Богд хаан анхны таван яамыг байгуулж, Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны анхны сайдаар М.Намсрайг томилсны дараагаар тус яамны шүтээн Дамжин Чойжил бурхныг залж байжээ. Одоо энэхүү шүтээн нь Монгол Улсын Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа аж. Ийн “Хууль зүйн албаны түүхэн замнал” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн сонирхолтой үзэсгэлэнг өчигдөр /2016.12.20/ Үндэсний музейд дэлгэжээ.
Үзэсгэлэнд дэлгэсэн үзмэрүүдээс “Самгалдайн харуулын тэмдэгт мод” нь олны анхаарлыг ихэд татна. Энэхүү үзмэрийн талаар Архивын ерөнхий газрын мэргэжилтэн Ц.Сэр-Од тайлбарлахдаа “Энэхүү тэмдэгт модыг тухайн үеийн хилийн харуулууд хэрэглэж байсан. Хилийн харуулууд уг тэмдэгт модыг барьж яваад тухайн хошуу засгийнхан үзүүлж, хэргээ шийтгэдэг байсан. Одоогийн цагдаа нарын хэрэглэдэг байсан үнэмлэх л гэсэн үг юм” хэмээн ярилаа.
Ийн “Хууль зүйн албаны түүхэн замнал” хэмээх үзэсгэлэнд Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын сан хөмрөг дэх баримт бичиг, гэрэл зураг болон Цагдаагийн ерөнхий газрын музей, Хил хамгаалах ерөнхий газрын музейн биет үзмэр зэрэг 200 орчим үзмэрийг олны хүртээл болгож буй нь энэ. Эдгээр түүхэн баримтуудын ихэнх нь XX зууны эхнээс энэ зууны эхэн хүртэлх зуу гаруй жилийн хугацааг өртөөлөн ирсэн тогтоол, зарлиг бичиг байх аж.
Мөн хилийн цэргийн түүх болсон дэслэгч генерал Б.Цэдэн-Иш, хоёр төрийн домогт сэргийлэгч Ж.Данзан нарын хувцас хэрэглэлийг олны хүртээл болгосон нь олны сонирхол татаж харагдана.
Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын хаан ширээнд VIII Богд Жибзундамба хутагтыг өргөмжилсөн түүхтэй. Тэрбээр Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Гадаад хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Сангийн хамаг хэргийг захиран шийтгэгч яам, Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яам гэсэн анхны таван яамнаас бүрдсэн Монгол Улсын Засгийн газрыг байгуулсан нь орчин цагийн хууль зүйн албаны үүсгэл болжээ.
Богд хааны өөрийнх хэрэглэдэг байсан албаны цалин цагаан мөнгөн тамга нь Монголбанкны Эрдэнэсийн санд хадгалаастай байдаг аж. Харин энэ удаагийн үзэсгэлэнд Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны харьяа байгууллагуудын тамгуудыг эгнүүлэн өрж, дардастай нь сонирхуулсан байв.
Мөн одоогийн Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн байранд архивын баримтуудыг анх хадгалж байсан тухай өгүүлэх зэрэг зургуудыг ч дэлгэжээ. Энэ талаар доорх зургийн архиваас харж болох юм.
Ийн “Хууль зүйн албаны түүхэн замнал” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнгээр зочилсон гэрэл зургийн цомгийг сонирхуулъя.
А.СҮРЭН
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.АРИУНБОЛД