Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Шинэ цаг айсуй

Түүх давтагддаг гэдэг. Үнэхээр хүн төрөлхтний буурал түүх тодорхой хэмнэлтэйгээр дахин давтагдсаар иржээ. Чухамхүү байгаль эхийн жам ёсон тийм аж.

Өнөөдөр Монголын улстөр холион бантан болсоныг олон хүн хүлээн зөвшөөрч байна. Улстөрчид хэмээн өөрсдийгөө нэрлэгчид ч үүнийг ойлгож эхэлжээ. МАН, АН тэргүүтэй өнгөрсөн 20 жилд оршиж ирсэн нам гэгч бүлэглэлүүдийг татан буулгах тухай дуу хоолой улстөрчдийн дундаас гараад эхэлж. Хэрвээ тийм юм болбол 90 оны түүх дахин давтагдах нь ээ.

90 онд тэр үеийг хүртэлх нийгэм, улстөрийн систем оршин тогтнох боломжгүй, ирээдүйд явах замгүй болсон юм. Тиймээс 70 жил ганцаар оршиж ирсэн МАХН гэгч намыг татан буулгах, олон намын системд шилжиж ардчилсан нийгэм байгуулахыг зорисон хувьсгал эхэлсэн. Энэ хувьсгал үндсэндээ “тохиролцолоор” явагдаж “амжилттай өрнөсөн”.

МАХН-ыг 90 онд ор үндэсгүй болтол нь устгаад, татан буулгаад өмч хөрөнгийг нь хураагаад, бусад намуудад адил гараанаас эхлэх боломжийг бий болгосон бол өнөөдөрийн нийгэм илүү сайхан болох байсан гэдэг яриаг би бүрэн дүүрэн биш ч гэлээ  зарим талаар дэмждэг, бас зарим талаар үгүйсгэдэг. Яагаад гэвэл хувьсгалыг үнэхээр хийсэн л юм бол хуучнаасаа бүрэн салаад цоо шинийг бүтээх ёстой. Гэтэл 90 оны хувьсгал "хоёрын хооронд", “дутуу алсан могой” адил болж, хувьсгалын дараа дахиад л өнөөх хувьсгалт нам нь коммунист үзлээ ламын ёсоор солиод, зүсээ хувилгасан коммунистууд төр барилцаж эхэлсэн: Бямбасүрэн, Очирбат, Жасрай… Тэдний оронд тэр Зориг агсан нь, Бат-Үүл, Элбэгдорж нь шууд л төрийг удирдаад ажиллаад эхэлсэн бол хэдий өндөр мэдлэггүй ч шинээр суралцаад шинэчлэлтийг илүү зоригтой, зөв замаар өрнүүлэх байсан ч байж болно.

Гэхдээ нөгөө талаас нь бодоход хувьсгалын дараахь эрх мэдэл бүрэн утгаараа ардчилалынханд шилжлээ гээд одооныхоос илүү олигтой үр дүнд хүрэхгүй л байсан болов уу. АН энэ хугацаанд сонгуульд хангалттай ялалт байгуулж, төрийг дангаар болон хамтран барилцаж ирсэн. Тэглээ гээд тэд энэ орныг үсрэнгүй хөгжлийнх нь зам руу оруулж чадаагүй.

МАНАН хэмээн нэрлэгдсэн хоёр том бүлэглэлийн явуулж ирсэн бодлогын үрээр өнөөгийн улстөрийн нөхцөл ноцтой байдалд хүрээд байна. Аль ч намд нь ёс суртахуун, үнэн мэдлэг, зөв бодлого байхгүйн улмаас хулгай дээрэм гаарсаар Монгол улсын тусгаар тогтнолд аюул нүүрлээд байна. Энэ байдал хэвээр үргэлжилвэл Монгол үндэстэн мөхөх аюултай.

Тиймээс Монголын мэдлэггүй улстөрийн хямрал энэ цагт ирж туйлдаа тулж буйг НАМУУДЫГ ТАРААХ улстөрчдийн санаачлага нотолж байх шиг. Мэдлэггүй гэдэгт ёс зүйгүй, эрхэмлэх зүйлгүй, итгэлгүй, хүмүүнлэгийн болон хүний нийгмийн наад захын ойлголт байхгүй, ардчилалын мөн чанарыг зөвөөр ойлгоогүй, ерөөс шинжлэх ухааныг огтоос ойлгодоггүй, аливаад рационалиар биш эмоциор, шашинлагаар ханддаг, хулгай луйварыг чөлөөт “тэмцэл” гэж үздэг тэр л байдлыг хэлж байна.

Түүх давтагдахад учир бас бий. Өмнөх түүх зүгээр нэг давтагдаад байдаггүй. Харин урдахиасаа улам илүү сайжирч төгөлдөршдэг. Энэ бол байгаль ертөнцийн жам. Мэдээжийн хэрэг, хүн гэдэг цор ганц ухаантай амьтан болохоор өмнөх алдаагаа дахин давтаад байдаггүй. Тэгвэл 90 оны түүх давтагдах боломж дахин ирж буй нь ардчилсан хувьсгалын алдааг засах түүхэн боломж ирж байна гэсэн үг.

Намуудыг татан буулгая хэмээн чангаар, итгэлтэй дуугарч буй улстөрчдийн энэ үг шинэ хувьсгалын үүрийн гэгээ цайж эхэлснийг илтгэх мэт. Тиймээ, монголын улстөрийн завхралаас бүрэн салах цаг нэгэнт болжээ. Хорин жил улстөрчид буруу замаар будаа тээлээ. Одоо үүнээс хагацая. Энэ бол Монголын ард түмний чин хүсэл.

Шинэ хувьсгал яаж өрнөх ёстой вэ. Хорин жилийн өмнөх алдааг дахин давтахгүйгээр зөвшилцлийн замаар хувьсгалыг өрнүүлэх ёстой гэдэг ойлгомжтой. Оюу Толгойн гэрээг бантан болгож, Таван Толгойг бас баллахаар зэхэж буй өнөөгийн ялзарсан улстөрчид сонгуулийн хуулийг олигархуудад ашигтайгаар хуучнаар нь байлгахаар улайран тэмцэлдэж байна. Тэдний энэ улангасалыг бүрэн зогсоож, сонгуулийн хуулиа шинэчилж, хуучин улстөрөөс салж шинийг бүтээх их хувьсгалыг жинхэнэ утгаар хийх цаг иржээ.

Хувьсгалыг зөвхөн зөвшилцлийн замаар хийх ёстой. Хуучин, шинэ хоёр тал энэ зөвшилцөлд зориг гарган ухамсартай хандаж, энэ түүхэн хувьсгалыг жинхэнэ утгаар нь хийх ёстой. Эс тэгвээс өнөөгийн нийгэмд бугшсан муу бүхэний бөөгнөрөлөөс хэзээ ч салж чадахгүй. Зөвшилцлийг фашизмтай зүйрлэсэн нь бий. Тэр ч бас ортой. Зөвшилцөнө гэдэг бол өнөөг хүртэл 20 жил дөвчигнөж, зөвхөн өөрсөндөө баялгийг “бүтээж” ард түмнийг луйвардан хоосруулагчдыг өршөөж сул тавина гэсэн үг.  Тэгэхгүй гэвэл дайн дажиндаа тулах болно, яг африкийн орнууд шиг. Тиймээс зөвшилцлөөс өөр сонголт байж болохгүй. Энэ бол нийгэм улстөрийн бүх хүрээг хамарсан томоохон инновацийг хөгжүүлнэ гэсэн үг.

Өнгөрсөн 20 жилийн улстөрийн бантанд оролцсон хэнийг ч болов одоо өрнөх гэж буй зөвшилцлийн хувьсгалын дараахь шинэ улстөрд оролцуулахгүй байх нь хамгаас чухал. Хуучцуул нь ч үүнийг зориг гарган ойлгож, үр удмынхаа төлөө энэ зөвшилцлийг хийх хэрэгтэй. Өнгөрсөн 20 жилд Орос, Хятадыг даван далай гаталж хүн төрөлхтний жинхэнэ мэдлэгийг эзэмшсэн олон монгол хүн аль хэдийнэ бэлтгэгджээ. Тэд эх орондоо эргэж ирээд мэдлэггүйн соёл, мэдлэггүйн үнэлэмжтэй тэрсэлдэн хэцүү бэрх цагийг тэвчин өнгөрүүлж байна. Шинэ хувьсгалаар тэрхүү хүний нөөцөө гаргаж ашиглах нь энэ монгол үндэстнийг хөгжил дэвшилд хүргэхийн нэгэн чухал түлхүүр мөн.

http://buyantsogtoo.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж