Автомашины ертөнцөөс

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Автомашины ертөнцөөс

БҮРЭН ТӨГС

Зөвхөн газар сайгүй явагчийн дөрвөн дугуй л “мааждаг” гэдэг ойлголт хэдийнэ хоцрогдсон. Одоо харин хүмүүс дөрвөн дугуй нь “мааждаг” хөнгөн тэрэгтэй болохыг  хүсч байна. Гэхдээ л «4×4» систем хэрэв тийм сайн байсан юм бол яагаад түүнийг зохион бүтээгчид олон жилийн турш тоогоогүй юм бол гэсэн асуулт гараад байх юм. Гэтэл үнэн хэрэгтээ тэр нь тийм ч амархан эд биш.

Манайхны давхар мосттой гэж яриад байдаг системд давуу тал олонтай ч бас дутагдалтай зүйл бий. Уг нь ийм автомашин техникийн талаасаа нарийн, найдвартай гэж хэлэгдэхээр. Бусад ердийн машинтай харьцуулахад жин ихтэй, шатахуун их зарцуулдаг. Дээр нь үйлдвэрлэлийн зардлаас гадна худалдах үнэ нь өндөр. Ер нь хоёр тэнхлэгтээ удирдлагатай суурийг бүтээх нь авто үйлдвэрлэгчид энгийн хэрэг биш юм. Тийм асуудалтай хэдэн жилийн өмнө Peugeot тулгарсан юм. Зах зээлд хоёр тэнхлэгтэй машины эрэлт ихтэй байдаг. Гэтэл францчууд асуудлаа амжилттай шийдэн нэг сумаар хоёр туулай агнажээ. Тэд урьд тэнхлэгийн мацалттай машинаас хэмнэлттэй трансмиссийн төрлийг бүтээжээ.

Шинэ ер бусын төхөөрөмжийн системийн давуу талыг та Peugeot 508 RXH гэх шинэхэн загвараас мэдэж болно. Шинэ явалт сайтай машиныг ердийн 508 SW загварын бааз дээр бүтээжээ. Гадаад төрхийн гол өөрчлөлт нь зурагдахгүй бүх бат пластикаар бүтээсэн “жиип”-ний гэмээр их биетэй. Хүчний хибрид төхөөрөмжтэй дугуй нь бүрэн хэмжээгээр “маажих” боломжтой. Энэ системийг эхлээд 3008 загварт  туршиж үзсэн бөгөөд “олон талын зориулалттай” 508-д  нэвтрүүлсэн байна. Урд дугуйнуудыг хоёр литрийн дизель хөдөлгүүр хөдөлгөөнд оруулах бөгөөд арын дугуйнуудын хөдөлгөөнийг цахилгаан мотор явуулдаг ажээ. Цахилгаан мотор нь тормозлох эсвэл дизелийн хөтөлгүүрээсээ цэнэглэгддэг аккумулятороор ажилладаг байна.

Энэ холимог хөдөлгүүр нь нийлээд 200 морины хүч гаргах чадалтай. Машин хэсэг хугацаагаар цахилгаан хөдөлгүүрээ ашиглан явж чадна. Шатахууны дундаж зарцуулалт нь зуун км-т 4,2 литр. Бүтээмж нь энгийн мэт санагдах авч Peugeot  ийм технологийг ашиглаж байгаа цорын ганц компани болж байна. Францчууд шинэлэг машинаа ирэх жилийн хавраас зарж эхлэх гэнэ.

ДЭЭВРИЙГ НЬ ХУУЛСАН CABRIOLET

Хурдаа 9,9 секундад хурд авдаг гэнэ үү? Машины хорхойтнууд “их юмаараа гайхуулж дээ” гэж хэлэх байлгүй. Гэтэл энэ хугацаанд 100 биш 200 метрийг туулах хурдтай гэвэл гайхна биз дээ? Ийм гайхамшигтай чадварыг энэ кабриолет үзүүлж байна. Зүгээр нэг “мерс” биш яг нарийвчлан хэлбэл Brabus урланд бүтээсэн 800 E V 12 Cabriolet. 

Энэ тусгай загварын үйлдвэрлэлийнх гэхгүй авто үйлдвэрлэгчдийн хэмжээнд авч үзэх нь их. Аргагүй биз дээ. Тэндхийн мэргэжилтнүүд үйлдвэрийн дамжлагын “Мерседес”-үүдийг шинэчлэхдээ гарамгай хүмүүс аж. Брабусынхан тэдний энэ бүтээл дэлхийн хамгийн хурдан, дөрвөн суудалт “кабрик” гэж үзэж байна.

Үүнтэй маргах аргагүй. Дээд хурд нь 370 км/цаг. Тэвш нь хаалттай үед ингэж хурдалж чадна. 100 км/цагийн хурдыг 3,7 секундад авах бөгөөд 23 секундын дараа 300 км/цагийн хурдтай болсон байна. Энэ бүх үзүүлэлтийг гаргахын тулд эхний ээлжинд хөдөлгүүрийг нь солин дамжлагын  Mercedes-Benz блокын бааз дээр бүтээсэн V12 хөдөлгүүрийг тавьсан байна. Ажлын эзэлхүүнийг нь 5,5-аас 6,3 литр болгожээ. Стандартын турбо үлээлгийг Brabus-ийн илүү хүчин чадалтай төхөөрөмжөөр сольсон байв. Эдгээрийн улмаас хүчин чадал нь  800 морины хүчинд хүрэв.

Эргэлтийн хязгаарлалтыг цахим төхөөрөмжийн тусламжтайгаар 100 ньютон-метрт барьсан байна. Зөвхөн хөдөлгүүрийн өөрчлөлтийг хийсэн биш. Машинд Bilstein компанитай хамтран хийсэн резинтэй 19 дюймын тормозын зээрэнцэг зэрэг төхөөрөмжүүдийг тавьсан байна. Машины эх биеийн пластик болон карбоноор хийсэн бас дотор талын тавилтуудыг ч өөрчилжээ. Ийм машиныг тусгай захиалгын дагуу урланд угсрах юм байна. Хамгийн хурдан кабриолетын үнэ Европт 478 мянган еврогоос эхлэх аж.

АЖИЛ, АМЬДРАЛЫН ГЭХЭЭР…

Загварын иг хандлага тогтоосон Renault Frendzy загварыг бүтээгчид зориулалт нь арилжааны байхаар энэ машинд гэр бүлийн авсаархан шинжийг оруулж өгчээ.
Frendzy машиныг зүүнээс нь харвал ердийн “өсгийт шаахай” бөгөөд Kangoo загваруудын шинэ үеийн эхлэл гэж хэлж болохоор. Ачааны зайтай сав, баруун гар дор нь таблет компьютертай жолоочийн суудал, дэлгэгдэн онгойдог урд хоёр хаалга ба гүйж онгойдог арын хоёр хаалга байгаа. Хаалгануудын хооронд төв зааглалт байхгүй нь ачаа ачихад тохиромжтой. Сонирхолтой санаа нь хаалганы хөдөлгөөнтэй хэсэгт 37 дюймын дисплей байрлуулсан. Машины баруун талаас нь харвал ердийн уламжлалт хоёр хаалгатай ердийн вэн ангиллын машин шиг харагдана.

Машины дотор тал симметрийг барьсан ч ажлын зориулалтаас шалтгаалан өөрчилж болно. Ажлын дэглэмээр урд суудлыг хурааж болно. Бас ажил хэрэгч байдлыг төрүүлэхүйц ногоовтор өнгөөр гэрэлтүүлж болно. Renault-ийг гэр бүлийн болговол гэрэлтүүлгийг янз бүрийн өнгөөр солин арын диваны араас гэрэлтүүлж  болно.  Техникийн талаасаа Frendzy нь Kangoo загварын үйлдвэрийн дамжлагын машинуудтай адилхан. Харин хөдөлгүүр нь цахилгаан. Машиныг 60 хүчний цахилгаан хөдөлгүүр хөдөлгөөнд оруулан 130 км/цагийн хурдыг гаргадаг.  Туулах замын хэмжээг нэрлээгүй байна. Kangoo Express Z.E. гэх цахилгаан машины  нэг удаагийн цэнэгээр туулах зам нь 170 км. Цахилгаан машинууд нь дуу чимээ багатай учраас жолоочийн анхаарлыг сулруулах мөн явган зорчигчдод халтай. Тиймээс энэ машинд янз бүрийн дууг хуулбарлан гаргах төхөөрөмж байгаа. Renault-ийн чиг хандлагыг тодорхойлсон энэ загварыг есдүгээр сарын Франкфуртын авто салон дээр танилцуулах юм байна.

ДУТАГДАЖ БУЙ ХЭСЭГ

Орост худалдаж байгаа ихэнх автомашин нь гольф ангиллынх бөгөөд хамгийн алдартай нь седан төрлийн тэвш гэж арваад жилийн өмнө гадаадын авто үйлдвэрлэгч бүр л ярьж байсан байх. Тэгээд ч тэд Орост зориулаад дөрвөн хаалгатай загваруудыг түлрүү нийлүүлдэг байжээ. Одоо бол байдал өөрчлөгдөж байна. Юуны түрүүнд авсаархан, тав духтай хетчбэк төрөл автынхны дунд алдаршиж байна. Хэрэв хэн нэгэни нийтийн загварыг сонирхохгүй байгаа юм бол яагаад түүнийг сонирхож байгаа загварт нь хувиргаж болохгүй гэж? Ийм санааг шинэ Jetta седаны суурь үнийг тогтоохдоо  Volkswagen барьсанбололтой. Ийм машины төлөө Орос дахь албан ёсны дилерүүд нь 784 мянган рубль төлөхөд бэлэн байна. Зөөлнөөр хэлбэл их л мөнгө юм даа!

Гэхдээ тэнд юу байгаа жагсаалтыг харвал үнэ нь тохиромжтой юм. Jetta-гийн бааз нь энэ ангилалдаа байхааргүй 150 морины хүчтэй, 1,4 литрийн багтаамжтай турбин хөдөлгүүртэй, АВС, аюулгүйн зургаан дэр, кондиционер, аудиосистем, урд суудлын халаагч шил толийг буулгах цахим удирдлага гээд л байхгүй зүйл алга. Дээр нь нэмээд 89 мянган рубль төлбөл зургаан шатлалтай хурдын хайрцагны оронд долоон диапазонтай автомат хурдны хайрцагтай хувилбарыг нь авч болно. Харин Оросын зах зээлд гаргаж байгаа загварт нь хибрид хөдөлгүүр давхар мост байхгүй.  Шинэ машин үнийн хувьд хэтчбек Golf ба өмнөх Passat загвараас  хямдхан байна.

ГАВШГАЙ ПАЦААН

Энэ “нугасны муухай дэгдээхэй” дэлхийн хамгийн аюулгүй машинуудын нэг гэнэ. Хамгийн гавшгай дээрэмчин  ч таныг энэ машинаас гаргаж хаяж чадахгүй. Учир нь энэ машин хаалгагүй. Жин багатай учир хаа ч тантай цуг. Харин та машиндаа суухын тулд бүхээгний урд хэсгийг сөхнө. Gordon Murray Design компанийхан хаалганы асуудлыг ингэж шийдсэнээр машины жин багассанаас гадна бүхээгийг бэх бат болгож өгсөн байна. Харин явган хүмүүс таны ийм машиныг хараад хэрхэн дотор нь орчихив оо гэж гайхах нь мэдээж.

Бяцхан гавшгай машины “ид шид” үүгээр ч зогсохгүй. T.27 цахилгаан машин гээч. GMD-ийн британичууд бүтээсэн машинаа энэ ангилалдаа хамгийн үр ашигтай гэж хэлж буй. Хөдөлгүүр нь дөнгөж 34 мориных ч гэсэн эргэлтийн эгшин нь асар их 875 ньютон/метр хүрч байна. Энэ “хорхойхон” 160 км замыг нэг явалтаар туулах бөгөөд 105 км/цагийн хурдыг 15 секундын дотор авч байгаа нь залгууртай машины хувьд сайн үзүүлэлт.

T.27  машины урт 2,5 метр, өргөн нь 1,3 метр ба ердийн нэг машин зогсох байранд гурван ийм машин тавьж болно хэмээн  британичууд хэлж байна. Гэхдээ ачааны сав нь 190 литрийн багтаамжтай гээч.  T.27 зургаан метрийн дотор эргэж чадахаараа гайхуулж байгаа. Осолд орлоо гэхэд таныг уралдааны машиных шигээр хийсэн бүхээг нь аварна. Euro NCAP-т хийсэн туршилтаар хажуунаас 50 км/цагийн хурдтай мөргөхөд бүхээгийн орон зайг бараг эвдлээгүй байна. Үүний зэрэгцээ модулийн зохион бүтээлт нь гэмтсэн элементүүдийг хурдан шуурхай солих боломжийг өгч байна.

Хамгийн гол нь! T.27-гийн үнэ тийм өндөр гарахгүй бололтой. Ихэнх цахилгаан машины үнийн зарлагыг гаргадаг зай энэ машинд жижиг­хэн байгаа  учраас үнэ өндөр биш байх ажээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж