Монголбанк мөнгөний бодлогын хүүг нэг нэгжээр буулгалаа

Хуучирсан мэдээ: 2016.12.20-нд нийтлэгдсэн

Монголбанк мөнгөний бодлогын хүүг нэг нэгжээр буулгалаа

ӨЧИГДӨР /2016.12.19/ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА

  • Ардчилсан намын даргад өрсөлдөж буй С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нар албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ гардлаа. Нэр дэвшигчид Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг мөрдөх, АН-ын үндсэн дүрэм журмыг дээдлэх, намын даргын сонгуулийг зохион байгуулах журмыг баримтлах, ил тод байдал, шударга ёсыг сахих, намын эв нэгдлийг хангах, зөвшөөрөгдсөн хэлбэрээр сурталчилгаагаа явуулах, бусад нэр дэвшигчдийн эсрэг сөрөг үйл ажиллагаа явуулахгүй байх, АН-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагааг явуулахгүй байх, ялалт байгуулсан нэр дэвшигчээ хүлээн зөвшөөрч, эв нэгдэлтэй хамтран ажиллах, АН-ын шинэчлэлийн бодлогод бусад нэр дэвшигчийн шинэлэг санаачлагыг тусгах үүрэг хүлээж, хамтын гэрээ байгуулж, гарын үсэг зурав.


  • Орон нутгийн иргэд ажил эрхэлж, амьжиргаагаа залгуулах зорилгоор Улаанбаатар хотыг зорин мянга, мянгаараа ирдэг байсан нүүдэл саарчээ. Харин ч  иргэд нийслэлээс орон нутгийг зорих болсон байна. Статистик мэдээллээс харахад, 2014 онд Улаанбаатар хотоос 1000, 2015 онд 2000 иргэн орон нутагт амьдрахаар шилжилт хөдөлгөөн хийжээ. Шилжилт хөдөлгөөнд өөрчлөлт ороход нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл нь орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгосонтой холбоотой аж.


  • МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Тавантолгойн асуудлаар “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдгээ манай нам амалсан. Тавантолгойг ямар хувилбараар эргэлтэд оруулах вэ гэсэн Засгийн газрын  байр суурь бий. Тэр хүрээнд би ойлголттой байгаа. Өөрөөр хэлбэл, Тавантолгойг 49:51 гэсэн хувилбараар эргэлтэд оруулахаар яригдаж байгаа. Тавантолгойн  49 хувь дээр Хятадын “Шинхуа” компани оролцоод явах бол 51 хувьд нь Монголын компаниуд байна гэсэн ойлголттой байна” гэсэн мэдээллийг өчигдөр өглөө.


  • Өргөдлийн байнгын хороо Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж буй “Үдийн цай” хөтөлбөрийн талаар иргэдийн ирүүлсэн өргөдлийн дагуу албан тушаалтнуудаас тайлбар авах танилцуулга зохион байгууллаа.


  • Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, мөнгөний бодлогын хүүг нэг нэгжээр буюу 14 хувь болгож буурууллаа. Төв банк өнгөрсөн наймдугаар сард бодлогын хүүгээ 11.5 хувиас 4.5 хувиар нэмж, 15 хувьд хүргэсэн юм. Ингэснээр төгрөгийн уналтыг зогсоож, ам.долларын өсөлтийг тогтворжуулна гэж тайлбарлаж байв. Тэгвэл Мөнгөний бодлогын зөвлөлийн өчигдрийн хурлаар 14 хувь болгож бууруулснаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа аж.


  • МАН-ын бүлэг хуралдлаа. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийв. Бүлгийн хурлаар гурван асуудал хэлэлцсэн байна. Тухайлбал, Сонгуулийн тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хууль, Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэх асуудлаар санал солилцжээ. Ингээд дээрх хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэхийг судлах Ажлын хэсэг байгуулахаар болжээ.


  • “Чех улсад ажиллах урт хугацааны визний цаг гаргуулна” гэсэн зар цахим ертөнцөд тарааж, нийт 35 иргэнээс 32 сая төгрөг залилсан бүлэг этгээдийг Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагчид баривчилжээ. Гэмт этгээдүүд өнгөрсөн наймдугаар сараас эхлэн Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яамны цахим шуудангийн хаягийг хуурамчаар үйлдэж, тус яаманд ажилладаг хэмээн хохирогчдыг итгүүлдэг байсан нь тогтоогдсон байна. Мөн хохирогчийн цахим шуудангийн хаяг руу хуурамч шуудан илгээж, "30 минутын дотор мөнгө шилжүүлэхгүй бол цуцлагдана" гэхчлэн иргэдээс их хэмжээний мөнгө нэхэж, залилдаг байжээ.


  • Арванхоёрдугаар сарын 5-11-нд хийсэн тандалтын мэдээллээр, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 89587 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6488 тохиолдол оношлогджээ. Түргэн тусламжийн дуудлагын 43.3 хувийг амьсгалын замын цочмог халдвар эзэлж буй бөгөөд нийт өвчлөгсдийн 85 хувийг 0-9 насны хүүхэд эзэлж байгаа талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.


  • “Утааны эсрэг ээжүүдийн холбоо” Төрийн бус байгууллага эцэг, эхчүүдийн өөрсдийн санаачилгаар нэгдэж буй энэ санаачилгыг дэмжин, албан ёсоор жагсаал зохион байгуулах зөвшөөрөл хөөцөлдөх ажлыг эхлүүллээ. Жагсаалыг арванхоёрдугаар сарын 26-нд зохион байгуулахаар урьдчилан төлөвлөжээ.


  • Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын 50 айлын орон сууцны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. ШШГБ нь өөрийн байгууллагын “Орон сууцны хөтөлбөр”-ийг боловсруулж, ялтныг ажлын байраар хангах, төсөвт зардлыг хэмнэх зорилгоор өөрийн хөрөнгө болон алба хаагчдын орон сууцны зээлийн эх үүсвэрээр 2006 оноос хойш нийслэлд 710 айл, хөдөө орон нутгийн 16 чиглэлд 466 айл, нийт 1176 айлын орон сууц барьж, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.


  • Монгол Улсын нийт нутгийн 70 хувь зудын эрсдэлтэй, 13 аймгийн 110 суманд өвөлжилт хүндэрсэн тухай Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн  зураглалд тусгажээ. Өвөлжилт хүндэрч болзошгүй болсон тул Монгол Улс  олон улсын тусламж авахаар болсон байна.


  • Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын оффшор бүс дэх данстай холбоотой мэдээллийг олон нийтэд танилцууллаа. Тус байгууллагын хуульч Ц.Туяацэцэг хэвлэлийн бага хурал хийж, энэ үеэр “Швейцарийн банкны баримт бидэнд байна. Энэ баримтаар С.Баярцогтын оффшор дансанд 2009 оны аравдугаар сарын 27-нд 9.2 сая ам.доллар орсон нь тогтоогдож байгаа. 2009 оны аравдугаар сарын 7-нд Оюутолгойн гэрээг үзэглэсэн. Тиймээс бидний зүгээс “Оюутолгойгоос эх сурвалжтай мөнгө” хэмээн хардаж, шалгуулж байгаа” гэв.


  • Авлигын асуудлаар шалгагдаж буй Г.Дэнзэнгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Түүнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, “Эрдэнэс-Тавантолгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ ”Говь повер” компанийн дансанд 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр 2015 онд Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн. Тэгвэл нийслэлийн Прокурорын газраас өнгөрсөн баасан гаригт /2016.12.16/ Г.Дэнзэнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Дэнзэн нарын хүмүүсийн хэргийг шүүх тухай Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.


  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр “Азийн сан”-гийн суурин төлөөлөгч Мелони Линдберг нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн засаглал, эрх зүйн орчныг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хийх ажлуудтай холбоотой заалтууд болон “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж