Украины засгийн газар дотоодын томоохон банкуудын нэг болох Приват банкийг төрийн өмчид шилжүүлэхээр болжээ. Засгийн газрын өчигдрийн /2016.12.18/ хуралдаанаар дээрх шийдвэр гаргасан бөгөөд улс орны банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүдээс Үндэсний банк болон Санхүүгийн зохицуулах зөвлөлийн саналаар ийм арга хэмжээ авахаар болсон тухай албан ёсны сайтад мэдээлсэн байна.
Приват банкийг төрийн өмчид шилжүүлэх үйл явц өнөөдрөөс эхэлж буй бөгөөд Украины Сангийн яам 100 хувь эзэмших ажээ. Ингэснээр нь банкны үйл ажиллагаа болоод харилцагчдын хадгаламж, мөнгөн хөрөнгөд нөлөөлөх хүчин зүйл байхгүй гэдгийг онцолсон байна.
Приват банк нь Украины хамгийн том санхүүгийн институци юм. Банкны нийт хувьцааны 41,66 хувийг бизнесмэн Игор Коломойский, 33,25 хувийг мөн л бизнесмэн Геннадий Боголюбов тус тус эзэмшдэг байна. Украины Үндэсний банкнаас гаргасан мэдээллээр 2016 оны эхний хагасын байдлаар Приват банк нь 268,9 тэрбум гривня буюу 10,2 тэрбум ам.долларын үндсэн хөрөнгөтэй, тус улсад үйл ажиллагаа явуулж буй 101 арилжааны банк дотроос хамгийн том нь ажээ.
С.ЦЭЛМЭГ
ЭХ СУРВАЛЖ: ИТАР-ТАСС