Дипломатуудад халдаж байсан эмгэнэлт түүхүүд

Хуучирсан мэдээ: 2016.12.21-нд нийтлэгдсэн

Дипломатуудад халдаж байсан эмгэнэлт түүхүүд

ОХУ-ыг Турк улсад төлөөлж байсан Элчин сайд Андрей Карлов арванхоёрдугаар сарын 19-нд буудуулан амь насаа алдлаа. Элчин сайдыг хөнөөнө гэдэг бол улс орнуудын дипломат харилцаанд ноцтой сэв суулгасан балмад явдал юм. Харамсалтай нь ийм эмгэнэлт түүх улс орнуудын түүхэнд нэг биш тохиолдож байжээ.

Арванхоёрдугаар сарын 19-ний Даваа гаригийн орой Анкара хотын Үзэсгэлэнгийн танхимд “Калининградаас Камчатск хүртэл” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэх товтой байжээ. Анкара дахь ОХУ-ын ЭСЯ уг арга хэмжээг дэмжин оролцсон бөгөөд үзэсгэлэнг ОХУ-ын Элчин сайд нээж үг хэлсэн. Элчин сайд үгээ хэлээд бараг дуусахын алдад бие хамгаалагч маягаар хувцасласан залуу өврөөсөө буу гарган Элчин сайдыг араас нь буудсан юм. Сүүлд тодруулснаар 22 настай залуу Элчинг буудсаны дараа “Аллах акбар, Алеппог бүү март” хэмээн хашгирчээ. Энэ халдлагын улмаас өөр гурван хүн шархаджээ. Гэмт хэрэгтэн Элчин сайдыг 11 удаа буудсан байв.

Элчин сайдыг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч шархаа даалгүй нас барлаа гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова мэдэгдсэн юм.

Гэмт хэрэгтэнг устгажээ

Олон нийтийн сүлжээнд гарсан зургаас харахад гэмт хэрэгтэнг наад зах нь 20 удаа буудан устгасан байв.


Тегеран дахь Оросын Элчинд болсон харгислал

Дипломат төлөөлөгчид халдсан хамгийн аймшигтай хэрэг Тегеран дахь Оросын Элчингийн байранд 1829 онд болсон юм. Энэ хэргийн хохирогчийн нэг нь “Ухаантны зовлон” хэмээх инээдмийн жүжгийн зохиолч бөгөөд Элчин сайд Александр Грибоедов байв.

Александр Грибоедов

1829 оны нэгдүгээр сарын 30-нд шашны хэт даврагч олон зуун хүн Элчин сайдын яаман дахь бүх хүнийг хүйс тэмтэрчээ. Элчин сайдын цогцос танигдахын аргагүй болсон байсан бөгөөд өмнө нь Якубовичтай хийсэн дуэлийн үеэр авсан зүүн гарынх нь шархны сорвиор таньжээ.


Вильгельм фон Мирбахыг хөнөөсөн нь

Германы Элчин сайд Вильгельм фон Мирбахыг 1918 оны долдугаар сарын 6-нд Москвад хөнөөжээ. Хэргийг Бүх Оросын Онцгой комиссын ажилтнууд болох Яков Блюмкин, Николай Андреев хоёр үйлджээ. Чекистын үнэмлэхээ үзүүлэн тэд Германы Элчингийн байранд нэвтрэн орсон байв. Тэднийг Элчин сайд хүлээн авахад буудан хороожээ. Яков Блюмкин гучаад оны дунд үе хүртэл Монголд цуст аллагыг гардан зохион байгуулж байсан юм.


Войковыг хөнөөсөн хэрэг

ЗХУ-аас Польшид сууж байсан Элчин Петр Войковыг 1927 оны зургадугаар сарын 7-нд польшийн харьяат Борис Коверда буудан хөнөөжээ. Польшийн шүүх гэмт хэрэгтэнг бүх насаар нь хорих ялаар шийттгэсэн ч 1937 онд өршөөжээ.


Сайгон дахь АНУ-ын ЭСЯ-ыг дэлбэлсэн хэрэг

Сайгон дахь АНУ-ын ЭСЯ-ыг тэсрэх төхөөрөмжтэй машинаар 1965 онд дэлбэлж 22 хүний аминд хүрчээ. ЭСЯ-ны ажилтнуудаас гадна 188 хүн шархадсан байна. Энэ хэргийн дараа ЭСЯ нь аюул багатай газарт шилжин байрлажээ.


Владимир Роловичийг хөнөөлөө

1971 оны дөрөвдүгээр сарын 7-нд Миро Барешич,Анжелко Брайович гэдэг хоёр хорват дайчин Стокгольм дахь Югославын ЭСЯ-нд дайран ороод Югославын Гадаад хэргийн орлогч сайд Владимир Роловичийг зодон дараа нь толгойд нь буудан амийг нь хөнөөжээ. Ролович эмнэлэгт хүргэгдэн долоо хоногийн дараа шархаа даалгүй нас барсан байв. Алуурчдыг Шведийн хуулиар шийтгэжээ.


Испанийн Элчин сайдын яамыг шатаав

Гватемала дахь Испанийн ЭСЯ-ны гадаа 1980 оны нэгдүгээр сарын 31-нд томоохон эсэргүүцлийн жагсаал болсон. Испанийн харгислалыг эсэргүүцсэн тариачид, оюутнууд ЭСЯ руу дайрч дотор нь бүгжээ. Цагдаагийнхан байранд нь гал тавьсны улмаас 37 хүн тэдний тоонд Испанийн консул, хоёр туслах нь үрэгджээ.


Иракийн ЭСЯ-нд халдсан хэрэг

Амиа золиослогч палестин 1981 онд Бейрутад Иракийн ЭСЯ-ыг дайран дэлбэлж 64 хүний аминд хүрчээ. Үүнээс хоёр жилийн дараа “Исламын жихад” бүлгийн террорист-камиказе микро автобусаар мөн тэнд АНУ-ыг ЭСЯ-ны ханыг мөргөн дэлбэлсэн. Энэ үеэр 180 хүн үрэгджээ.


Буэнос-Айрест 1992 онд болсон алан хядах ажиллагаа

Террорист довтолгоонд Израилийн ЭСЯ өртөв. Дэлбэлт яамны байрыг бүрэн нураажээ. Нийт 22 хүн амь үрэгдэж, 242 хүн шархадсан.


Бенгази дэх АНУ-ын Консулын газарт довтолжээ

2012 онд Мухаммед их зөнчийн тухай уран сайхны киноны трейлер гарсны хариуд нь Бенгази дэх Консулын газрыг гранат харвагчаар буудан шатаав. Энэ довтолгоонд Ливид суугаа АНУ-ын Элчин сайд Кристофер Стивенс ба бусад дипломат алагдсан. Консулын газар руу мэргэжлийн цэргийнхэн халдсаныг хожим тогтоосон юм. 

Кристофер Стивенс

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж