Франко Барези: Монголын хөлбөмбөгт хөрөнгө оруулалт хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Франко Барези: Монголын хөлбөмбөгт хөрөнгө оруулалт хэрэгтэй

Италийн домогт хөлбөмбөгч, ХХ зууны хурц оддын нэг Франко Барези Монголд ирсэн тухай бид мэдээлсэн. Италийн шигшээ баг болон домогт “Милан” клубын өнгөрсөн зууны хамгийн агуу тоглогч өчигдөр Монголын хөлбөмбөгийн холбооны төвд хүрэлцэн ирж, “Милан клубын өсвөрийн зуслан Улаанбаатар-2011” төсөл хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Түүнийг Монголын ирээдүй болсон өсвөрийн 200 гаруй хөлбөмбөгч халуун дотноор угтан авсан юм. Энэ үйл ажиллагааны дараа домогт Франко Барезигаас цөөн асуултад хариулт авсан юм.

-Монголд өмнө нь тан шиг спортын супер од ирж байгаагүй. Тиймээс тантай ярилцах нь тун завшаантай үйл явдал болж байна?

-Баярлалаа. “Милан”-ы болон миний ирж байгаа аялал Монголын хөлбөмбөгт маш том хөрөнгө оруулалт болох байх. Хөлбөмбөгт дуртай, хайртай энэ олон хүүхдийг хараад миний сэтгэл маш их хөдөллөө.

-Монголын хөлбөмбөгийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Шууд хэлэхэд хэцүү л юм. Ирээд дөнгөж нэг хонож байгаа болохоор танилцаж амжаагүй явна. Монголын хөлбөмбөгт хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэгвэл өсөн дэвжих боломжтой.

-Та “Милан”-д насаараа үнэнч зүтгэсэн. Харин таны төрсөн ах Жузеппе Барези “Милан”-ы мөнхийн өрсөлдөгч “Интер”-т гялал­заж явсан. Ах, дүү хоёрыг өөр замаар замнахад юу нөлөөлсөн юм бэ?

-/Инээв/. Төрсөн ах, дүү ч гэсэн хүн бүхэн өөрийн гэсэн хувь заяатай шүү дээ. Бурхны заасан замаар л явсан байх. Жузеппе намайг “Интер”-ийн бэлтгэлд дагуулан очсон ч би дасгалжуулагч нарт гологдсон. Дараа нь “Милан”-ы хүүхдийн багийн шалгаруулалтад орж тэнцсэн дээ.

-1990-ээд оны үед “Милан”-ы арын шугамыг алдарт Паоло Мальдини, Алессандро Костакурта, Мауро Тоссати та дөрөв бүрдүүлж, төмөр мэт хам­гаалалт цогцлоосон. Түүнээс хойш үүнд дөхөж очихуйц хамгаалалтын шугам танд харагдсан болов уу?

-“Барселона” зэрэг олон сайн баг бий. Гэхдээ бид дөрөв шиг нэг цул болж чадсан хамгаалалтын шугам алинд нь ч байхгүй. Бид олон жил хамт тоглосон болохоор бие биеэ харцаараа ойлгож сурсан. Чи ер нь миний тухай их сайн мэдэж байна шүү /инээв/.

-Италийн хөлбөмбөгийн “Сери А”-г 1990-ээд оны үед “Бага дэлхийн аварга” гэдэг байлаа. Харин одоо нэлээн өөрчлөгджээ. Энэ тухай та ямар бодолтой явдаг вэ?

-Зохион байгуулалт, чанарын хувьд дээшилсэн гэж бодож байгаа. Түүнчлэн тифози нар /Италийн хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигч/ ихэссэн.

Д.Нанжид
Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж