Өлгийтэй бяцхан үрээ тэвэрсэн эцэг, эхчүүдийн цуваа Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Яаралтай түргэн тусламжийн төвийн үүдээр тасрахгүй. Тэдний зарим нь“Хүлээн авах нь хаана байдаг юм бол”, “Яаралтай хүүхдээ үзүүлэх гэсэн юм”, “Манай хүүхэд хоолойн өвдөөд байна” гэх мэтээр жижүүр эмчид хандацгаана. Ингээд хүүхдийн ханиад томуугийн дэгдэлтийн талаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Яаралтай түргэн тусламжийн төвийн тасгийн эрхлэгч Ж.Нармандахтай ярилцлаа.
-Улирлын чанартай ханиад, томууны дэгдэлт их байна. Үүнтэй холбоотойгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн ачаалал хэр байна вэ?
-Хүйтний улиралтай холбоотойгоор улирлын чанартай томуугийн дэгдэлт эхэлж байна. Ердийн үед манай тасагт 150-200 орчим хүүхэд ханддаг байсан. Одоогийн байдлаар энэ тоо 200-300 болж, эрс нэмэгдсэн. Гадуур янз бүрийн вирусын гаралтай халдварууд ихсэж байна. Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотойгоор өвчлөл ч ихэсдэг. Манайд хандаж буй хүүхдүүдийн хувьд ихэвчлэн вирусын гаралтай ханиад туссан байна. Зарим эцэг, эхчүүд өрх, дүүргийнхээ анхан шатны эмнэлэгт хандахгүйгээр шууд гуравдугаар шатны эмнэлэгт хандснаар манай тасгийн ачаалал ихсэх хандлагатай байна.
-Дөнгөж сая нэгэн эцэг, эх “Манай хүүхэд хоолойн өвдөөд бүр уйлж ч чадахгүй байна. Өрхийн эмнэлэг олигтой эмчилгээ бичиж өгөхгүй юм” гээд ирж байгааг сонслоо. Танай тасгийн үүдэнд хэдхэн минут суухад л 10 орчим эцэг, эх хүүхдээ тэврэн ирэхийг ажиглалаа?
-Тийм. Манай тасаг ачаалал ихтэй байдаг юм. Хүүхдэд тань ханиад томуугийн шинж илэрвэл өрхийнхөө эмчид үзүүлж, гэртээ тусгаарлах хэрэгтэй. Ингэснээр эрт үед нь илрүүлж, хөнгөн эмчилгээг хийж эдгээх магадлал өндөр юм. Хэрэв таны хүүхдийн хамарнаас нус гоожих, нүднээс нуух гарах, ганц нэг ханиах, халуурах зэрэг шинж тэмдгээр илэрвэл өрхийнхөө эмчид хандаж, эмчилгээгээ хийлгэх нь зүйтэй. Ханиад тусч буй хүүхдийг аль болох цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байх хэрэгтэй. Эцэг, эхчүүд ханиадтай хүүхдэдээ эм өгч, цэцэрлэг, сургуульд нь явуулснаар томуугийн вирусын халдвар авах нөхцөлийг нь бүрдүүлж өгөөд байна.
-Ханиад томуугийн дэгдэлт хүйтний улиралтай холбоотойгоос гадна агаарын бохирдол ихээр нөлөөлж байна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Насанд хүрэгчдийг бодоход хүүхэд хоёр дахин хурдан амьсгалдаг. Мөн хүүхдийн уушги бүрэн бүрэлдэж тогтоогүйгээс ханиад томуунд ихээр өртөж байна гэж ойлгож болох уу?
-Ихэвчлэн 0-5 насны хүүхдүүд буюу хөхүүл, нярай, бага насныхан ханиад томуу их тусч байна. Ерөнхийдөө хүүхдийн амьсгалын эрхтэн найман нас хүртэл бүрэн гүйцэд хөгждөг. Тэгэхээр найман нас хүртэлх хүүхдүүд маань амьсгалын эрхтний систем бүрэн хөгжиж дуусаагүй байдаг гэсэн үг. Тиймээс бага насны хүүхдүүдэд гадны хүйтэн, утаатай агаар өвчин үүсгэхэд нөлөөлөх хүчин зүйл болж байгаа нь үнэн.
-Уушгины хатгалгааны улмаас 0-5 насны хүүхдүүдийн амь нас эндэж байна гэх юм. Зарим эцэг, эхчүүд хатгалгаа, ханиад хоёрыг сайн ялгадаггүйгээс бас ийм харамсалтай зүйл болдог юм шиг?
-Хэрэв хүүхэд чинь ханиадтай байгаа бол хамгийн түрүүнд амьсгалын тоог нь анхаарах хэрэгтэй. Хүүхэд ханиад хүрсний дараагаар хатгалгаа тусвал амьсгаадаад ирдэг. Мөн хүүхдийн цээж хонхолзож байвал хатгаа өвчин туссан гэдгийг мэдэж болно. Энэ үед эмчид яаралтай хандаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ёстой.
–Сүүлийн үед хүүхдүүдийн дунд вирусын гаралтай ханиад ихэсч байна. Үүнийг зарим мэргэжилтнүүд утаатай холбон тайлбарлах нь бий. Жишээ нь нулимс гоожих, гүйлгэх, нулимс гоожих зэрэг нь вирусын гаралтай ханиад мөн үү?
-Ер нь амьсгалын замын өвчин нянгаар, вирусаар үүсдэг. Хэрэв үнэхээр эмч вирусын гаралтай ханиад гэж оношилсон бол эм өгч, нянгийн эсрэг эмчилгээ хийдэггүй. Вирусын гаралтай ханиад үүгээрээ л ялгаатай. Эцэг, эхчүүд хүүхдээ ханиад хүрлээ гэхээр л эмчийн зааваргүйгээр эм, бэлдмэл худалдан авдаг. Гэтэл вирусын гаралтай ханиад нь өөр төрлөөр үүсч байгаа учраас вирусын эсрэг бэлдмэл, эмчилгээг эмчийн заавраар хийх ёстой байдаг.
–Агаарын бохирдол хүүхдийн уушгинд хэрхэн сөргөөр нөлөөлдөг бол?
-Одоогоор ханиад томуугийн дэгдэлт агаарын бохирдлоос үүдэлтэй гэдгийг судалсан судалгаа байхгүй. Гэхдээ агаарын бохирдол хүүхдийн уушгинд шууд нөлөөлнө. Ханиад туссан хүүхдийн гуурсан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, амны салст, хоолойн хөөмийн салстууд үрэвсэж, улайсан байдаг. Гэтэл утаатай агаар харшлыг нь цочироогч болж өгдөг. Эмнэлзүйн хувьд үрэвслийг улам идэвхжүүлж өгдөг учраас хүүхдэд улам л хортойгоор нөлөөлнө.
Холбоотой мэдээ