УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.12.14/ хуралдаанаар Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн, 2017 онд хувьчлагдах обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээллийг сонслоо.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 87 компанид судалгаа хийхэд 10.8 их наяд төгрөгийн өр авлагатай байна. Үүнээс 29 компанийнх нийт өр төлбөр 96.8 хувийг эзэлжээ. Мөн Монголын Цахилгаан холбоо компани, Дипломат үйлчилгээний газар, Чингис хаан олон улсын нисэх буудал зэрэг байгууллагаас 420 сая төгрөгөөс нэг тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн бол Мэдээлэл технологийн үндэсний төв, МИАТ зэрэг газарт одоо ид шалгалт хийж байна.
Төрийн өмчит компаниуд өр, зээлэнд унахад нөлөөлсөн нэг том шалтгаан нь валютын ханшны зөрүү, удирдлагуудын хариуцлагагүй байдал, компанид ач холбогдолгүй бараа худалдан авсан, мэргэжлийн бус удирдлага сонгогдсон зэрэг нийтлэг зөрчилтэй холбогдож байгаа аж.
Өр авлагыг барагдуулах чиглэлээр төрийн өмчит болон төрийн өмчийн хуулийн этгээдэд Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүнчлэлээр нэг хүн хэд хэдэн газарт ажилладгийг зогсоож, хоёр хүртэл газарт ТУЗ-ийн гишүүн байхаар журам баталжээ. Мөн ТУЗ-ийн дарга, гишүүдэд 300 мянган төгрөгөөс дээшгүй цалин олгох. ТУЗ-ийн гишүүн хурлыг хоёроос дээш удаа таслах, төрийн ажлыг хувийн ашиг сонирхолд ашиглавал чөлөөлөх, эргүүлэн татах зохицуулалт хийх юм байна.
ТУЗ-ийн гүйцэтгэх захирлуудтай удаан хугацааны гэрээ хийхгүй, зургаан сарын хугацаатай гэрээ хийж ажлыг дүгнэнэ. Төрийн өмчит компаниудын өр авлагыг зохицуулах асуудлаар Засгийн газраас чиглэл авахаар хүргүүлсэн байна.
Мөн Автотээврийн үндэсний төв, Барилгын хөгжлийн төв, Төрийн орон сууцны корпораци, Дипломат байгууллагын үйлчилгээний газар зэрэг нь дагнасан удирдлагатай буюу ТУЗ-гүй гэх асуудал ярьж байна. Эрчим хүчний үндэсний хүрээлэн, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Эрчим хүчний төв зэрэг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг газруудыг нэгтгэх, цалин хөлс, урамшуулал, хэт тансаг хэрэглээг багасгах санал явж буй аж.
Төрийн өмчийн 5 газрыг хувьчлах тодорхой чиглэлийг гарган боловсруулж, Засгийн газарт өгчээ.
Мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт тавьж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:-1-5 сая төгрөгийн цалинтай бол 30 хувь, 10-60 саяын урамшуулалтай бол 50 хувь бууруулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Гэтэл 60 сая төгрөгийн цалин урамшуулал авч байна гэх юм. ТУЗ-ийн гишүүдийн цалинг зохицуулсан уу. “Мон-Атом” компани 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Нэг хүн ажилладаг атлаа 530 сая төгрөгийн зардал гаргадаг. Өртэй байгууллагуудыг яаж хувьчлах вэ?
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор:-Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу 5 сая төгрөгөөс дээш цалинг зохицуулсан. Дунджаар 14 сая төгрөгийн цалин урамшуулал авдаг юм билээ. Тухайн компанийн үйл ажиллагааны цар хүрээ, орлогыг тогтоож байгаад цалин урамшуулал тогтоохоор зохицуулалт хийж байна. Сангийн яамнаас цалин урамшууллыг тогтоох хэрэгтэй байгаа. Хамгийн өндөр цалин “ГОК”–ын удирдлага авдаг байсан 10 мянган евро. “Монгол Шуудан” 4500 ам доллар, Хөдөө аж ахуй бирж 9.4 сая төгрөг байсан 5 сая төгрөг болгож бууруулсан. Хөрөнгийн бирж, Төрийн банкны хувьчлал хуулиараа Сангийн яам хариуцаж байна.
ТУЗ-ийн гишүүдэд сард 300 мянган төгрөгөөс дээш цалин урамшуулал өгөхгүй байхаар тогтоосон. Хамгийн их өртэй 30 орчим компанийг шалгаж байгаа.
“Мон-Атом” компани “Эрдэнэс Монгол”-ын харъяанд шилжсэн.
Хөдөө аж ахуйн биржийнхэн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөөс 500 гаруй сая төгрөгийг цалин урамшуулалд өгсөн байна лээ. 37 хүнтэй мөртлөө 4 машин унадаг захирал нь 9.5 сая төгрөгийн цалин авдаг байгууллагын хэрэглээг танаж, цалин урамшууллыг багасгаж байгаа. Одоо “МИАТ”- компанийг шалгаж байна.
Санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:-Ажил хийхгүй мөртлөө өндөр цалин авдаг гэнэ. Төрийн өмчит компани байснаар ямар ашиг өгч байна вэ. Бизнест алдаа гаргавал цалин хөлс буурч, орлогыг нь хураадаг. Хувийн компани зөрчил гаргасан бол асуудал нь шүүх дээр явж байгаа. Гэтэл төрийн өмчит компаниуд юу болж байна вэ?.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:-Монгол Улсад үндэсний хэмжээний нээлттэй компани байхгүй байна. Бид зах зээлийн харилцаанд шилжээд төрийн өмчит компаниудад бага анхаарсан. Төрийн өмчит компаниудад зохицуулалт хийх хэрэгтэй. Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоод томилогоог нь хийгээд байхаар алдагдалтай ажиллаад байгаа юм. Төрд байх ёстой компаниудаа гаргаад ирэх хэрэгтэй. Өр болгон муу гэж яримааргүй байна. Өнөөдөр төлж чадахгүй ч гэсэн төрийн тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой урт хугацаанд зээлтэй байж болно.
УИХ-ын гишүүн Н.Чинзориг:-Төрийн өмчийг үнэгүйдүүлж авах асуудал байж болохгүй. Төрийн өмчийн манаачийн үүрэг гүйцэтгэж байх газрууд тогтвортой ажиллах хэрэгтэй. Төрийн өмчит компаниуд өнгөрсөн 4 жилийн хугацаанд алдагдал нь 3 дахин нэмэгджээ. Энэ нь төрийн өөрийнх нь бодлогын алдаа юм. Өмч хувьчлалтай холбоотой асуудалд бодлоготой хандах хэрэгтэй. Эдийн засаг хямралтай үед өмчөө үнэгүйдүүлэн хувьчлах нь зөв үү. Дээр нь худалдан авах мөнгөтэй хүн байгаа юу. Мөнгөтэй хэсэгт үйлчлэх үйл ажиллагаа явуулж болохгүй баймаар байна. Өмч хувьчлалыг хязгаарлах ёстой гэсэн юм.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээрх мэдээллийг сонсож дууссанаар завсарлаад байна. Үдээс хойш буюу 14.00 цагт дахин хуралдаж, Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг сонсоно.
Г.ДАРЬ