ОБЕГ-аас -50 хэм хүрч хүйтрэхийг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2016.12.20-нд нийтлэгдсэн

ОБЕГ-аас -50 хэм хүрч хүйтрэхийг анхааруулав

-НИЙТ НУТГИЙН 70 ХУВЬД ЦАСТАЙ БАЙГАА БӨГӨӨД 15 АЙМГИЙН 110 СУМ, НИЙСЛЭЛИЙН НЭГ ДҮҮРЭГТ  ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧЭЭ-

"Нийт нутгийн 70 хувьд цастай байгаагийн улмаас 15 аймгийн 110 сум, нийслэлийн нэг дүүрэгт  өвөлжилт хүндэрсэн. Цаашид ихэнх нутгаар цас орж, цаг агаар хүйтэрнэ" гэж Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уур, орчны шинжилгээний газрын хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр анхаарууллаа. 

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдрөөс /2016.12.20/ эхлэн арванхоёрдугаар сарын 29-нийг дуусталх хугацаанд нийт нутгаар цас орж, хүйтний эрч чангарах аж.

Сарын сүүлээр Дархадын хотгор болоод хангайн бүсийн уулархаг нутгаар шөнөдөө -50 хэм, өдөртөө -25-35 хэм хүрч хүйтрэхийг дээрх байгууллагын алба хаагчид сануулав. 

Цас их орсон үед хальтиргаа, гулгаа үүсч, машин зорчих боломжгүй болох, түүний улмаас хаах шаардлагатай болдог зам даваа олон байдаг. Тиймээс их цас, цасан шуурганы үед Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 14 аймгийн 88 суманд 142 даваа, 30 тал хөндий газарт хүндрэл үүсэх эрсдлийг тооцон, гамшгийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийг онцгойгийнхон бэлтгээд байгаа аж. 

Баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 40-90 см-ийн зузаан, нягтарч хатуурсан цастай байна. Үүний улмаас малын шилбэ, туурай, хошууг халцалж, гэмтээх тохиолдол эрс нэмэгджээ. Мөн аргал, янгирын идэш, өвс цасанд дарагдсан тул уулнаас буух, цасанд дарагдах байдал хэд хэд гарсан байна.  Цаг уур, орчны шинжилгээний газрын ирүүлсэн мэдээгээр ирэх оны нэг, хоёрдугаар сард цас ихтэй газруудаар олон жилийн дунджаас их хур тунадас орж, хүйтэн байх төлөв ажиглагджээ.

Зураглаач Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж