Сонгогчдын коллеги Трампын ялалтыг баталгаажууллаа

Хуучирсан мэдээ: 2016.12.20-нд нийтлэгдсэн

Сонгогчдын коллеги Трампын ялалтыг баталгаажууллаа

Дональд Трампыг АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр баталгаажууллаа

АНУ-ын Сонгогчдын коллеги Дональд Трампыг 45 дахь ерөнхийлөгчөөр батламжиллаа. Одоо тэд энэ шийдвэрээ Конгрессийн нэгдсэн хуралдаанд ирэх нэгдүгээр сарын 6-нд танилцуулах юм байна.

Арваннэгдүгээр сарын 8-нд Америк даяар болсон ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад ялалт байгуулснаар хойш тэрбээр ийнхүү зургаан долоо хоногийн дараа Сонгогчдын коллеги буюу Төлөөлөн сонгогчдоос шаардлагатай 270 саналыг авч, ялалтаа баталгаажуулжээ. Ялалтын дараа Трамп “Улс орноо нэгтгэхийн тулд хүчин чармайлт гаргаж, бүх америкчуудын ерөнхийлөгч байх болно” хэмээн мэдэгдсэн байна.

Дональд Трампыг эсэргүүцэж, батламжлахгүй байхыг шаардсан и-мэйл, утасны дуудлага тасрахгүй ирж байсан ч Сонгогчдын коллеги тэрбумтан ерөнхийлөгчийг дэмжиж, түүний ялалтыг баталгаажуулсан байна.

АНУ-ын сонгуулийн систем нь хоёр шатлалтай. Эхний шатанд сонгогчид АНУ-ын ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн хүмүүст саналаа өгөх бөгөөд хожим нь Сонгогчдын коллеги тэднийг дэмжин баталдаг. Онолын хувьд Сонгогчдын коллеги ялалтыг батлахгүй байж болох ч Америкийн түүхэнд ийм зүйл тохиолдож байгаагүй гэнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж