АСЕМ-ын жолооч нар ажлын хөлсөө шаардав

Хуучирсан мэдээ: 2016.12.21-нд нийтлэгдсэн

АСЕМ-ын жолооч нар ажлын хөлсөө шаардав

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр зочид төлөөлөгчдөд үйлчилсэн жолооч нар цалингаа авахыг шаардан өнөөдөр /2016.12.21/ мэдээлэл хийлээ. Жолооч Б.Очирпүрэвийн мэдээлж буйгаар ажлын хөлсөө авахаар өөртэй нь адил 50 хүн хүлээж байгаа гэв. Энэ хугацаанд жолооч нарт 500 мянган төгрөгийг олгосноос өөрөөр үлдэгдлийг өгөөгүй хэмээн мэдээллээ. Мөн үлдэгдэл мөнгийг хэзээ олгох нь тодорхойгүй байгаа гэнэ.

Жолооч нарын тооцоолсноор гэрээ ёсоор 48 хоног, дээрээс нь тээврийн хэрэгслээ хүлээлгэж өгөх хүртэл нийтдээ 53 хоног ажиллаж 1 590 000 төгрөг авах учиртай гэж тайлбарлав. Тэрбээр “Бид 53 хоног ажилласан. Гэтэл бидний ажилласан хоногийг 35 гэж тооцож 1 050 000 төгрөг гэж бодоод байгаа. Тэгээд шимтгэл төлөгдөөд үндсэндээ 875 мянган төгрөг олгоно гэж тооцоод байна. Өнгөрөгч есдүгээр сард жолооч нарт 500 мянган төгрөгийг л олгосон. Одоо үндсэндээ 375 мянган төгрөг л олгоно гэж яриад байгаа. Гэтэл бид 53 хоногийн хөлс гэж нийтдээ 1 590 000 төгрөг авах ёстой” гэлээ.

Жолооч нар цалин хөлсөө авахаад Авто тээврийн үндэсний төвд хандахад “Мэддэг хүн нь байхгүй. Та бүгдийн мөнгийг олгуулах асуудлыг судалж байж хариу хэлнэ. Сангийн яамнаас мөнгөний эх үүсвэр орж ирээгүй. Хэрэв орж ирвэл Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл ирсний дараа олгох ёстой” гэсэн хэмээн тайлбарлалаа.

АТҮТ: Жолооч нар хоног дээрээ тохиролцохгүй байна

Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Авто тээврийн үндэсний төвөөс энэ талаар тодрууллаа. Хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж буйгаар “Санхүүжилт Сангийн яамнаас орж ирсэн. Гэхдээ гүйцэт ороогүй. Бага хэмжээтэй орж ирснийг бүгдийг жолооч нартаа олгосон. Харин ажлын хөлсөө 35 хоногоор авахыг зөвшөөрөөгүй жолооч нар ийнхүү мэдээлэл хийж байгаа юм” гэх тайлбарыг өглөө.

Б.ЗАЯА

ЗУРАГЛААЧ: Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж