Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо өнөөдөр /2016.12.20/ хамтран хуралдаж, Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Уг асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх горимын санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд 73.7 хувийн саналаар дэмжсэнээр байнгын хороодын хамтарсан хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн.
Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан дууссаны дараа үргэлжлүүлэн Эдийн засгийн байнгын хороо хуралдав. Хоёр асуудал хэлэлцэхээр тогтсон энэ өдрийн /2016.12.20/ хуралдаан 11 цаг 45 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Г.Мөнхцэцэг, Я.Содбаатар, Ц.Цогзолмаа, Н.Энхболд нар 2016 оны аравдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг анх 1991 онд баталсан бөгөөд 1995, 1997, 2002 онд нэмэлт өөрчлөлт, 2003 онд шинэчилсэн найруулгаар батлагдсан байна. Үүнээс хойш 10 гаруй жилийн хугацаанд нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч дорвитой өөрчлөгдөөгүйгээс зах зээлийн эдийн засгийн хөгжлийн явцад шинээр бий болсон нийгмийн харилцааг зохицуулахад эрх зүйн орчин дутагдаж байгааг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах төрийн бус байгууллагын чиг үүргийг тодорхой заасан байна. Төрийн бус байгууллагын дэргэд эвлэрүүлэн зуучлах тогтолцоо бий болгож, байнгын ажиллагаа бүхий арбитр ажиллуулах, итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийж, дүгнэлт гаргах зохицуулалтыг тусгажээ.
Мөн хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг эхлээд аж ахуй эрхлэгч шийдвэрлэхээр, улмаар арбитр, төрийн захиргааны байгууллага, эцэст нь шүүхээр шийдвэрлүүлдэг байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан болохыг төсөл санаачлагч илтгэлдээ танилцууллаа. Түүнчлэн зах зээлийн харилцаанд шинээр үүсэн гарч буй харилцааг зохицуулах шаардлагаар урамшуулал, сугалаат худалдаа, интернэт худалдаа болон явуулын худалдаа, үйлчилгээний явцад хэрэглэгчийг хохироохыг хориглосон зохицуулалтыг бий болгосон гэв.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, тогтоомжийг зөрчсөн этгээдэд ногдуулах торгуулийн хэмжээг зөрчлийн шинж байдлыг харгалзан оногдуулах, хэрэглэгчид учруулсан хохирлыг тогтоож, хохирлыг барагдуулах, аж ахуй эрхлэгчийн хууль бусаар олсон орлого, эд зүйлсийг хураах, үйл ажиллагааг нь түр зогсоох хүртэл арга хэмжээ авах зэргээр хууль зөрчcөн аж ахуй эрхлэгчид хүлээлгэх хариуцлагыг цаг үеийн нөхцөл байдалтай нийцүүлэн өөрчилсөн болохыг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан юм.
Төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, зарим зүйлийг тодруулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Ц.Даваасүрэн нар Монгол Улсын 3 сая хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд Ажлын хэсэг байгуулах саналыг хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Энх-Амгалан, Б.Ундармаа нар хямралтай байгаа энэ үед эдийн засгаа сэргээх үүднээс иргэн бүрийг бизнес эрхлэх сонирхолыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа явуулж буй бизнесийн байгууллагуудыг тогтвортой ажиллах бололцоог хангах нь төрийн үүрэг. Бизнесийн орчинг сайжруулж, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах талаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан байхад аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсгэх эрсдэлтэй энэ хуулийн төслийг хэлэлцэх нь тохиромжгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Мөн энэ төсөл батлагдвал бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд хэр хүндрэл үүсгэх талаар судалсан эсэхийг тодрууллаа.
Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан бөгөөд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Үндэсний хөтөлбөр 2”-баталсан. Энэ хүрээнд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэх зорилт дэвшүүлсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан хэллээ. 9 бүлэг, 54 зүйл бүхий шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны бодит байдал, хүндрэл бэрхшээл, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй эрхлэгчдийн оролцоотой зохион байгуулагдсан олон удаагийн хэлэлцүүлэг, түүнчлэн Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх нь” төслийн санал, зөвлөмжийг тусгасан гэдгийг онцлов. Нөгөө талаар аж ахуй эрхлэгчдийг зүй бус дарамт шахалтаас ангижруулах, бизнесийн эрүүл орчинг төлөвшүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Уг хуулийн төсөлд аж ахуй эрхлэгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой зохицуулалтуудыг тусгасан болохыг тайлбарлалаа. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Төрийн хяналт шалгалтын хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлдэг байна. Шинэчилсэн найруулгын төсөлд одоо мөрдөгдөж буй эрх, үүргийн хэмжээг өөрчлөөгүй болохыг хэлэв. Эдийн засгийн хямралын шалтгаан нь хариуцлагагүй байдал хэмээн үзэж буйгаа төсөл санаачлагч дурдаад “Энэ утгаараа бүх түвшинд хариуцлагыг нэмэгдүүлэх нь зүйтэй. Хуулийн төсөл батлагдаад хэрэгжих бол аж ахуйн нэгжүүдээс ямар нэг эдийн засгийн зардал гарахгүй. Хуулийг зөрчихгүй, мөрдөх бүрэн боломжтой хэмээн үзэж байна. Хариуцлагын санкцыг өндөр байхаар тусгасан нь торгохын тулд биш хариуцлагатай байлгах зорилготой” хэмээн хариулт өгсөн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулууны тодруулсны дагуу ОХУ, БНХАУ болон Европын Холбооны улс орнуудын стандарт, хэрэглэгчийн эрх ашгийг хамгааладаг туршлагыг судалсан хэмээн хариулт өгсөн.
Ийнхүү хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлж байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүд 80 хувийн саналаар дэмжлээ.
Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд сэдвээр мэдээлэл сонсов
Мөн өнөөдрийн хуралдаанаар Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонсов. Барилгын салбарын нийт хөрөнгө оруулалтыг ДНБ-д эзлэх хувиар тооцвол 2008 онд 2.5 хувь байсан бол 2015 онд 4.7 хувь болж 1.9 дахин нэмэгдсэн байна. Барилгын салбарт оруулсан нийт хөрөнгө оруулалтын 49.8 хувь нь гадаадын хөрөнгө оруулалт эзэлж буйгаараа онцлогтой хэмээн салбарын сайд дурдав. Тус салбар дахь улсын төсвийн хөрөнгө оруулалтыг тооцож үзвэл 2008 онд 3.8 тэрбум төгрөг байсан бол 2015 онд 100.9 тэрбум төгрөг болж нэмэгджээ.
Улсын хэмжээнд нийт 770 үйлдвэр барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар тус салбарт 1255 норм, норматив, стандартыг мөрдүүлэн ажиллаж байгаа аж. Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 5483 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 4749 нь барилга угсралтын чиглэлээр, зураг зүй, төсөл боловсруулах чиглэлээр 572, өргөх байгууламжийн чиглэлээр 162 аж ахуйн нэгж ажиллаж байгаа юм байна. Барилгын салбарт 95685 ажлын байр байгааг Г.Мөнхбаяр сайд дурдаад, дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Үргэлжлүүлэн орон сууцны хангамжийн талаар танилцууллаа. 2015 оны байдлаар Монгол Улсын нийт 859.1 мянган өрхийн 30 орчим хувь нь Улаанбатар хотод байна. Нийслэл дэх 376.4 мянган өрхийн 42 хувь нь инженерийн дэд бүтэцэд холбогдсон орон сууцанд амьдарч байгаа гэсэн тооцооллыг холбогдох байгууллагуудаас гаргасан байна. 2014 оны судалгаагаар 2014-2018 оны хооронд нийслэл хотноо жил бүр 40 мянган шинэ орон сууцны эрэлт бий гэж тооцжээ. Орон нутгийн эрэлт, хэрэгцээний талаарх судалгааг мөн тэрээр мэдээлэлдээ дэлгэрэнгүй танилцуулсан юм. Улаанбаатар хот дахь орон сууцны хэрэгцээг задлаад үзэхээр нийт эрэлтийн 90-94 хувь нь 80 м2 хүртэлх талбайтай орон сууц эзэлж байгаа бол 6-10 хувь нь 80м2-200м2 хүртэлх талбайтай орон сууц худалдан авах хүсэлтэй байдаг байна. Үнийн хувьд нийт хэрэглэгчдийн 73 хувь буюу 150 мянга орчим өрх 1м2-ын үнэ 1.5 сая хүртэлх төгрөгийн үнэтэй орон сууцуудыг сонирхсон талаарх статистик мэдээллийг танилцууллаа. Нийлүүлэлийн хувьд өнгөрсөн оны тоон мэдээллээр улсын хэмжээнд жилд 22766 айлын орон сууц шинээр ашиглалтад орж байгаа бөгөөд нийлүүлэлт 4.2 дахин нэмэгдсэн байна. Орон сууцны сан нэгдсэн дүнгээрээ Монгол Улсад 14.4 сая м2 болсон аж.
Салбарын бүтээн байгуулалт, эрэлт нийлүүлэлтийн үзүүлэлт ийм байгаа хэдий ч нийслэл дэх нийт өрхийн 30 хувь нь орон сууцанд амьдарч байгаа. Харин үлдсэн 70 хувь нь шинээр орон сууц авах, дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтэй байгаа гэдэг судалгааг гаргажээ.
Монголбанкнаас санхүүжүүлснээр өнөөдрийн байдлаар нийт 88000 өрхөд 4 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. 2016 оны 10 дугаар сарын дүнг үзвэл арилжааны банзуудаар дамжин 672 иргэн шинээр ипотекийн зээл авчээ. Барилга, хот байгуулалтын яам ипотекийн зээлийн асуудлаар холбогдох газруудтай уулзаж, ажиллаж байгааг Г.Мөнхбаяр сайд дуулгаад нэлээд нааштай үр дүн гарч байгааг мэдээлэв. Монголбанк холбогдох шийдвэрийн хүрээнд сард 30-35 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтээр ипотекийн зээл олголтыг үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ нь сард дунджаар 600 айл өрхөд шинээр зээлд хамрагдах боломжтой гэв. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудын дүнг нэгтгэн харвал ипотекийн зээлийн эргэн төлөлт хамгийн өндөр хувьтай байдаг бөгөөд чанаргүй зээлийн хэмжээ 1.2 хувьтай байгаа аж. Цаашид ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс холбогдох яамд санхүүжилтийн эх үүсвэрийг эрэлхийлж байгаа талаар мэдээлэл хийв. Түүнчлэн түрээсийн орон сууцын хөтөлбөрийн талаар танилцууллаа. Төрийн өмчийн түрээсийн 725 айлын орон сууц нийслэлд байгаа бөгөөд түрээслэгдээгүй үлдсэн орон сууцууд нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс том учир уг асуудлуудыг шийдвэрлэх үүднээс тодорхой ажлуудыг хийсэн гэв.
Ингээд сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Б.Дэлгэрсайхан, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, З.Нарантуяа нар санал хэллээ. Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өндөр үр дүнтэй хэрэгжиж буй орон сууцны ипотекийн зээлийг олгохын тулд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шаардлага бий, энэ чиглэлээр Эдийн засгийн байнгын хороонд хандвал дэмжиж ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.