Ардчилсан намын СЦЕНАРИ

Хуучирсан мэдээ: 2016.12.20-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын СЦЕНАРИ

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн бүртгэл арванхоёрдугаар сарын 12-17-ны өдрүүдэд болж өндөрлөв.

Намын даргад өрсөлдөхөөр олон хүний нэр яригдаж байсан ч бүртгэлийн хугацаа дуусах өдрөөс өмнө УИХ-ын гишүүн Л.Болд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нарын хүмүүс намын даргад өрсөлдөхөөс татгалзсанаа олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн юм. Намын даргад өрсөлдөхөөр зургаан хүн бүртгүүлсэн ч нэг нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж, таван хүн өчигдөр /2016.12.19/ үнэмлэхээ гардаж авлаа. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, АН-ын дарга асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр нар намын даргад өрсөлдөхөөр болов. Харин АН-ын гишүүн М.Чимэддорж намд өгөх хандивын мөнгөө цуглуулж амжаагүй гэсэн шалтгаанаар хугацаа өгөхийг хүссэн ч намын дүрмийн дагуу бүх нэр дэвшигчийг ижил гараанаас эхлүүлэхийн тулд М.Чимэддоржийг бүртгэхээс татгалзсан байна.

“СУМТАЙ ТАВАН ХУРУУ”

Нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах үеэр АН-ын удирдлагууд нэр дэвшигчдэдээ багцалсан таван сум гардууллаа.

АН-ын дарга З.Энхболд нэр дэвшигчдэд хандан “Ардчилсан намын  Их хурлаар батлагдсан журмын дагуу таван нэр дэвшигч бүртгүүллээ. АН анхдагч байж ирсэн, өнөөдөр ч гэсэн Монголын улс төрийн намуудаас анхдагч байж, намын даргаа бүх гишүүдээсээ сонгохоор болж байна. Цаашид бусад улс төрийн намууд АН-ын энэ жишгийг дагаж шинэчлэгдээсэй гэж уриалж байна. Намын гишүүдээрээ хэлэлцүүлж, намын удирдлагаа сонгодог байдал нь шинэлэг үзэгдэл.  Дүрмийн дагуу хэн нэгнийг нас,  намд байсан хугацаагаар нь шалгуур, босго тавиагүй ч өнөөдөр өрсөлдөж байгаа таван нэр дэвшигч ард түмний итгэл авч, УИХ-ын гишүүн, сайд, дарга байсан хүмүүс. Тиймээс тэднийг өрсөлдөх нь зүйтэй гэж намын гишүүд үзсэн байх. Намын даргад хэн нь ч ялсан энэ таван нэр дэвшигч цаашдаа хамтран ажиллах ёстой. Таван нэр дэвшигчийн хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр намыг цаашид эв нэгдэлтэй, нэг зүгт харсан, бусад нэр дэвшигчээ хүлээн зөвшөөрсөн, хариуцлагатай байгаарай” гэсэн сануулгыг өгч, нэр дэвшигч тус бүрд багцалсан таван сум гардуулсан юм. Намын даргын гардуулсан таван сум олон нийтийн сүлжээнд газар авч, олныг хөгжөөв. Нэр дэвшигчдээ таван хуруу шиг эв нэгдэлтэй байхыг хүсч, Алунгоо эхийн сургаал айлдсан нь З.Энхболдыг “шоглоход” хүргэсэн бололтой. Мөн энэ удаагийн сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдөхөөр болсныг нэр дэвшигч Н.Алтанхуяг таван хуруу хэмээн нэрлэж, өөрийгөө чигчий хуруутай зүйрлэсэн нь “Сумтай таван хуруу” гэх хоч зүүхэд хүргэв. Ямартай ч Ардчилсан намыг удирдахаар нэр дэвшигчид ийнхүү гараанаас гарч, 40 хоног эх орноо тойрон, өөрсдийгөө сурталчлахаар болж байна.

АН-ын даргад нэр дэвшигчдийг бүртгэлээ.

НЭГ НЭР ДЭВШИГЧИЙН БОСГО 240 САЯ

Намын даргын сонгуулийн зардал өндөр учраас нэг нэр дэвшигчээс 240 сая төгрөгийн хандив хураажээ. Дүрмийн дагуу хандивын мөнгийг сонгууль зохион байгуулалтын зардалд зориулах аж. Орон даяар нэгэн зэрэг санал хураалт зохион байгуулах учраас зохион байгуулалтын ажилд багагүй мөнгө зарцуулна гэдгийг намын даргын сонгуулийн хорооноос мэдэгдэж буй. Мөн үлдсэн мөнгийг  сонгуулийн сурталчилгааны зардалд зарцуулахаар тооцоолжээ. Сонгуулийн зардлыг нэр дэвшигчдэд ижил хэмжээтэй хувааж тооцно гэсний дагуу  нийт 1,2 тэрбум төгрөгийн зардлыг хувааснаар нэг нэр дэвшигч 240 сая төгрөг хандивлах ёстой болсон байна. Нэр дэвшигчид тус бүр 200 сая төгрөгөө өгсөн байгаа учраас одоо нэмж 40 сая төгрөгийг намдаа өгөх ажээ.

Ардчилсан намын даргын сонгуулийг 2017 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулна. Харин намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл 2017 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилж, намын даргын санал авах өдрөөс өмнө нэгдсэн журмаар баталгаажих юм.

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ХЭНТИЙ АЙМГААС ЭХЭЛНЭ

АН-ын даргад нэр дэвшигчид нэгэн зэрэг орон даяар сурталчилгаагаа эхлүүлэх аж. Ингэхдээ Хэнтий аймгаас эхэлж, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр гэсэн маршрутаар сурталчилгаагаа хийх гэнэ. Нэр дэвшигчид сурталчилгаагаа 40 хоногт багтаан 21 аймаг, нийслэлийн  есөн дүүрэгт үргэлжлүүлнэ. Сурталчилгааг нэгдсэн нэг журмаар  буюу бүх нэр дэвшигчид хамтдаа хийх юм байна. Бусдаасаа салангид, бие даасан сурталчилгаа хийхийг  дүрмээр хориглосон байгаа. Тиймээс АН-ын даргад өрсөлдөж буй таван хүн хэн нэгний нэр төрд халдсан, намын дүрмэнд харшилсан үйлдэл гаргах нь дүрмээр хориотой.  АН-ын дарга З.Энхболдын хэлснээр тэд эв нэгдэлтэй нэр дэвшигчид болж болох. Сурталчилгаа арванхоёрдугаар сарын 22-нд албан ёсоор эхэлнэ. Сурталчилгаа эхэлсний дараа нэр дэвшигчид таван хуруу шиг, намын даргынхаа захисан шиг эв нэгдэлтэй байх эсэхийг харах үлдлээ.

1200 ТӨГРӨГ ТӨЛСӨН НАМЫН ГИШҮҮД САНАЛАА ӨГНӨ

Албан бус тоогоор Ардчилсан нам 180 мянган гишүүнтэй. Энэ албан бус тоог албан болгохын тулд намын даргын сонгуулийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 12-оос гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг эхлүүлжээ. Намын даргын сонгуульд санал өгөх гишүүд жилийн 1200 төгрөгийн татвараа төлсөн, цахим бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай аж. Шинэчилсэн бүртгэлд хамрагдах АН-ын гишүүн иргэний үнэмлэхний хаягийн дагуу харьяа нутаг дэвсгэрийнхээ анхан шатны байгууллагад бүртгүүлнэ. Анхан шатны байгууллагад байгаа маягтыг зөв бөглөж, иргэний үнэмлэх, намын батлах, 4*3 хэмжээтэй цээж зураг хоёр хувийг бүрдүүлж, мөн жилийн 12 мянган төгрөгийн татвараа төлснөөр намын даргын сонгуульд оролцох боломжтой болно гэсэн үг.

Ардчилсан намын даргын сонгуулийг 2017 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулна. Харин намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл 2017 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилж, намын даргын санал авах өдрөөс өмнө нэгдсэн журмаар баталгаажих юм байна. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж