ӨЧИГДӨР /2016.12.13/ БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА
Ам.долларын ханш арваннэгдүгээр сарын эхээр 2720 төгрөгтэй тэнцэж, 200 гаруй төгрөгөөр буурсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн ам.долларын ханш бага зэрэг өслөө. Тодруулбал, нэг ам.доллар “Найман шарга” зах дээр 2485 төгрөгтэй тэнцэж байгаа бол арилжааны банкууд 2490 төгрөгөөр зарж байна. Долларын ханш нийтдээ 20- 40 төгрөгөөр нэмэгджээ.
“Монгол Улсын иргэд Өмнөд Солонгост визгүй зорчих асуудлыг хэлэлцжээ. Эхний ээлжинд жилд 500 сая төгрөгөөс дээш татвар төлдөг аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтанд олон удаагийн виз олгохыг хүссэн нот бичиг гардуулсан” хэмээн ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг мэдээлэв.
Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас /ИТХ/ /2016.12.13/ хотын даргыг шүүхэд өгөх болсон талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, 2016 оны орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүрэгт Ардчилсан нам 22, Монгол Ардын нам 19 суудал авсан. Гэсэн ч Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий дур мэдэн Ардчилсан намын зургаан гишүүний нэрийг хассан хэмээн НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт мэдээлэв.
Төрийн өмчийн их, дээд сургуулиудын Үйлдвэрчний эвлэлийн хороодын зөвлөл болон Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний холбооноос мэдээлэл хийлээ. Тэд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 16-ны өдөр батлагдсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, дээд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан Төрийн өмчийн их, дээд сургуулиудын Удирдах зөвлөл болон сургуулийн захирлыг тухайн яамны сайд нь томилдог байх өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа аж.
Засгийн газраас эрчим хүч, зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталлаа. Жагсаалтад багтсан төслийг түлхүүр гардуулах нөхцөлөөр хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгөөр гүйцэтгэгчийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шалгаруулна. Төсөл, хөтөлбөрүүдийг 2017 оны эхний улиралд багтаан гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Сурагчдын амралтыг жил бүр өөрчилж, зохицуулалт хийдэг байсныг больж, 2016-2017 оны сурагчдын амралтын хугацааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас шинэчлэн баталлаа. Ингэхдээ аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдрөөс эхлэн долоо хоног амарч байх зохицуулалтыг хийжээ. Өөрөөр хэлбэл, Цагаан сарын баяртай холбогдуулан сурагчдын амралтыг жил бүр зохицуулах биш тогтсон амралттай болж байгаа юм байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр Ардчилсан намын даргад нэр дэвшинэ гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан. "АН-ын даргын сунгаанд оролцогчид 250 сая төгрөг тушаах шаардлага тавьсан тул намын даргад өрсөлдөх боломжгүйд хүрлээ" гэх тайлбарыг тэрбээр өчигдөр хийлээ. Дэнчингийн хэмжээг 100 сая төгрөг болгох ёстой гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан үзэж байгаа аж.
МАН-ын VII Бага хурал даваа гаригт /2016.12.12/ болсон. Бага хурлын 33 гишүүн төрийн захиргааны байгууллагад орсонтой холбоотойгоор чөлөөлөгдсөн бөгөөд тэдний оронд нөхөн томилсон гишүүдийн дунд УИХ-ын Т.Аюурсайхан, Г.Мөнхцэцэг нар багтсан байна. Үүнээс гадна нийслэлийн намаас ес, орон нутгаас 24 гишүүн чөлөөлөгджээ.
Монголбанкнаас арилжааны банкуудад өмнө нь олгосон ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрээс арав, арваннэгдүгээр сард олгогдсон 822 тэрбум төгрөгийг төлөх хугацааг зургаан сараас нэг жилээр сунгасан байна. Ингэснээр арилжааны банкууд нийт 822 тэрбум төгрөгийг Монголбанкинд энэ ондоо багтаж төлөх байсныг дараа онд төлөхөөр болов.
Хилийн чанадад нийт 169 монгол иргэн хорих ял эдэлж байгаа талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Эдгээр иргэн 15 улсад ял эдэлж байгаа аж. Харин энэ онд хилийн чанадад 294 иргэн гэмт хэрэгт холбогдон саатуулагджээ. Дээрх тоо нэмэгдэх боломжтой гэдгийг албаныхан мэдээллээ. Швейцари, Австри, Канад, Их Британи, Япон зэрэг улсын хуулиар тухайн иргэн саатуулагдсан тохиолдолд өөрөө зөвшөөрөөгүй бол Элчин сайдын яаманд мэдэгддэггүй аж.
С.Зориг агсаны шүүх хурал өнөөдөр /2016.12.14/ Хорих 461-р ангид болно. Улсын Ерөнхий прокурорын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал "Төрийн нууцад хамаарах баримт, материал хэрэгт авагдсан" гэх шинжээчийн дүгнэлт гарсан учир маш нууцын зэрэглэлд хамаарч байгаа. Гэхдээ шүүх хуралдааныг хаалттай эсвэл нээлттэй явуулах асуудлыг шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ” гэсэн тайлбар өгөв. Хэрэг маш нууцын зэрэглэлтэй учраас хуулиараа шүүх хурлыг хаалттай хийх ёстой аж. Гэхдээ шүүх хурлын эхлэл болон төгсгөлд хэвлэлийнхнийг оруулахаар зохицуулалт хийсэн байна.