/ айлчлалын үеэр талууд нийт 80 баримтад гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа баталгаажуулснаас 68 нь хувийн секторт хамаарах төсөл хөтөлбөрүүд гэнэ. Японы талаас зээл болон хөрөнгө оруулалтын хэлбэрээр 300 тэрбум иен зарцуулахаар болжээ.
С.ЦЭЛМЭГ