Хууль зүйн 105 жилийн түүх өгүүлсэн үзэсгэлэнг нээлээ

Хуучирсан мэдээ: 2016.12.20-нд нийтлэгдсэн

Хууль зүйн 105 жилийн түүх өгүүлсэн үзэсгэлэнг нээлээ

Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 105 жилийн ой энэ онд тохиож байна.

1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд VIII Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, таван яамыг байгуулсны нэг нь Дотоод хэргийн бүгд захиран шийтгэгч яам байсан бөгөөд өнөөдрийн Монгол Улсын хууль зүйн албаны эх үүсгэл болжээ.

Түүхэн энэ тэмдэглэлт ойг тохиолдуулан өнөөдөр/2016.12.20/ Үндэсний түүхийн музейд тус салбарын түүхэн замналыг харуулсан үзэсгэлэнг нээлээ. Үзэсгэлэнд 200 орчим үзмэр тавигдсан юм. Үүнд Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын сан хөмрөг дэх баримт бичиг, гэрэл зураг, Цагдаагийн ерөнхий газрын музей, Хил хамгаалах ерөнхий газрын музейн биет үзмэр дэлгэгджээ.

Тухайлбал, 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар улсад туслагч гүнгийн зэрэг, засаг тэргүүн тайж М.Намсрайг томилсон Богд хаантны зарлиг, 1913 онд Богд хаантны зарлигаар батлагдсан Шүүх таслах хэргийг Бүгд захиран шийтгэгч яамны эрхлэн шийтгэх хэргүүд, 1921 оны хоёрдугаар сарын 22-нд сэргээн босгогдсон Автономит Гадаад Монгол Улсын төрийн яамдын тэргүүн, дэд сайдыг томилсон Богд хаантны зарлиг гэхчлэн олон сонирхолтой баримт, эх сурвалж, гэрэл зургууд тавигдсан юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж