Гурван банк л мөнгө олгоно гэсэн

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Гурван банк л мөнгө олгоно гэсэн

Хүний
хөгжил сангийн мөнгөө хаанаас авахаа мэдэхгүй уймарч яваа хүмүүс
олон байна.  Учир нь, өмнө ХААН  банкны зарим салбараар тарааж байсан мөнгийг энэ сараас олгохгүй байгаа юм. 
Тиймээс Хүний хөгжил сангийн мөнгө олгох асуудлын эргэн тойрондох
асуудлаар Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны дэд сайд Д.Нямхүүтэй
ярилцлаа.

-Эх орны хишиг буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар сар
бүрийн 21 мянган төгрөгийг Хадгаламж, Капи­тал банк  олгох болсон.
Яагаад энэ банкуудаар олгох болсон юм бэ?

-Өмнө нь Хүний
хөгжил сан болон тэтгэвэр, тэтгэмж, халамжийн мөнгөний  90 хувийг ХААН
банк олгож байсан. ХААН банк өнгөрсөн нэгдүгээр сараас  бидэнд ХААН
банкиар дамжуулан олгодог байсан 33 хорооны  Хүний хөгжил сангийн
мөнгийг долдугаар сараас бүх арилжааны банкаар дамжуулж олгох санал
тавьсан.  Бид энэ саналын дагуу бусад арилжааны банкны төлөөллийг урьж 
ярилцсан. Сангийн яам болон манай яамнаас хамтран уулзалт зохион
байгуулж ХААН банкны ачааллыг багасгаж өөр өөрсдийн салбар дээр
хуваагаач гэсэн хүсэлтийг бусад банкад тавьсан. Тэгээд бүх банкинд
энэ 33 хорооны мөнгийг тараах боломж байгаа эсэхийг судалсан. Бусад
банк "зөвхөн 33 хороонд мөнгө олгох талаар  ярьж байгаа бол
зөвшөөрөхгүй, Монгол Улс даяар тараах мөнгөний тухай ярьж байгаа бол өөр" гээд энэ мөнгийг тараах банк олдоогүй. Ачааллыг хуваая гэхээр Хадгаламж, Капитал, ХААН банкаас өөр тараах банк олдохгүй байгаа учраас
бид энэ гурван банкинд зохицуулах санал тавьсан. Гэтэл Хадгаламж
банкаас бусад хоёр нь ачааллаа дийлэхгүй байна гээд өөдөөс санал
тавьсан. Тиймээс бид Хадгаламж банкаар дамжуулж Хүний хөгжил сангийн
мөнгийг олгохоор болсон.

-Хадгаламж банк санал тавих­гүйгээр шууд зөвшөөрсөн хэрэг үү?

-Хадгаламж
банкныхан энэ мөнгийг тараахад бид ч гэсэн алдагдалд орж, ачаалал ихтэй
байгаа гэсэн. Үүний дараа Хадгаламж банк тооцоо, судалгаа хийж  шинээр
тооцооны төв байгуулахаар болсон. Зөвхөн 33 хорооны мөнгийг тарааснаар
бид хөрөнгө оруулалт, урсгал зардлыг хааж чадахгүй. Гэхдээ бид мөнгө
тараахаар бол Монгол Улс даяар тараая. Мөн ХААН банкаар тараагдаж байгаа
тэтгэвэр, тэтгэмж, халамжийн мөнгийг бүгдийг нь өөрийн банкинд
шилжүүлэх санал тавьсан. Ер нь бүх банк хэрэв Хүний хөгжил сангийн
мөнгийг тараахаар бол бүгдийг нь авна, үгүй бол нэгийг ч тараахгүй гэж
байгаа юм. Тэгээд ХААН банк бидэнд болзол тавьж эхэлсэн. Эхний болзлыг
хүлээн авч зөвшөөрсөн. Энэ нь ачааллыг бууруулж, 33 хороог бусад банк
руу шилжүүлэх болзол байсан. Үүнийг зөвшөөрч долдугаар сарын 1-нээс 33
хорооны мөнгийг өөр банкаар тараахаар болсон. Яах ч аргагүй зөвшөөрсөн.
Учир нь, энэ болзлыг хангахгүй бол тав, зургадугаар сарын мөнгийг
олгохгүй гэсэн. Бусад банк бэлтгэлгүй байсан учраас энэ саналыг нь
хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа дахин болзол тавьсан. Үүнийг нь Засгийн
газрын хуралдаанаар оруулаад хүлээн зөвшөөрөөгүй. Энэ санал нь иргэдэд Хүний хөгжил сангийн мөнгийг нь дөрвөн сараар зээл хэлбэрээр олгож
хүүг нь авна гэсэн болзол байсан. Үүний зэрэгцээ Хадгаламж банк бидэнд
бүх мөнгийг тавина, үгүй бол алийг нь ч тараахгүй гэсэн санал тавьсан.
Хадгаламж банк  тооцоо гаргаж  Хүний хөгжил сангийн мөнгийг тараахад нэг
тэрбум 200 сая төгрөгийг хөрөнгө оруулалт орно, 889 сая төгрөгийн 
урсгал зардал гарна. Тийм учраас бүгдийг нь тараая гэсэн.

-Хадгаламж банк  тэгээд бүх тэтгэвэр тэтгэмжийг олгохоор болсон юм уу?

-Хадгаламж
банктай бид олон удаа уулзсан. Зургадугаар сарын 30-нд уулзахад тус
банк ХААН банкаар үйлчлүүлж байгаа хөдөө орон нутгийн 565 багийн 132
мянга 458 иргэн, Улаанбаатар хотын 44 хорооны 44 мянга 805 иргэний өндөр
настан, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тэтгэмжийг Хадгаламж банкинд
шилжүүлэхийг хүссэн. Мөн ХААН  банкаар үйлчлүүлж байгаа орон нутгийн 631
багийн 119 мянга 368 иргэн, нийслэлийн 37 хорооны 26 мянга 337 иргэдийн
халамжийн тэтгэмжийг бас өөрийн банкинд шилжүүлэхийг хүссэн. Энэ бол
ХААН банкаар өгч байсан бүх тэтгэвэр, тэтгэмж, халамжийн тэтгэмж гэсэн
үг. Мөн Эх орны хишиг тараах  нийслэлийн 37 хорооны 259 мянган иргэн,
орон нутгийн 631 багийн 904 мянган иргэдийн мөнгийг бүгдийг өөрийн
банкинд шилжүүл гэсэн. Ингээд бид дэс дараатайгаар хүлээж авна. Нэг дор
хүлээж авах боломжгүй байна гэсэн. Яах ч аргагүй долдугаар сарын 1-нээс  Хүний хөгжил сангийн мөнгийг тараах банк байхгүй, бүх банк
татгалзсан. Сангийн яам бүх банкийг дуудаж, ганцаарчилж, хүсэлт тавьж
үзсэн бүгд нэг бол бүгдийг авна үгүй бол тараахгүй гэсэн. Иргэдэд
чирэгдэл учруулахгүйн тулд бид  Хадгаламж банкаар тараахаар болсон.
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас иргэдэд олгодог мөнгөний 93
хувийг Хадгаламж банк олгохоор болсон. Гэхдээ энэ ажлыг шат
дараатайгаар шилжүүлнэ.

-Одоо Хадгаламж банк бүх аймаг сумдад хүрч ажиллах боломжтой юу?

-2009
оноос өмнө ХААН банк тэтгэвэр, тэтгэмжийн 90 хувийг олгодог байсан.
Яагаад гэвэл ХААН банк бүх аймаг, сумдад салбартай байсан. Хадгаламж
банк салбар байхгүй 100 сум байсан. Тиймээс бид өмнө нь ХААН банктай
хамтарч ажилладаг байсан. Хадгаламж банк Монгол шуудан банктай нэгдсэнээр
бүх аймаг сумдад салбартай болсон. Мөн дахин 18 салбар шинээр нээж
байгаа.  Нийт 406 салбартай. Үүнээс орон нутагт 23 салбар, 309 тооцооны
төв, 18 тооцооны касстай. 2010 онд 281 салбартай байсан бол одоо 406
болсон. Манай яамаар дамжуулан олгодог мөнгийг өмнө нь тендер зарлаж
сонгодог байсан. Гэтэл Хүний хөгжил сангийн мөнгийг олгохоор тендер
зарлахад Хадгаламж, Капитал, ХААН банк зөвшөөрч байгаа юм. Сүүлд ХААН
банкны саналын дагуу Хүний хөгжил сангийн мөнгийг олгохдоо тендер
зарлахгүйгээр бусад банкаар дамжуулж олгох саналыг Засгийн газрын
хуралдаанаар оруулж, зөвшөөрүүлсэн. Шууд гэрээ хийхээр болоод санал
тавьсан, хуваагаад тараагаач гээд гуйгаад ч дийлсэнгүй. Тэгээд мөнгө
олгоё гэсэн банктай бид хамтарч ажиллахаас өөр аргагүй байгаа юм. Нэг
сая 300 мянган хүний эрх ашгийг бодож ийм шийдвэр гаргасан. ХААН,
Хадгаламж банк л орон даяар салбартай. Бусад банкаар мөнгө тараая ч
гэсэн бараг нийслэлд хүрэлцэхүйц салбартай банк алга байна.

-Хүмүүсийн
дунд гадаадын хө­рөн­гө оруулалттай ХААН банкийг зах зээлээс шахаж
гаргах гэсэн оролд­ло­го  гэсэн яриа бас байгаад байна л даа?

-Хэвлэл
мэдээллээр ийм зүйл яриад байгаа. Бид иргэдийн эрх ашгийг бодож мөнгө
олгож байгаа болохоос хэдэн хүний, хэдэн банкны асуудал биш л дээ. Бид
банкид санал тавиад түүнийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ хэлсэн.
Түүнээс тэр нь гадаад энэ манайх гэх юм байхгүй. Хэрэв мөнгийг үнэн
зөв, иргэдэд ачаалал бага үүсгэж, шударга мөнгө өгье гэсэн Банк бус
санхүүгийн байгууллага байвал бид эрхийг тийшээ л өгнө. Ямар банк байх
нь чухал биш харин иргэн бүрт олгох Эх орны хишгийг бүгдэд нь тараах нь
чухал. Түүнээс ХААН банк гадаадых, Хадгаламж нь манайх гэсэн  зүйл
байхгүй. Байх ч ёсгүй.  Аль аль нь алдагдалтай мөнгө тарааж байсан
учраас энэ гурван банкны хувьд энэ нь ийм тэр нь тийм гэх үндэс байхгүй.
Бид 2009 онд ХААН банкны төлөөлөлтэй уулзаж байсан. Тэгэхэд орон нутагт
тавьж байгаа нийгмийн даатгалын 15 тэрбумын хадгаламж, 6,5 тэрбум
төгрөгийн жижиг сангийн зээлийн эх үүсвэрийг бид татаад авъя. Ингэвэл
орон нутгийн салбарууд яаж ажиллах вэ гэж асууж байсан. Тэгэхэд бид энэ
бол жижиг мөнгө гэж хэлж байсан. Нөгөө талаас ХААН банкинд байршуулж
байгаа нэрийн дансыг хянах боломж байхгүй.  Яагаад гэвэл өмнө нь
хүүхдийн мөнгө олгож байхад энэ мөнгийг нэрийн дансанд хийхгүй байна
гэсэн гомдол олон ирсэн. Үүнийг бид өөрсдөө шалгаж үзэхэд хүүхдийн
мөнгийг Хөдөлмөр халамжийн газраас шилжүүлсэн байхад мөнгө ороогүй
байсан. Яагаад ингэснийг асуухад хүмүүс ирж мөнгөө авах болохоор нь
мөнгийг дансанд нь байршуулдаг гэсэн. Сая Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт Дундговь
аймагт явж байхад иргэд  тэтгэврийн мөнгөө авах гэсэн мөнгө ороогүй
байна. Тэтгэврийн мөнгөнийхээ оронд зээл аваад тэтгэврийн мөнгөө орж
ирэхээр төлөх санал тавьсан. Тэгээд Нийгмийн даатгалын даргаас нь
асуухад мөнгө гурав хоногийн өмнө орсон. Яагаад өгөхгүй байгааг лавлахад
“харин ийм зүйл хийгээд байгаа юм” гэсэн.  Банк ч,  яам ч  аль аль нь
иргэдийн төлөө ажиллаж байгаа. Нэг нь татварын мөнгөөр нь цалинжиж
байгаа. Нөгөө нь хадгалуулсан мөнгөөр нь эргэлдүүлж цалинжиж байгаа.
Тиймээс аль нэг банкийг сонгохдоо өөр санаа, эрх ашиг ороогүй гэмээр
байна.

-ХААН банк иргэдэд зээл олгох санал тавьсан ч Засгийн
газар зөвшөөрөөгүй гэж байна. Гэвч сар бүр 21 мянган төгрөг цувруулж авч
байхаар бөөнөөр нь буюу зээл маягаар авах сонирхолтой иргэд олон байгаа
шүү дээ?

-ХААН  банкны болзлуудыг хүлээж авахгүй байсан
хамгийн том шалтгаан нь энэ. Үүнийг Засгийн газарт танилцуулсан ч
зөвшөөрөөгүй. Хүний хөгжил сангийн мөнгийг дөрвөн сараар нь зээл
хэлбэрээр урьдчилан зээлэх санал байсан. Дөрвөн сарын мөнгө 84 мянга
үүнээс банк 4000 төгрөгийг хүүнд авна гэсэн. 21 мянган төгрөгийг сар
сардаа авч амьжиргаагаа дээшлүүлж байгаа иргэдэд зориулж хийж байгаа
бодлогыг алдагдуулж болохгүй гэж Засгийн газар, УИХ-ын гишүүд ч хэлсэн.
Уг нь иргэд мөнгө авах боломж байгаа. Гэтэл зээл авах хүсэлтийг хамгийн
түрүүнд ядарсан хүмүүс нь тавина. Маргаашаа бодохгүй хүмүүс л авна.
Аваад үрчихнэ.  Өнөөдөр бөөнөөр нь аваад маргааш гудамжинд жагсана.
Дараагийн гурван сар нь яаж мөнгөө олохоо мэдэхгүй л сууж байна.  Өмнө
нь олон давтагдаж байсан амьдралын туршлага шүү дээ. Тийм учраас
хүүхдийн мөнгийг ч бас сар сард нь олгосон. Яагаад Хүний хөгжил
сангийн мөнгийг сар сард нь хуваасан бэ гэдэг чинь өөрөө төр засгийн
бодлого. Сар бүр орлоготой байлгах, мөнгөө аваад амьжиргаандаа
зохицуулан, зарцуулах боломжийг олгож байгаа юм.  Зээлээр олгох
боломжгүй.

-Одоо тэгээд ХААН банкнаас мөн­гөө аваагүй байсан иргэд хаанаас мөн­гөө авах вэ?

-Өмнө
нь ХААН банкнаас мөнгөө аваагүй байсан иргэдийн мөнгийг Хадгаламж
банк руу шилжүүлнэ. Иргэд өөр банк руу шилжсэн мөнгөө авч чадахгүй гэж
санаа зовох зүйлгүй. ХААН банк өөрийн дансанд байгаа мөнгийг нэр,
хаягтай нь одоо өгч байгаа банкинд шилжүүлнэ.

-Орон нутгийн иргэний үнэм­лэх­тэй иргэд хотоос мөнгөө авч болох уу?

-Хадгаламж
банк иргэдэд үнэгүй данс нээж өгч байгаа. Хэрэв данс нээлгэсэн
тохиолдолд мөнгө дансанд шууд шилжиж орно. Данс нээлгэснээр иргэд
хаанаас ч авах боломжтой болсон. Цаашид энэ боломжуудыг иргэдэд хялбар
болгохоор бид хамтарч ажиллаж байгаа.

Ш.ОЮУН

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж