Японы засгийн газар болон Хойд Солонгосын эрх баригчид нууц уулзалт зохион байгуулсан талаарх ойрын эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн "Kyodo News" агентлаг мэдээлжээ.
2016 оны 9-11 дүгээр сарын хооронд зохион байгуулсан гурван удаагийн уулзалтад Пхеньяны талаас Хөдөлмөрийн намын олон улсын харилцааны хэлтсийн төлөөлөгчид, харин Японы талаас Гадаад хэргийн яамны албаны хүмүүс оролцсон гэж эх сурвалж мэдээлсэн байна.
1970, 80-аад оноос эхтэй Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудал өдийг хүртэл шийдэгдээгүй, мухардмал байдалд байгаа. Ээдрээтэй асуудлыг дахин сөхөж, нааштай үр дүнд хүрэхийн тулд талууд ийн нууцаар зөвлөлдсөн бололтой. Эхний уулзалт энэ оны есдүгээр сард Хятадын зүүн хойд бүсэд орших хотод болсон гэдгийг эх сурвалж дурьджээ. Энэ нь 2004 онд Пхеньянд болсон дээд хэмжээний уулзалтаас хойш анх удаа БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын олон улсын харилцааны хэлтсийнхэн биечлэн оролцсон тохиолдол болсон гэнэ. Эх сурвалжийн өгүүлснээр Хойд Солонгосын Хөдөлмөрийн нам нь Шинзо Абэ тэргүүтэй Японы Либерал-Ардчилсан намтай харилцаа холбоогоо сэргээх сонирхолтой байгаа бололтой.
Сануулахад, 2004 оны тавдугаар сарын 22-нд Хойд Солонгосын нийслэлд болсон саммитад Японы талаас хожим нь ерөнхий сайдаар сонгогдсон Жүничиро Коизүми, нөгөө талаас тухай үеийн Умардын удирдагч Ким Чен Ир нар оролцож байжээ. Уулзалтын үр дүнд өмнө нь нутаг буцсан Японы таван хохирогчийн гэр бүлийг буцааж, амьд эсэх нь тодорхойгүй япон иргэдийн талаар Хойд Солонгосын тал нэн даруй үнэнийг тогтоох нарийвчилсан судалгаа хийхээ мэдэгдсэн юм. Гэвч одоог хүртэл Хойд Солонгосын эрх баригчид хүлээн зөвшөөрөхүйц тайлбар хийгээгүй гэж Японы тал тайлбарладаг.
Талуудын хоёр дахь уулзалт 2016 оны аравдугаар сарын эхээр Хятадын өмнөд зүгийн боомт хотод болсон бол удаах нь арваннэгдүгээр сард өөр нэг хотод болсон байна.
Өмнөхтэй харьцуулахад, аравдугаар сарын уулзалт илүү дээд төвшинд болж, Токиогоос Абэтэй ойр харилцаатай байдаг гэх Гадаад хэргийн яамны ахлах ажилтан, харин Пхеньянаас энэ асуудлаарх Ким Чен Уны байр суурийг илэрхийлж чадах намын дээд төвшний албан тушаалтан оролцсон гэнэ. Гэхдээ Японы засгийн газраас Гадаад хэргийн яамны ажилтнууд Хятадад очсон, эсвэл Хойд Солонгосын талтай уулзалт хийсэн тухай мэдээллийг үгүйсгэсэн байна.
2016 оны энэхүү гурван уулзалтаас өмнөх сүүлийн уулзалт 2014 оны тавдугаар сард болсон ба талууд Стокгольмд хэлэлцээр хийж, өнгөрсөн үеийн гунигт асуудлууд, үүний дотор япон иргэд Хойд Солонгост хулгайлагдсан асуудлаар тодорхой зөвшилцөлд хүрсэн байдаг аж. Японы талаас 1945 оноос хойш Хойд Солонгост хулгайлагдсан, тус улсын нутаг дэвсгэрт амиа алдсан япон иргэдтэй холбоотой нарийвчилсан судалгаа гаргаж өгөх хүсэлтийг тавьж иржээ. Харин Хойд Солонгосын тал үүнийг хүлээн зөвшөөрч, япон иргэдэд холбогдох бүх асуудлыг шийдвэрлэх зорилготой гэдгээ уламжилж байсан аж. Хариуд нь Япон улс дангаар Хойд Солонгосын эсрэг авч хэрэгжүүлж буй хоригоо цуцлахаар амлаж байв. Гэвч Хойд Солонгос судалгааны үр дүнг танилцуулах асуудлыг удаа дараа хойшлуулж байсан юм. Улмаар Хойд Солонгос дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийсний дараа Япон өнгөрсөн хоёрдугаар сард умардын эсрэг хоригоо чангатгаснаас үүдэн тэд судалгааны ажлаа зогсоож, ажлын хэсгийг тараасан байдаг.
Хойд Солонгосын талаас япон иргэдийг хулгайлсан гэдгээ няцааж ирсэн ч 2002 онд Пхеньянд зохион байгуулсан Япон, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр анх удаа үүнийг хүлээн зөвшөөрчээ. Тэд энэ асуудалд уучлалт гуйхын зэрэгцээ энэ явдлыг таслан зогсоохоо амласан байдаг. Япон иргэдийг хулгайлах болсон шалтгаан нь Өмнөд Солонгосын эсрэг тагнуул болгон бэлтгэх, Хойд Солонгосын тагнуулуудад япон хэл сургаж, япон хүн мэтээр амьдруулж, япон хүн мэт харагдуулах, улмаар хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулах зорилготой гэгддэг билээ.
С.ЦЭЛМЭГ