Хуулиа хүлээх хооронд хүчирхийлэл нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.12.19-нд нийтлэгдсэн

Хуулиа хүлээх хооронд хүчирхийлэл нэмэгджээ

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд анх удаа гэмт хэрэгт тооцож хуульчилсан ч бэлтгэл хангаагүй шалтгаанаар өнгөрсөн есдүгээр сарын 1 /2016.09.01/-ээс хэрэгжих байсныг хугацааг нь хойшлуулж, улмаар шинээр төсөл боловсруулан өргөн бариад буй билээ. Ардчилсан нам эрх барьж байх үед баталсан тэрхүү хуулийн төслийн ололттой тал нь хүний амь нас, эрүүл мэндэд халдсан үйлдлүүд нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй бол хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээр заасан. Уг нь Эрүүгийн багц багц хуулиуд нэгэн зэрэг батлагдаж, хэрэгжиж эхэлсэн бол илүү өнөөгийн олон хүндрэлтэй асуудлыг шийдэх үр дүнтэй хуулиуд болох байсан гэж хууль судлаачид үздэг.

Гэтэл хэрэгжүүлээгүй хойшлуулж, шинэ төсөл өргөн барьсан өнгөрсөн хугацаанд хүчирхийлэл нэмэгдсэн статистик үзүүлэлт гарчээ. Оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 1331 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 102 (8.3%)-оор өссөн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 2016 оны 11 дүгээр сард 125 болж, өмнөх сараас 31 (33.0%)-ээр нэмэгджээ.

Гэтэл зарим УИХ-ын гишүүн өнөөгийн хэрэгжиж буй хуулийг хангалттай гэж үзээд зогсохгүй Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийг яаралтай батлахыг шаардсан олон нийтийн байгууллагын төлөөллийг “дарамталлаа” гэж үзэж буй юм. Шинэ хуулийн төсөлд тусгасан хүчирхийлэлд өртөгсдийг байршуулах түр хамгаалах байрыг төсөвт суулгаж өгөөгүй учраас байгуулах боломжгүй гэж үзэх гишүүд ч байна.

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийг батлахыг хүлээх зуурт өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос болсоор л байна.

Энэ хуулийг батлаж, хүчирхийллээс иргэдээ хамгаалдаг болтол хэдэн хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх бол доо.

Л.ТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж