Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж, “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцсэн. Үүний дараа Эдийн засгийн байнгын хороо дангаараа хуралдаж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд, хэлэлцэх эсэхийг дэмжлээ.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өчигдөр /2016.12.19/ МАН-ын бүлэг хэлэлцсэн билээ. "Хуулийн төслийг энэ байгаагаар нь батлах юм бол аж ахуй нэгжид дарамт болох учраас засч сайжруулах ёстой" гэж үзсэн талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдсэн. Харин өнөөдөр Байнгын хорооны гишүүд уг асуудлыг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Өнөөдөр үйлчилж байгаа Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль шаардлага хангаад явж байхад олон зүйл заалттай хуулийн төсөл оруулаад ирэх юм. Хэлэлцэхгүй гээд байхад дахин дахин оруулж ирээд байдаг. Энэ хууль батлагдвал Жижиг дунд үйлдвэр /ЖДҮ/ дээр очиж наалдана. Бүх хүнийг бизнес хийх сонирхолтой болгомоор байна. Бизнес эрхлэгчдийг яаж хөгжүүлэх вэ гэж ярих ёстой. Шинээр бизнес эрхлэх сонирхлыг төрүүлэх ёстой. Дараа нь шалгадаг барьдаг зүйлээ хий. Эсвэл ЖДҮ эрхлэгчдийг энэ хуулиас хасах хэрэгтэй. Өнөөдрийн хэрэгжиж байгаа хууль болохгүй байна гэж би харахгүй байна.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа:
-Энэ хуулийн төсөл Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн эсрэг байгаа юм шиг ойлгогдож байна. Торгуул, зөвшөөрөл гэх мэт зүйл нь ЖДҮ эрхлэгчдэд хүндрэл бэрхшээл болж мэдэх юм. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийг засч сайжруулж оруулж ирсэн гэж харагдахгүй байна. Бид хуулийн төслийг судлах хугацаа хэрэгтэй байна. Таван хүн, арван хүнийг ажлын байраар хангаж байгаа ЖДҮ эрхлэгчдийг хуулийн “хөлд” чирж болохгүй.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Хэрэглэгчийн хэрэглээний соёл гэдэг асуудал маш чухал юм. Тиймээс энэ хуулийн төслийг нэлээн удаан сууж боловсруулсан. Хуулийн төслийг дэмжээд явах юм бол хэлэлцүүлгийн шатанд засаад сайжруулаад явах боломжтой.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Хянадаг шалгадаг байгууллагын тоо манайд зөндөө бий. Гэтэл тэр хэмжээгээр байдал сайжирч байна уу гэвэл мэдрэгдэхгүй байна. Эмчилгээний асуудал гэхэд гадаад дотоодын олон байгууллага байгаа. Зарын дагуу яваад очихоор тухайн хөгшинд 10 хоног өвчин намдуулах тариа хийж, нойртой амраагаад явуулчихдаг. Гэртээ очоод гурав хоноод өвчин нь сэдрэхээр “гам алджээ, та” гээд дахиад эмчилнэ гэдэг. Түүний араас гомдоллож явдаг хүмүүс байхгүй. Хяналт шалгалтынхны хаагуур нь иймэрхүү зүйл яваад байна вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.
Ийнхүү гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Т.НОМИН