“Щелкунчик”-тэй өдөр

Хуучирсан мэдээ: 2016.12.17-нд нийтлэгдсэн

“Щелкунчик”-тэй өдөр

Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрт өнөөдөр, маргааш буюу арванхоёрдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Щелкунчик” балетыг тоглоно. Тус театрын уран бүтээлчид "Щелкунчик" балетыг БНХАУ-ын Тяньжин хотын Гранд театрт 2012 оны арванхоёрдугаар сард тоглож байснаас хойш тайзнаа тоглоогүй байна. Гурван жил завсарласан энэ жүжиг театрын тайзнаа амилахдаа тэртээ 1982 онд тавигдаж байсан анхны хувилбараараа тавигдах аж.

Жүжгийн гол үйл явдал нь XVIII зууны сүүлчийн Германы жижигхэн хотод зул сарын баяраа тэмдэглэж буй нэгэн гэр бүлд өрнөдөг. Гэрийн эзэд болон зочид Дроссельмейерийг тэсч ядан хүлээж сууна. Ингээд баяр эхэлж, бүгд хөгжилдөн бүждэг билээ. Хүүхэд бүрийн хүндэтгэн хайрладаг хүүхэлдэйн алдарт мастер Дроссельмейер өөрийн хийсэн хөдөлгөөнт хүүхэлдэйнүүдээр хүүхдүүдэд үлгэр ярьж өгөн, үлгэрийн баатар Шелкунчикийг Маша охинд өгнө. Маша охинд самар цөмөгч хүүхэлдэй болон ид шидийн үлгэр маш гүн сэтгэгдэл төрүүлсэн учир охины зүүдэн дэх үйл явдлаар "Шелькунчик" бүжгэн жүжгийн үйл явдал өрнөдөг.

"Шелькунчик"-ийг “Самар бултгагч”, “Цөмөөхэй” гэж манайд орчуулж ирсэн. Энэ удаагийн Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр "Шелькунчик"-ийн анхны хувилбараар хоёр удаа тоглох юм. Харин Балетын хөгжлийн сангаас шинэ тавилтаар “Цөмөөхэй” нэрээр мөн хоёр удаа үзэгчдийн хүртээл болгоно.

3 бүлэгтэй "Щелкунчик" балетын гол дүрүүд болох Машад Б.Саруул, Г.Батчимэг, Ханхүүд А.Эрдэнэболд, М.Од нар тоглох юм байна.

"ЩЕЛКУНЧИК" БАЛЕТ:

12.17-ны өдөр

  • Маша /Гүнж/ – Б.Саруул /СТА/
  • Хан хүү – А.Эрдэнэболд
  • Дроссельмейер – Х.Мөнгөнхөлөг /СТА/
  • Хулганы хаан – А.Өлзий-Орших

12.18-ны өдөр

  • Маша /Гүнж/ – Г.Батчимэг /СТА/
  • Хан хүү – М.Од
  • Дроссельмейер – Х.Мөнгөнхөлөг /СТА/ тус тус гол дүрд тоглоно.

Мөн Балетийн хөгжил сангаас шинэ хувилбараар "Цөмөөхэй" балетыг арванхоёрдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох аж.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж