“Miss World” 66 дахь удаагийн шалгаруулалт арванхоёрдугаар сарын 18-ны ням гаригт АНУ-ын Вашингтон хотноо боллоо.
120 орны үзэсгэлэн гоо бүсгүйчүүд оюун ухаан, авъяас чадвар, хүмүүнлэг үйлсээрээ өрсөлдсөн “гоо сайхны олимп”-д Пуэрто-Рико улсын мисс Стефани Дель Уалле тэргүүн титмийн эзэн болов. 19 настай Стефани эх орондоо Дэлхийн миссийн титмийг авчирсан хоёр дахь бүсгүй ажээ. Өмнө нь 1975 онд Пуэрто-Рикогийн гоо бүсгүй Уилнелиа Мерсед анх удаа Дэлхийн мисс болж байсан.
Стефани үе тэнгийнхэндээ үлгэр дуурайл болсон хөдөлмөрч бүсгүй ажээ. Тэрбээр Испани, Англи, Франц хэлээр чөлөөтэй ярьдаг төдийгүй олон улсын харилцаа болон хуулийн чиглэлээр давхар мэргэжил эзэмшихээр Нью-Йорк хотноо суралцдаг аж. Гоо бүсгүй арванхоёрдугаар сарын 30-нд төрсөн бөгөөд 178 см өндөртэй.
66 дахь удаагийн "Miss World" тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэг шилдэг 11 оролцогчийн нэгээр шалгарч, авьяаслаг миссийн шалгаруулалтыг тэргүүлсэн билээ. Тэмцээний шилдэг 10 миссийг шалгаруулсны дараа үзэгчдийн сонголтоор /People's choice/ 11 дэх миссийг тодруулахад А.Баярцэцэг ялагчаар тодорсон юм.
“Miss World” тэмцээний шилдэг тавд Доминиканы Бүгд найрамдах улс, Филиппин, Индонези, Кени, Пуэрто Рико улсын миссүүд шалгарчээ.
Б.ТУЯА