В.Путин Элчин сайдыг нь хөнөөх захиалгыг хэн өгснийг олно гэв

Хуучирсан мэдээ: 2016.12.21-нд нийтлэгдсэн

В.Путин Элчин сайдыг нь хөнөөх захиалгыг хэн өгснийг олно гэв

  • Германы Берлин хотод худалдааны зах руу ачааны машин дайрч орон, 12 хүн амь үрэгдсэн харамсалтай осол /2016.12.19/ өчигдөр гарсан билээ. Германы цагдаа, тагнуулын байгууллагаас ослыг террорист халдлага байж болзошгүй хэмээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Осол гаргасан ачааны машины жолооч нь Афганистан, эсвэл Пакистаны дүрвэгч бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард Германд ирсэн, тус улсаас орогнол хүссэн байжээ. Энэ талаар Германы DPA мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.


  • Туркт суугаа ОХУ-ын Элчин сайдыг буудаж хөнөөсөн цагдаагийн тусгай үүргийн офицер Мевлут Мерт Алтинтасыг хэрэг гарсны дараа Туркийн цагдаагийн хүчнийхэн аргагүй хамгаалалтын улмаас өчигдөр хөнөөжээ.


  • ОХУ-аас Туркт суугаа Элчин сайд Андрей Карловыг хөнөөсөн хэргийн цаад эзнийг зайлшгүй олж мэдэх ёстой хэмээн тус улсын төрийн тэргүүн Владимир Путин мэдэгджээ. “ОХУ-ын Тагнуулын төв хорооноос хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн. Энэ хэргийг илрүүлэхийн тулд ажлын хэсэг Анкарад очиж ажиллана” хэмээн Кремльд болсон шуурхай уулзалтын үеэр Путин хэлсэн байна.


  • Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдрөөс /2016.12.20/ эхлэн арванхоёрдугаар сарын 29-нийг дуусталх хугацаанд нийт нутгаар цас орж, хүйтний эрч чангарах юм. Сарын сүүлээр Дархадын хотгор болоод хангайн бүсийн уулархаг нутгаар шөнөдөө -50 хэм, өдөртөө -25-35 хэм хүрч хүйтрэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.


  • Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлаар” Эдийн засгийн Байнгын хороонд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ипотекийн зээлийн хувьд өнөөдрийг хүртэл 88 мянган өрх хамрагдсан байгаа. 2016 оны аравдугаар сард 372 зээлдэгч ипотекийн зээлд хамрагдсан. Ипотекийн зээлийн асуудлаар Барилга, хот байгуулалтын яам, Монголбанктай нэлээд олон уулзалт хийж байгаа. Бодитой үр дүн гарч байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Одоогийн байдлаар 30-35 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийн эргэн төлөлтөөр ипотекийн зээлийг санхүүжүүлж байна. Ингэснээр сард 600 орчим айл шинээр ипотекийн зээлд  хамрагдаж байна” гэжээ.


  • Элэгний С вирүсийн эсрэг ЛЕДВИР эмийг Монгол Эм Импэкс Концерн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр олгож эхэлжээ. Өвчтөн эмчилгээндээ Ледвир эмийг эхний 2 тунг хэрэглэсэн бол 3 дахь тунг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой байсан. Харин энэхүү эм эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар 3 дахь тунг үндсэн үнээс 90 гаруй хувиар хямд буюу ердөө 27,500 төгрөгөөр авах таатай боломж нээгджээ. Мөн НДҮЗ-ийн шийдвэрийн дагуу 9-р сарын 9-ны өдрөөс хойш Ледвир эмийг худалдан авсан хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлэн эрүүл мэндийн даатгалын сангаас буцаан олголтыг авах боломжтой юм байна.


  • Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг томилуулах саналыг Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-өөс гаргажээ. ШЕЗ-өөс Гочоогийн Банзрагч, Бямбын Мөнхтуяа нарыг Дээд шүүхийн шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж