Аллага үйлдсэн этгээдийн гэр бүлийнхнийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.12.20-нд нийтлэгдсэн

Аллага үйлдсэн этгээдийн гэр бүлийнхнийг саатуулжээ

Туркт суугаа ОХУ-ын Элчин сайдыг буудаж хөнөөсөн цагдаагийн тусгай үүргийн офицер Мевлут Мерт Алтинтасыг хэрэг гарсны дараа Туркийн цагдаагийн хүчнийхэн аргагүй хамгаалалтын улмаас хөнөөжээ.

Гэмт этгээдийг тухайн үед албан цагдаагийн газраас томилогдон, хамгаалалтад ажиллаж байсан гэж зарим хэвлэл мэдээлж байгаа бол "Хамгаалалтад ажиллах цагдаа нарын дунд нэр нь байгаагүй ч цагдаагийн үнэмлэх үзүүлэн, үзэсгэлэнгийн танхимд нэвтэрсэн" гэж зарим хэвлэлүүд бичиж байна. 

Хэрэгт холбогдуулан таван хүнийг сэжигтнээр татаж, хорьсон талаар НТВ телевиз мэдээлжээ. Тэдний дунд аллагыг үйлдсэн Мевлут Мерт Алтинтас гэгчийн эцэг, эх, эгч багтсан байна. Айдын мужийн Сокэ дахь гэрээс нь тэднийг баривчлан саатуулж, Анкарад авчран байцааж эхэлжээ.

Андрей Карловыг хөнөөсөн хэргийн дараа Турк дахь ОХУ-ын Элчин сайдын яамны байрыг өндөржүүлсэн хамгаалалтад авсан талаар ОХУ-ын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ирина Волк мэдэгдэв.  

Анкарад болсон “Калининградаас Камчатк хүртэлх Орос улс аялагчийн нүдээр” нэртэй үзэсгэлэнгийн нээлтэд уригдсан Элчин сайд Андрей Карловыг нээлтийн ёслолын үеэр үг хэлж байхад нь буудаж, амь насыг нь хороосон юм. Элчин сайдыг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч удалгүй шархаа даалгүй амиа алдсан талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн юм. Хэрэг гарах үеэр мөн гурван хүн гэмтсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж