Мисс А.Баярцэцэгийн ээж: Охин маань өөрийгөө маш их дайчилсан

Хуучирсан мэдээ: 2016.12.20-нд нийтлэгдсэн

Мисс А.Баярцэцэгийн ээж: Охин маань өөрийгөө маш их дайчилсан

“Дэлхийн мисс” шалгаруулах 66 дахь удаагийн тэмцээний шилдэг 11 оролцогчийн нэгээр шалгарсан А.Баярцэцэгийн ээж Л.Цэрэнчимэдтэй ярилцлаа. Тэрбээр ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуульд хүний нөөцийн багшаар 23 дахь жилдээ ажиллаж байгаа аж.


Л.Цэрэнчимэд арын албанд ажилласан багийнханд болон нийт монголчууддаа Талархлаа илэрхийлж байгаа нь. 2016.12.19

-А.Баярцэцэг “Дэлхийн мисс-2016” тэмцээнд амжилттай оролцлоо. Та өөрийн сэтгэгдлээ манай уншигчдад хүргэхгүй юу?

-Баярлалаа. Сэтгэл маш өндөр байна. Охины маань амжилт бүх монголчуудын итгэл, зүтгэл байлаа. Нэгэн зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажил төрөл, нойр хоолоо умартан, бид нэгдэж чадвал ямар хүчтэйг дэлхийд харуулж чадлаа. Гадны олон хэвлэл, мэдээллэээр биднийг цөөхөн хүн амтай учир байр эзлэх боломжгүй гэдэг мэссэжийг өгсөөр байсан. Гэхдээ энэ цөөн хоногт бид хамтдаа байж чадсан учраас үүнийг үгүйсгэж чадсан нь амжилт. Бүгдэд нь охиныхоо өмнөөс халуун талархал илэрхийлж байна.

Цөөн хоногт бид хамтдаа байж чадсан учраас үүнийг үгүйсгэж чадсан нь амжилт. Бүгдэд нь охиныхоо өмнөөс халуун талархал илэрхийлж байна.

-Миссийн тэмцээнд шилдэг 10 оролцогч шалгаруулдаг. Гэхдээ энэ удаа 11 дэх гоо бүсгүйг олон нийтийн санал асуулгаар тодрууллаа. Түүнийг энэ асуулгыг тэргүүлж, шилдэг 11-ийн нэгээр нэрлэгдэх хүртэл бид маш их хүлээлтэй байсан. Та бол бүр ч илүү хүлээж, догдолсон байх?

-Тийм ээ. Шилдэг 10-т БНСУ, Белги гээд явцын шалгаруулалтад сайн байгаагүй миссүүд ороод ирэхэд гайхсан. Гэхдээ дахин нэг миссийн нэрийг зарлах боломж байгааг мэдэрч байсан ч яах бол гээд түгшиж суулаа. Би охиныг маань дэмжин ажилласан багийнхан болон оюутнуудын хамт “Red Hero VIP Cinema”-д үзсэн. Манай оюутнууд “11 дэх нь манайх” гээд их л итгэлтэй байгаад байлаа. “Монголын мисс” гэж зарлах тэр мөчид энэ олон хоног нойргүй зүтгэж байсан оюутнууд, нийт монголчуудын минь зүтгэл талаар болсонгүйг харах үнэхээр гайхмаар байсан.

Л.Цэрэнчимэд арын албанд ажилласан багийнханд болон нийт монголчууддаа Талархлаа илэрхийлж байгаа нь. 2016.12.19

-“Авьяаслаг мисс”-ийг тодруулах Mobstar апп-ыг зохион байгуулагчдын зүгээс гэнэт танилцуулсан. Эхэндээ манай мисс саналаар нилээн хойгуур байлаа. Сүүлийн гурав хоног Mobstar дээрх санал асуулга маш хурдан нэмэгдсэн?

-“Дэлхийн мисс”-ийн явцын шалгаруулалт арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхэлсэн. “Авьяаслаг мисс”-ийн урьдчилсан шалгаруулалтаас шилдэг 20-г шалгаруулж үлдээсэн. Тэдэн дундаас дахин 10-ыг шалгаруулсан. Баяраагийн үзүүлбэр шилдэгт багтаж, Mobstar санал асуулгад оролцож эхэлсэн. Эхлээд бид энэ талаар сайн мэдээлэлгүй байлаа. Гэтэл санал асуулгаар манай охин 98-д явж байсан. Тэгээд л оюутнуудаа дайчилсан. Тухайн үед олон улсын мэдээллийн сайтууд Монголын оролцогчийг шилдэгт багтана гэж мэдээлж байсан ч санал асуулгаар боломжгүй юм байна гэдэг нь харагдсан. Сүүлийн гурав хоног охиныг маань дэмжиж байгаа багийн залуус маш ажилласан. Сайн дураар ажилласан залуус ч олон байлаа. “Авьяаслаг мисс”-ийн санал асуулга бямба гаригийн /2016.12.18/ өглөөний 08.00 цагт хаагдах байсан. Урьд өдөр нь охин гуравдугаарт орж ирсэн. Филиппиний мисс саналаар хол тасарсан байсан учраас түүнийг гүйцэх хэрэгтэй байдаг. Ингээд баасан гаригийн шөнө оюутнуудтайгаа болон нийт монголчуудтайгаа хамт саналаа өгсөөр түрүүлж чадсан. Уг нь “Авьяаслаг мисс”-ийн санал хураалтад Mobstar дээр авсан саналаар ялагч болж, финалын өдөр авьяасаа үзүүлэх байсан. Зохион байгуулагчдын хэлснээр бол бямбын өглөөний 08.00 цагт санал хаагдах ёстой байлаа. Бид түрүүлчихлээ гэж баярлаад байдаг. Гэтэл филиппинчүүд саналаа өгсөөр оройн 21.00 цагт саналаараа дахин тэргүүлж эхэлсэн. “Miss World”-ийн албан ёсны сайтад мэдээлэл гардаггүй. Ингээд шөнө дунд Монголын оролцогч авьяасын үзүүлбэрт түрүүлж, шилдэг 20-д шууд оролцох боломжтой болсныг албан ёсоор зарласан. Тэр үед л тайвширсан даа. Энэ бүгдэд сайн дураараа зүтгэсэн та бүхэндээ үнэхээр их баярлаж байна.

“Miss World 2016” тэмцээний шилдэг оролцогч А.Баярцэцэг аав, ээжийн хамт.

-Мэдээж, энэ том шалгаруулалтад амжилттай оролцоход тухайн оролцогчоос шалтгаалахгүй бусад шалгуур, шаардлагууд байгаагийн нэг нь санал асуулгын үр дүн. Та бүхэн санал асуулгыг идэвхижүүлэхэд сайн ажиллаж чадсан?

ШУТИС, СУИС, “Сант” сургуулийн оюутан, сурагчид гээд санал асуулгад идэвхтэй оролцсон олон сургууль байна. Нийт сайн дураараар ажилласан оюутан, залуус та бүхэндээ их баярлалаа гэж хэлмээр байна.

-Үнэндээ өнгөрөгч арваннэгдүгээр сард охиноо “Дэлхийн мисс”-т явахаар болчихлоо гэхэд нь жаахан айж л байлаа. Гэхдээ өнгөрсөн онд “Эх дэлхийн мисс”-т шилдэг 16-д үлдсэн болохоор бас дэмжмээр санагдаад байдаг. Охин минь өөрийгөө их дайчилсан. Тийм байхад нь ээжийн хувьд үнэхээр зүгээр сууж чадаагүй. Явцын шалгаруулалт онлайн саналаар авдаг болсон болохоор яалт ч үгүй оюутнуудаа дайчлахаас аргагүй болсон. ШУТИС, СУИС, “Сант” сургуулийн оюутан, сурагчид гээд санал асуулгад идэвхтэй оролцсон олон сургууль байна. Нийт сайн дураараар ажилласан оюутан, залуус та бүхэндээ их баярлалаа гэж хэлмээр байна. Багшийн хувьд саяын өдрүүдэд шавь нараараа бахархаж байлаа. “Сант”, ШУТИС-ийн төгсөгчид бүр ч их ач холбогдол өгсөн. Зарим оюутнууд маань хэвлэлээр мэдээллийг түгээхэд их дэмжлэг болсон. Чойжилсүрэн шавиас маань эхлээд сурталчилгааг телевизээр сайн хийлээ. Учир нь бид “Авьяаслаг мисс”-ийн санал асуулгад түрүүлж, шилдэг 20-д багтах нь чухал байсан. Нийт монголчууддаа баярлалаа.

-А.Баярцэцэг багадаа ямар хүүхэд байсан бэ?

-Баяраа айлын ганц охин. Бага байхын их хөдөлмөрч хүүхэд байсан. Өөрийнхөө хийнэ гэсэн зүйлээ заавал хийдэг. “Сант” дунд сургуулийг дүүргэж, ШУТИС-ийг төгссөн. Жүжигчин болох гэж АНУ-д хоёр жил суралцсан. Үнэндээ би телевизээр гарах дургүй. Гэтэл охин минь өөр юм аа. Өнөөдөр охиноо “Дэлхийн мисс”, гоо сайхны том ертөнцөд эх орноо сурталчилж яваад нь бахархаж суулаа. Миний охин өөрийнхөө зорьсныг биелүүлж чадлаа. Ер нь аливаа юмны анхны суурийг сайн тавих нь чухал байдаг. Аав нь сая тэмцээний өдрүүдэд ОХУ руу ажлаар явчихсан байсан. Он гаргаад ирнэ. Тийм болохоор арын албаны хүндтэй үүрэг ээжид нь үлдсэн.

Л.Цэрэнчимэд ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуульд 23 дахь жилдээ багшилж байна.

-А.Баярцэцэгийн авьяас үзүүлбэр, видео танилцуулга их өвөрмөц байсан. Тэр анх удаа илбийн үзүүлбэр хийж, мөн танилцуулга видеогоор дамжуулан монголоо сайн сурталчилж чадлаа?

-Баяраа каллиграф бичгийг маш сайн зурдаг. Энэ нь түүнд монгол бичгээ дэлхийд сурталчлах нэг боломж байсан. Энэ удаа илбэ үзүүлсэн. Түүнд Билэгт гэдэг залуу илбийн үзүүлбэрийг зааж, зөвлөсөн. Миний бодлоор их хүнд үзүүлбэр байсан. Анх удаа “Дэлхийн мисс”-ийн тайзнаа илбэ үзүүлсэн тохиолдол болсон гэж сонссон. Тулгаа гэж залуу түүний видео танилцуулгыг хийсэн. Их олон хоног зарцуулсан. Өнгөрсөн жил “Эх дэлхийн мисс”-т монголоо сайн сурталчилж чадсан шиг энэ удаагийн видео танилцуулга ч мөн шилдэг хандалтыг авлаа. Видео танилцуулга сошиалд гадныхны саналыг авахад их нөлөөлсөн байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж