Олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниудын ашиг хүртэгч жинхэнэ эздийг ил болгох судалгааг Нээлттэй нийгэм форумаас хийжээ. Энэ хүрээнд өнөөдөр /2016.12.21/ судалгааны тайланг танилцуулж, Монгол Улсын эрдэс баялагийн салбарт “Ашиг хүртэгч жинхэнэ эзэн , “Улс төрд нөлөө бүхий этгээд”-ийг тодорхойлох, хамрах хүрээ, ил тод болгох зорилготой хэлэлцүүлэг боллоо.
Монгол Улс 2006 онд нэгдэн орсон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын стандартыг 2016 онд шинэчлэн хэрэгжүүлэхээр болжээ. Ил тод байдлын санаачлагыг хэрэгжүүлэгч улс орнууд 2020 он гэхэд ашиг хүртэгч эздийн мэдээллийг олон нийтэд ил тод зарлах үүрэг хүлээжээ. Энэхүү шаардлагыг хэрэгжүүлэх үүднээс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг хариуцсан ажлын хэсгийг Ерөнхий сайдын дэргэд байгуулж, эрдэс баялагийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын ашиг хүртэгч эздийн ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байна. Энэ төлөвлөгөөний хүрээнд хийх хамгийн эхний ажил нь “Ашиг олох эзэн”-ийг тодорхойлох, ямар мэдээллийг цуглуулах талаар дотооддоо нэгдсэн ойлголттой болох юм. Хэрэв ашиг хүртэгч эзэн нь “Улс төрд нөлөө бүхий этгээд” байвал олборлох салбар дахь өмчлөл, эзэмшлийн хувь хэмжээ, хэлбэр, тухайн компани дахь өмчлөл, хяналтыг хэзээнээс тавьж ирсэн гэдгийг судлахаар ажиллаж байгаа юм байна.
Улстөрчдийн хувьд Авлигатай тэмцэх газар хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг ч тухайн улстөрчийн хувийн эзэмшлийн компани нь уул уурхай болон ямар салбарт хувьцаа эзэмшдэг нь тодорхой бус байдаг. Мөн дан ганц уул уурхай бус бизнесийн бүх салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд нь ашиг хүртэгч жинхэнэ эзнээ олон нийтэд ил зарлах дэлхий нийтийн жишиг бий. Дэлхийн олон улс оронд компаниуд жинхэнэ эздийнхээ мэдээллийг ил болгох үүрэг хүлээдэг аж. Тухайлбал, Их Британи улсад үйл ажиллагаа явуулдаг компаниуд захирлуудын бүртгэл, хувьцаа эзэмшигчийн бүртгэл, хяналтын давамгай эрхтэй хүмүүсийн бүртгэл зэргийг гаргаж Засгийн газартаа өгдөг. Энэ жил гэхэд тус улсын 3,4 сая компани жинхэнэ эздийнхээ мэдээллийг ил болгожээ. Хэрэв жинхэнэ эздийнхээ мэдээллийг ил болгохгүй бол хуулийн хариуцлага хүлээдэг юм байна.
Харин манай улсад жинхэнэ эздээ ил болгодог компаниуд тун ховор байдаг. Ашиг хүртэгч жинхэнэ эздийг ил болгох хууль Үнэт цаасны тухай хуульд байдаг аж. Тодруулбал, үнэт цаас гаргаж байгаа компани нь ашиг ологч эзнээ олон нийтэд ил зарлаж байх, жинхэнэ эзнийхээ мэдээллийг ил тод байлгах хуультай ч энэ хууль хэрэгждэггүй. Мөн Мөнгө угаах, террозимтэй тэмцэх хуульд жинхэнэ эзнээ ил тод мэдээлэх үүрэг хүлээсэн байдаг. Гэвч эдгээр хуулиуд Монголд хэрэгждэггүй гэж хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.
Энэ талаар Байгалийн баялагийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарь “Манай улсад хэрэгжиж байгаа ашиг олох жинхэнэ эзнээ олон нийтэд нээлттэй болгох хууль төдийлөн хэрэгждэггүй. Бас ил болгох сонирхол бага байдаг. Дэлхий нийт ашиг олох эздийн ил тод байдлыг хангахад анхаарлаа хандуулж байгаа энэ цаг үед Монгол Улс ч гэсэн ил тод байдлыг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч эхэлж байна. Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан ажлын хэсэг ажлынхаа ерөнхий төлөвлөгөөг гаргасан. Жинхэнэ ашиг олох эздийг нээлттэй болгох нь олон нийтийн эрх ашиг, бизнесийн цэвэр орчин бүрдэх боломж юм. Бизнесийн орчин цэвэр байх нь гадны болоод дотоодын хөрөнгө оруулагчдыг татах нэг онцлог байдаг. Хариуцлагатай бизнес, уул уурхайтай байх ёстой гэж үзэж байгаа бол бид ашиг олох эздийн ил тод байдлыг хангах нь зайлшгүй чухал асуудал юм” гэлээ.
Монгол Улс ашигт малтмалын нөөц ихтэй оронд авлига, хээл хахууль, мөнгө угаах, татвараас зайлсхийх гэмт хэргийн эрсдэл өндөр байдаг. Уул уурхай, ашигт малтмалын салбар нь хөрөнгө оруулалт ихээхэн шаарддаг, улсын төсөвт төвлөрүүлэх татварын хувь хэмжээ нь аль ч салбартай харьцуулахад өндөр байдаг. Тиймээс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын стандартын шаардлагыг хангасанаар аж ахуй нэгжүүдээс улсын төсөвт төвлөрөх орлого өсөх давуу талтай гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байна.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын стандартыг хэрэгжүүлэх хүрээнд судлаач Ч.Отгончулуу “Монгол Улсын эрдэс баялгийн салбарт ашиг хүртэгч эздийн ил тод байдлыг хангах нь” сэдэвт судалгаа хийсэн байна. Судалгаанд эрдэс баялагийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 200 гаруй компанид явуулсан бөгөөд 25-35 хувь нь ашиг ологч эздийнхээ мэдээллийг ил болгосон байна. Судлаач Ч.Отгончулуу “Уул уурхайн салбар ил тод байх тусам гадаад, дотоодын хөрөнгө оруулалт сайн байдаг. Уул уурхайгаа зөв зохистой хөгжүүлэх, баялгийн хараалд өртөхгүй байх хамгийн том гарч нь ил тод байх явдал. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нь нээлттэй хувьцаат компани, төрийн өмчит компани, хамтарсан гэсэн зарчмаар явдаг. Төрийн компаниуд нь Шилэн дансны хуулиар ил тод байх боломжтой. Хамгийн хүндрэлтэй нь хагас хариуцлагатай компаниудын ил тод байдал юм. Судалгааны хүрээнд ашиг хүртэгч жинхэнэ эзнээ тодорхойлох нэгдсэн ойлголт байхгүй гэсэн төвөгтэй байдал үүссэн. Тиймээс эхний ээлжинд Ашиг ологч эзэд гэдэг тодорхойлолтоо нэгдсэн ойлголттой болгох шаардлага гарч байгаа юм. Мөн ил тод байдлыг яаж хангах ёстой гэдгийг хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, тухайн компаниуд нь өөрсдөө ил тод байдлаа хангах уу, төрийн зүгээс ил тод байдлыг нь хангах уу гэдгийг тодорхой болгох ёстой. Төрийн зүгээс ил тод байдлыг нь хангах бол ямар байгууллага нь хариуцах, аль шатандаа хяналт тавих вэ гэдгээ тодорхой болгох ёстой” гэлээ.
Ш.ЧИМЭГ