Албан ёсоор бүртгэл өнөөдөр эхэлж нөгөөдөр дуусах бөгөөд өдөр бүр 09.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэст бүртгэх юм.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэст өчигдөр орой 18.00 цагийн орчимд ямар ч хөл хөдөлгөөн байсангүй. Учрыг лавлавал, БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл тус төв дээр бус Ерөнхий боловсролын 55 дугаар сургууль дээр болох тул ийнхүү нам жим байгаа гэнэ. Баянзүрх дүүргийн Тамгын газрын байрны хажууд байрлах 55 дугаар сургууль дээр очтол уртаас урт дараалал үүсч, цагдаагийн албан хаагчид хэдийнэ зохицуулалт хийгээд эхэлжээ. Дугаарлан зогсох хүмүүсээс дарааллын сүүлийн хүн нь хаана байгааг лавлаад ч олсонгүй. Сургуулийн хашаан дотор цагдаагийн зорицуулалт, харин хашааны гадаа дарааллын төгсгөл нь үл мэдэгдэн хүмүүс бужигнана. Бүртгүүлэхийг хүссэн иргэд өчигдөр өглөө 08.00 цагаас ийнхүү сургуулийн гадаа дугаарлан байгаа аж. Цагдаа нар хоёр давхар олсоор хязгаарлалтын бүс татаж, иргэдийг хашаан дотор эмх цэгцтэй жагсаасан харагдана. Харин тэд дарааллаасаа нэг л гарсан бол эргэж орох боломжгүй гэнэ.
Өчигдөр шөнө 23.00 цагт эргэн очлоо. Дугаарлах хүмүүс, тэдний ар гэрийнхэн гээд байдал тийм ч сайн харагдсангүй. Хүүхдээ тэврэн хашаа налан зогсох эмэгтэйгээс учрыг лавлавал “Манай нөхөр бүртгүүлнэ гээд сандал аваад өглөө гэрээсээ гарсан. Дулаан хувцас, халуун хоол өгмөөр байна. Тэр сургуулийн гадаах гэрлийн дор харагдаж байна. Би нялх хүүхэдтэй ирээд уулзах гээд хоёр цаг болж байна. Оруулахгүй юм аа” гэв. “Эмээ нь бүртгүүлэхгүй ээ. Хүүдээ хоол өгөөд буцъя, оруулчихгүй юу”, “Би эхнэр нь байна аа. Хөнжил өгье. Дамжуулаад өгөөч”, “Гарвал тэр чигээрээ гараарай. Буцаж оруулахгүй шүү”, “Би чиний оронд зогсох уу? Хэрэггүй ээ, гарвал оруулахгүй гэсэн. Аргалаад л үүр цайлгая” гэсэн яриа чихэнд сонсогдоно.
Өнгөрсөн жилүүдэд БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг нийслэл хотын хэмжээнд нэгдсэн журмаар хийдэг байхад ийм дүр төрх мөн харагдаж байсан. Энэ жил бүртгэлийг тухайн дүүрэг бүрт нь шилжүүлсэн ч байдал дээрдсэнгүй.
Баянзүрх дүүргийн бүртгэл явагдах газар буюу 55 дугаар сургууль дээр өнөөдөр өглөө 08.00 цагийн үед дахин очиход Баянзүрх дүүргийн газрын алба, татварын албатай хаяа дэрлэн байрладаг тус сургуулийн наана эдгээр байгууллагууд руу орж үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс дугаарлалтыг цэгцэлжээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн 50 гаруй албан хаагч хашаан дотор дугаарлах 600 гаруй бүртгүүлэгчийн хэв журмыг сахиулахаар жижүүрлэн ажилласан байна. Одоогоор гарсан элдэв зөрчилгүй дугаарласаар байлаа.