“Эрдэнэ жонон ван Ширнэндамдин” түүхэн роман уншигчдын гар дээр очлоо

Хуучирсан мэдээ: 2016.12.17-нд нийтлэгдсэн

“Эрдэнэ жонон ван Ширнэндамдин” түүхэн роман уншигчдын гар дээр очлоо

Дэлхийн монгол зохиолчдын холбооноос МУИС-ийн багш, доктор, профессор Долгорын Цэнджавын бичсэн “Эрдэнэ жонон ван Ширнэндамдин” түүхэн баримтат ойллого романы нээлтийг Улсын Хүүхэлдэйн театрт арванхоёрдугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Жил жилийн арванхоёрдугаар сар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнийг дурсан санах, үзэл санааг нь мартамгүй онцгой сар билээ. Эзэн Чингисийн маань төрийн гал голомтыг манаж, эрдэм билэг, авьяас боловсрол, амьдрал гавьяагаа зориулсан гүнээ хүндэтгэлд өвөг дээдсийнхээ цадиг намтраас товчоон бидний үед хүргэж ирсэн ном, зохиол олон байдаг.

Энэхүү олон түүх зохиолын дунд эмхрээгүй намтар, тодроогүй нэрс, хуудас мөрийнх нь завсар хавчуулагдаж өнгөрдөг түүхт их хувь заяа түүхэн хүмүүс олон бий. Тэдний нэг бол “Эрдэнэ жонон ван Ширнэндамдин” хэмээх эх оронч бичгийн мэргэн, төрийн албаны дипломат гарцаагүй мөн билээ. Энэхүү түүхэн их хүний ээдрээтэй, эмгэнэлтэй, эр зориг үлгэр дууриалалтай, амьдрал үүслийг мөшгөн сурвалжилж, баримтат роман болгон уншигчдынхаа алган дээр Долгорын Цэнджав тавилаа.

МУГСЗ Д.Нацагдорж, С.Буяннэмэхийн шагналт зохиолч, МУИС-ийн багш, доктор, профессор Долгорын Цэнджав Манжийн хааны болоод Богд хаан улсын үеийн түүхийг 30-аад жил судалж, “Цагаагчин гахай жил” түүх аж байдлын роман, эх оронч харчин гүн Бавуужавын ээдрээтэй түүхийг судалж, “Цахарын хар шуурга” тууж, Хиагтын гурван улсын гэрээний талаар “Тал сар” тууж, сүүлд энэ удаа баярыг тэмдэглэж байгаа “Эрдэнэ жонон ван Ширнэндамдин” түүхэн баримтат ойллого роман бичжээ. Ийнхүү энэхүү номын нээлт болсон юм.

Дэлхийн монгол зохиолчдын холбоо 2014 оны наймдугаар сард байгуулагджээ. Эгнээндээ зохиолч, яруу найрагч, шүүмжлэгч, түүх судлаач, эрдэмтдийг багтаасан төрийн бус байгууллага юм. Тус холбооны тэргүүнээр яруу найрагч Ц.Хулан ажиллаж байна. Үүссэн цагаасаа эхлээд Монголын утга, уран зохиолын ертөнцөд шинээр мэндэлсэн чансаатай сайн ном бүтээлийг аль болох өргөн олон уншигчдад хүргэх, тухайн номын үзэл санаа цаг үеийн мэссэжийг нийгмийн сэтгэл зүйлд хандаж өгөх тал дээр нилээд олон ажлыг хийгээд байна.

Дэлхийн монгол зохиолчдын холбоо 2015 онд Дэлхийн 70 гаруй орны уншигчдын шилдэг борлуулалттай ном болсон “Чонон сүлд” романы зохиогч Зянрунд бичгийн мэргэн шагналаан гардуулж өгч байсан тэр цагаас эхлээд монголын нэрт зохиолч, романч Ванчинбалын Инжинашийн 190 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ляонын мужийн засаг захиргаа болон Монгол, Хятадын эрдэмтдийн оролцоотойгоор зохион байгуулсан зэргийг дурдахад таатай байна. Мөн эх хэл, үндэс язгуур нэг өвөрмонголын зохиолчдоос Рашаан аймгийн найман хэмээн алдаршсан гишүүд болон уран бичлэгтнүүдийг урьж, өнгөрөгч наймдугаар сард уран бүтээл, эрдэм шинжилгээний аялал зохион байгуулсан.

Их зохиолч Д.Нацагдоржийн ойд зориулсан уншигч, зохиолч, монгол хэл, уран зохиолын багш нарын өдөрлөгийг энэ оны нэгдүгээр сары  9-нд маш амжилттай явуулж өнгөрөөсөн бөгөөд улмаар суут зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойгоор “Монгол ардын суут” жүжгийг өргөн олон үзэгчдийн сэтгэл таашаалд нийцтэл бүтээж, туурвиж чадсан амжилттайгаар 2016 оноо үдэж байна.

Ийнхүү Дэлхийн монгол зохиолчдын холбооноос МУИС-ийн багш, доктор, профессор Долгорын Цэнджавын бичсэн “Эрдэнэ жонон ван Ширнэндамдин” түүхэн баримтат ойллого романы нээлтийг зохион байгууллаа.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж