”Арвис” клубтэй амьдралаа холбосон А.Алтантуяа

Хуучирсан мэдээ: 2016.12.20-нд нийтлэгдсэн

”Арвис” клубтэй амьдралаа холбосон А.Алтантуяа

  • Монголын хөлбөмбөгийн оны шилдгүүдийг тодруулах "Алтан бөмбөг" ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 12-нд болсон. Энэ ёслолын "Шилдэг эмэгтэй тоглогч"-ийн шагналыг "Арвис" багийн ахлагч А.Алтантуяа хүртсэн билээ. 

Жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хөгжлийг УАШТ, "Эмэгтэйчүүдийн лиг"-ийн сонирхолтой тоглолтуудаас бэлхнээ харж болно. Талбайн УАШТ-ээс "Эмэгтэйчүүдийн лиг"-т өрсөлдөх эрхээ авах болсоноор эмэгтэй баг тамирчдын дундах өрсөлдөөн мэдэгдэхүйц нэмэгдсэн юм. Өнгөрөгч зун болсон "Эмэгтэйчүүдийн УАШТ 2016"-ийн аваргын төлөө "ХАД", "Дэрэн" клубууд тоглоход торгуулийн цохилтоос анхдугаар лигийн аварга "ХАД" хожиж, түрүүлсэн. Харин хүрэл медаль хүртэж, медалийн тавцанд гарах ганц эрхийн төлөө "Монголын тэмүүлэл", "Арвис" клубууд өрсөлдөхөд "Монголын тэмүүлэл" 1:0-ээр хожиж, "Арвис" клубын тоглогчид нүдэнтэй нулимстай медалиас мултарч байлаа. Гэхдээ тэд медаль авах дараагийн том боломжоо хоёр дахь жилдээ зохиогдсон "Эмэгтэйчүүдийн лиг"-ийн аварга шалгаруулах тэмцээнээс хайсан юм. Том тэмцээн, том сорилтыг амжилттай давна гэдэг амаргүй даваа байсан. Учир нь лигийн тэмцээн эн тэнцүү өрсөлдөөнтэй өрнөж, аваргын цомын эзэн сүүлийн тойргийн, сүүлчийн тоглолтын дараа тодорхой болох учиртай болов.

МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд эмэгтэйчүүдийн лигийн аваргыг булаалдах багууд нь "Арвис", "Дэрэн" гэсэн хүчтэй өрсөлдөгчид байв. Тэрхүү тоглолтод Б.Нандин-Эрдэнийн цор ганц гоолын ачаар "Арвис" клуб 1:0-ээр хожиж эмэгтэй хөлбөмбөгчдийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд анх удаа түрүүлсэн юм. Тийнхүү МХБХ-ны оны шилдэгүүдийг тодруулах "Алтан бөмбөг" ёслолын ажиллагаа болоход лигийн аварга багаас шилдэгт өрсөлддөг жишигийн дагуу Б.Нандин-Эрдэнэ, А.Алтантуяа, Мөнгөнчимэг нар нэр дэвшив. "Арвис" клубын шилдэг тоглогчдоос А.Алтантуяа шилдэг гуравт "Монголын тэмүүлэл" клуын Э.Сарангэрэл, "ХАД" клубын Б.Намуун нарын хамтаар тунан үлдсэн. Харин торгон мөчид 2016 оны "Шилдэг эмэгтэй тоглогч"-ийн шагналыг "Арвис" багийн ахлагч А.Алтантуяа хүртлээ.. А.Алтантуяа хөлбөмбөгийн спортоор хичээллээд тав, "Арвис" клубт хүчин зүтгэд гурван жил болж байгаа. Тэрээр талбайн УАШТ болон "Эмэгтэйчүүдийн лиг"-ийн тэмцээнд багийн ахлагчийн хувиар оролцож, ахлагч, удирдагч хүний үүргийг сайн гүйцэтгэсэн. Тиймдээ УАШТ-нд 9, Лигийн АШТ-нд 6 гоолыг оруулахын зэрэгцээ чухал хэрэгтэй дамжуулалтуудыг өгч, багаа зөв удирдаж чадсаны хүчинд "Эмэгтэйчүүдийн лиг"-ийн аврагын алтан цомыг өргөсөн билээ. А.Алтантуяа "Арвис" клубын эмэгтэйчүүдийн багт ахлагчийн үүрэг гүйцэтгэж тоглохоос гадна өсвөрийн багийн дасгалжуулагчаар ажилладаг тул "Арвис" клубын салшгүй нэг хэсэг гэгддэг юм.

ЭХ СУРВАЛЖ: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж