Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн байж болзошгүй сэжигтнүүдийг өнгөрсөн Лхагва гаригт буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдөр анх удаа шүүхийн танхимд авчирсан. Ингэснээр 18 жилийн дараа гэм буруутай байж болзошгүй хүмүүсийг олж тогтоон, буруутнуудыг шүүх хурлыг Цагдан хорих 461 дүгээр ангид эхлүүлсэн ч, сэжигтнүүдийн дөрвөн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурал ирэх долоо хоногийн Лхагва гариг хүртэл хойшилсон юм.
Урт хугацаанд дуншиж, олны анхаарлыг татсан энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар шүүхээр томилогдсон. Тэгвэл улсын яллагчаар нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн оролцсон билээ.
Шүүгдэгчээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас гадна тэдний өмгөөлөгчид болоод хохирогчийн өмгөөлөгч, шинжээч нар оролцсон. Шүүгдэгч Ц.Амгаланбаатарыг шүүх хурал эхлэх өдрийн өглөө 06.00 цагт Төв аймаг дахь хорих ангиас авчирсан байна.
Шүүх хурлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн хурлын танхимд хийх тов гарсантай холбоотойгоор шүүх хурал эхлэх өдөр шөнийн 04.00 цагаас эхлэн хамгаалалтыг нь чангатгажээ.
Удалгүй цагдаа, тагнуулын байгууллагынхан хүч нэмэгдүүлэн хорих 461 дүгээр ангийг гадна дотногүй хамгаалж, шүүх хуралд оролцох хүн бүрийг гурван дамжлагаар нэг бүрчлэн нэгжиж, шалгаж оруулсан байдаг юм. Тиймээс энэ сарын 21-нд товлогдсон шүүх хурал ч хуулийнханы чанга хамгаалалт, хяналт дор үргэлжлэх болж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчид шүүх хурлыг хойшлуулахдаа гэрчээр нэр бүхий хүмүүсийг дуудах шаардлагатайг хэлжээ. Хэвлэлийнхэний таамаглалаар, шүүгдэгч талаас тавьсан шаардлагаар УИХ-ын гишүүн асан С.Оюун, талийгаачийн эхнэр Б.Булган болоод Хотын дарга асан Э.Бат-Үүл нар гэрчээр орж магадгүй байна.
Д.УУДАМ