Тун удахгүй ес эхэлж, хүйтний эрч улам чангарна гэж цаг уурчид болон ОБЕГ-аас анхааруулсаар байгаа. Тиймээс нийслэлийн Тээврийн газраас оройн цагаар үйлчлэх нийтийн тээврийн автобусны тоог нэмэгдүүлжээ. Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын төлөвлөлт, технологийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Мягмарсүрэнгээс тодрууллаа.
-Оройн цагаар үйлчлэх автобусны тоог нэмэгдүүлэх эсэх талаар нийслэлийн Нийтийн тээврийн газраас судалгаа хийсэн юм байна. Уг судалгааны талаар танилцуулна уу?
–Нийслэлийн хэмжээнд 20 аж ахуй нэгжийн 919 нийтийн тээврийн хэрэгсэл 86 чиглэлд өдөр тутам үйлчилж байна. Нийслэлийн Засаг даргын өргөтгөсөн шуурхайгаас өгсөн үүргийн дагуу тээврийн хэрэгсэлд судалгаа, тооцоо хийж дууслаа. Судалгаагаар иргэдийн ажил эхлэх болон тарах цагаар нэмэлт автобус явуулах шаардлагатай нь тогтоогдсон. Мөн 35 чиглэлд өдрийн цагаар ачаалал бага байгаа нь харагдлаа. Эдгээрээс 15 чиглэлд нь өдрийн 13.00-16.00 цагийн хооронд зорчигчдын тоо эрс багасдаг байна. Тиймээс зорчигч багатай чиглэлд явах автобусны тоог цөөлж , оройн цагаар үйлчилгээнд явуулахаар шийдвэрлэсэн. Нэмэлт автобус Толгойт, Баянхошуу зэрэг чиглэлд арванхоёрдугаар сарын 6-наас явж эхэлсэн.
-Хэдээс хэдэн цагийн хооронд нийтийн тээвэр хамгийн ачаалалтай ажиллаж байгаа вэ?
-Чиглэлээс хамаараад ачаалалтай цаг нь өөр өөр байдаг. Манайд иргэдийн зүгээс “Оройн 21.00 цаг гэхэд нийтийн тээврийн автобус үйлчлэх нь цөөрдөг” гэсэн санал гомдол их ирдэг. Үүн дээр анхаарал хандуулсан. Өмнө нь оройн 21.00 цагийн байдлаар 554 автобус хотын хэмжээнд үйлчилдэг байсан бол одоо 645 болгож нэмэгдсэн. Ингэснээр нийт 91 автобусыг оройн цагаар нэмж явуулж байна. Нийтийн тээврийн үйлчилгээ өвлийн улиралд оройн 22:30 цагт зогсч байгаа.
-Оройн цагаар гэхээр хэдээс хэдэн цагуудад хэчнээн автобус нэмэгдүүлсэн гэсэн үг вэ?
-Оройн 20 цагт үйлчлэх тээврийн хэрэгсэл 752 байсан бол 825 болж 73 автобусаар нэмсэн. Мөн оройн 21 цагт үйлчлэх тээврийн хэрэгсэл 554 байсныг 645 болгож, 91 автобусаар нэмэгдүүлсэн бол 22 цагт үйлчлэх тээврийн хэрэгсэл 199 байсныг 248 болгож 49 тээврийн хэрэгслээр тус тус нэмэгдүүлсэн байгаа.
-Иргэд ихэвчлэн хотын захын хороололд автобус хүрэлцэхгүй байна гэж гомдоллодог. Нэмэлт 15 чиглэл нь хаашаа явж байгаа вэ?
-Ерөнхийдөө орой ажил тарах цагаар хотын төвөөсөө гадагшаа чиглэлд зорчих нь их байдаг.Тиймээс Толгойт, Баянхошуу, Зүүн салаа зэрэг суурьшил ихтэй, хотын захын хорооллын чиглэлд оройн цагаар нэмэлт автобус үйлчилнэ.
-Энэхүү нэмэлт автобусууд нь өвлийн цагт л үйлчлэх үү?
-Зуны цагт нийтийн тээврээр зорчин явах хүний тоо цөөрдөг учраас автобусныхаа тоог ч гэсэн цөөрүүлдэг. Буцаад наймдугаар сарын 20-ноос эхлэн автобусны тоогоо нэмдэг. Оройн цагаар автобус нэмэгдүүлж байгаа нь зуны цагийн хуваарьт шилжих хүртэл л үйлчилнэ.
А.СҮРЭН