Замаар явсан ”зантгар” толгой

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Замаар явсан ”зантгар” толгой

Уг нь хүүхэд байхаас минь зааж сургаснаар бол заасан болгоны дагуу замаар явах буюу дүрэм, журмыг баримталж байгаарай гэж сургасан сан. Тэгсэн чинь одоо замаар явахаар машин дайруулж үхчих гээд /явган хүний замаар явж байхад шүү дээ/, журмаа дагах гэхээр хулхидуулчих гээд байх юм.

Хамгийн гомдмоор жишээ. Тэмдэгтийн хураамжийн хууль гээд нэг юм батлав даа, манай төрийн түшээд. Тооны баримжаа байхгүй юм шиг хорин хэдэн мянга байсан зарим нэг тэмдэгтийн  хураамжийг дал, наян сая болгосон, архи зардаг дэлгүүрийн зөвшөөрлийг арван сая төгрөг болгоно гээд л төрийн төмөр нүүр харуулав даа. Үүнд нь Монгол Улсын иргэн гэдгээ батлах алга дарамхан цаас буюу иргэний үнэмлэхээ гээж үрэгдүүлж гэмээнэ 25 мянган төгрөгний тэмдэгтийн хураамж ноогдуулахаар болсон. Бас хаяж үрэгдүүлсэн шалтгаан нь эрүүгийн хэрэг үүсгэхээргүй бол 30 хүртэл мянган төгрөгөөр торгоно, үнэмлэхнийх нь өөрийнх нь үнэ зургаан мянган төгрөг, гэрэл зургаа баталгаажуулахад 1500, хорооны даргын тодорхойлолт авахад 500 төгрөг, өөр юу ч билээ баахан юм болдог юм байна лээ. Төрийн үнэт бичиг баримтыг салан задгайгаасаа болж хаяж гээгдүүлсэн хариуцлагагүй этгээдийг тийн гэсгээн цээрлүүлж байгаа хэрэг. Одоо тэгээд салан задгай этгээдийг өөр яалтай ч билээ дээ, төр төмөр нүүрээ үзүүлэх нь зүй. Гэхдээ үүнд бас цүнхээ тас сугавчилж явж чадахгүй түрүүвчээ иргэний үнэмлэхтэйгээ суйлуулсан бүр харанхуй шөнөөр амиа алдахаас наагуур дээрэмдүүлсэн ч хамаарахгүй бөлгөө.

Ийн иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, эсвэл дээрэмдүүлсэн хариуцлагагүй этгээд 50 гаруй мөнгөн төгрөг зарлагаддаг байв, өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс буюу ердөө саяхны долдугаар сарын 4 хүртэл. Яагаад гэвэл хууль тогтоогчид гэнэт хариуцлагагүй этгээдэд эдийн засгийн хөшүүрэг хэрэглэн залхаан цээрлүүлэх мэргэн санаа сэдэнгүүтээ төд удалгүй энэхүү хуулиа буцааж анх гурван мянган төгрөг байсан тэмдэгтийн хураамжийг шууд 25 мянган төгрөг болгон нэмсэн бөгөөд хүмүүс “гэмшиж” амжаагүй байтал буцаагаад 3300 төгрөг болгосон бөлгөө. Үүнийг нь мэдэхгүй гэнэн тэнэг үүнийг бичигч вээр “ханш” нь навс унахаас ердөө л хэдхэн хоногийн өмнө гүйж очоод 25 мянган төгрөгөө тушаасан бөлгөө. Хэдхэн хоног хүлээсэн бол 3300-хан төгрөг болж буцаад навс унахыг мэдсэн бол…

Эдүгээ хүртэл Монгол Улсын иргэн мөн эсэх нь тодорхойгүй өөрөөр хэлбэл над шиг хаясан даруйдаа иргэний үнэмлэхээ авч чадаагүй найз маань харин намайг шоолон ход ход хийтэл инээж байна. Ядаж байхад тун удахгүй буюу ирэх арваннэгдүгээр сард мөнөөх хэрэг болгон авсан иргэний үнэмлэх маань хэрэггүй болж, бүх хүнд ухаантай үнэмлэх гээчийг нь тараана гэж байгаа.

Замаар явсан зантгар толгой

Зайдсанд хууртсан мангуу толгой… Монгол Улсын төр засгийг чинь ийм амархан хэлснээсээ буцаж, буурин дээрээ хэд хэд эргэн тэнэгтэнэ гэж би яаж мэдэх вэ, дээ, төрдөө итгэж, хууль журам нь ядахдаа хагас жилийн настай байна биз гэж найдаж л байдаг. Ингэхэд ээж аав минь яагаад намайг дүрэм журам дагаж баримталж бай гэж хүмүүжүүлсэн, эмэг ээж маань яагаад “Төрийн сүлд өршөө” гэж залбирдаг юм болоо?

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж