“Хөтөлийн цемент шохой”-н хэргийг цагаатгалаа

Хуучирсан мэдээ: 2016.12.20-нд нийтлэгдсэн

“Хөтөлийн цемент шохой”-н хэргийг цагаатгалаа

“Хөтөлийн цемент шохой” компанийн захирал асан А.Шоовдор, ерөнхий нягтлан бодогч Д.Наранчимэг, Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч А.Наранхүү, байцаагч Б.Даваадорж, Д.Одонтуяа нарт одоогоос хоёр жилийн өмнө хээл хахууль, албан тушаалаа ашигласан үндэслэлээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн нь дуулиан болж байсан.

Прокурорын зүгээс А.Шоовдор, Д.Наранчимэг нарт тус компанийн нэр дээр гаалийн хяналтын талбайд ирсэн 79680 кг ган хавтанг улсын орлогод хураалгахгүйн тулд дээрх хахууль авсан гэж үзэн, ялын дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн юм.

Тэгвэл хоёр шатны шүүхээр уг хэргийг авч хэлэлцээд, хэрэгт холбогдсон хүмүүсийг “Гэм буруугүй” гэж үзэн, цагаатгажээ.

“Хөтөлийн цемент шохой” компанийн ерөнхий нягтлан бодогч Д.Наранчимэг энэ тухайгаа “Шүүхээр асуудлаа шийдүүлсэн маань 2013 оноос эхтэй. АТГ-аас 2013 оны наймдугаар сард Хөтөлийн "Цемент шохой” ХК-нд бүрэн бүрэлдэхүүнээр шалгалт орсон. Улмаар хэрэг үүсгэж, эрүүгийн хэрэг нь Сэлэнгэ аймгийн Прокурорын байгууллагад шилжсэн. Надаас гадна хэд хэдэн хүн шалгагдаж Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2, 269 дүгээр зүйлийн 269.1 гэх зүйл ангиудаар буруутгагдан 2 жил 4 cap гэмт хэрэгтэн болж хохирсон. Би буруугуй учраас ардчилсан нийгмийн үед Монголын төр, Шүүх үнэн мөнийг тогтоож өгнө гэдэгт итгэлтэй байж,Шүүгчдийн мэргэн шийдвэр намайг, биднийг аварна гэж найдаж байлаа. Хоёр жил гаран шалгагдан явсны эцэст намайг Сэлэнгэ аймгийн Анхан шатны шүүхийн Шүүгч Б.Эрдэнэхишиг 2015 оны 08-р сарын 17-ны өдрийн 93 шийдвэрээр цагаатгасан. Мөн Сэлэнгэ аймгийн Анхан шатны шүүхийн Шүүгч Б.Нацагдорж 2015 оны 12-р сарын 08-ны өдрийн 93-А шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасанд миний бие болон бид нар маш их баярласан” гэж Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн албан ёсны сайт http://www.judcouncil.mn/-д ярьсан байна.

Д.Наранчимэг хэрэгт шалгагдан ажилгүй байсан хугацааныхаа мөнгийг нэхэмжилсэн бөгөөд энэ тухайгаа “Би хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацааныхаа нөхөн төлбөр, хохирлоо нэхэмжилж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын шүүхэд хандсан. Тус шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Г.Сарантуяа, Г.Дэлгэрсайхан нар 2016 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 228 дугаар шийдвэрээр нөхөн төлөхөөр шийдвэрлэж өгсөн нь нэр төр, эдийн засгийн хувьд миний амьдралын алдагдсан боломжийг нөхөн олгосон "Шүүгчдийнхээ шударга шийдвэр”-т дахин баярлаж байна. Монгол Улсын шүүх биднийг төрийн үйлдвэрийн ажлыг шударгаар хийж байсныг цагаатган, хохирсон хугацааны нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэж өгсөн нь миний нуруун дээрээс маш том ачааг авч, сэтгэлийн дарамт хөнгөрөөд байна. Би шүүхийн үнэн зөв шийдвэрт баярлаж байна” гэв.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж