Монголд 5 тэрбум мод ургаж байна

Хуучирсан мэдээ: 2016.12.13-нд нийтлэгдсэн

Монголд 5 тэрбум мод ургаж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GTZ)-ийн “REDD+ Монгол улсын үндэсний ойн тооллого” төсөлтэй хамтран “Олон зорилтот үндэсний ойн тооллого” явуулж дууслаа. Тооллогын дүнг өнөөдөр /2016.12.13/ Засгийн газарт танилцуулж, хүлээлгэн өгөх ёслол Шангрила зочид буудлын хурлын танхимд боллоо. Хуралд УИХ, Засгийн газрын гишүүд болон ойн салбарын мэргэжилтнүүд, ойн тооллогод оролцогчид болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцлоо.


Монголын нийт нутгийн 12 сая га нь ойгоос бүрддэг

Энэ удаагийн ойн тооллого бүтэн гурван жил /2014-2016 он/ үргэлжилсэн бөгөөд 1956 оны анхны ойн тооллогоос хойшхи иж бүрэн тооллого гэдгээрээ онцлог юм. 60 жилийн дараах иж бүрэн тооллогын дүнд Монгол орны нийт нутгийн 12 сая га талбай нь ойгоор бүрхэгдсэн гэсэн дүн гарчээ. Энэ нь 2011 оны явцын тооллоготой дүйж байгаа бөгөөд ойн нөхөн сэргээлт, шинээр бий болгосон ойн хэмжээ огтолж ашиглаж буй модны хэмжээнээс илүү гарахгүй байгаатай холбоотой юм. Монгол орны ойн нэг га талбайн ургаа нөөц 113,9 куб метр ажээ. Бүтцээр нь үзвэл ойн 80,7 хувь нь шинэс, 6,7 хувь нь хуш, 6,4 хувь нь хус, 4,9 хувь нь нарс, үлдэж буй хоёр хувийг бусад төрлийн мод эзэлж буй ажээ. Нэг га талбайд зургаан см-ээс дээш бүдүүнтэй мод дунджаар 564 ширхэг ургаж байгаа гэж тооцон үзвэл Монголд нийтдээ таван тэрбум мод ургаж байна. Нэг га талбайд 3025 зулзаган мод ургаж байгаа ч хатаж хөгширсөн, түймэрт өртсөн, шавьжинд идэгдсэн гэх мэт гадаад орчны нөлөөнд нэрвэгдсэн модод цөөнгүй байгааг энэ удаагийн ойн тооллогоор тогтоожээ. Түймэрт л гэхэд манай орны ойн 18,6 хувь нь өртсөн бол нийтдээ есөн сая куб метр мод хөнөөлт шавьжинд идэгдсэн гэсэн дүн гарчээ.

Монгол орны ойн өтгөрөл 0,48 хувьтай гарчээ. Энэ нь хангалттай үзүүлэлт биш бөгөөд ойн нөөц байх боломжтой хэмжээнээс доогуур байна гэсэн үг юм байна. Түүнчлэн ойн талбайн 70 хувьд нь нэг төрлийн мод /шинэс/ зонхилж байгаагийн дээр 80 хувьд нь титмийн үе давхарга бага байгаа зэрэг нь Монголын ойг нэн эмзэг болохыг илтгэж буй ажээ. Зүй нь ой нь олон төрлийн модноос бүрдэж, титмийн олон давхаргатай байх ёстой гэнэ. Гэвч цаашид Монголын ой сэргэх, ургах чадвар сайтайд тооцогдож буй юм. Учир нь ойн нэг га талбайд 150 см-ээс дээш өндөртэй мянга шахам /959/ мод ургаж байгаа нь тун сайн үзүүлэлт ажээ. Гагцхүү зулзаган шинэ модод тэлж ургах боломжийг олгох, өмхөрч унасныг нь цэвэрлэх, хөгширч бүдүүрснийг нь ашиглах зэрэг ажиллагааг мэргэжлийн адгуу явуулах цаг болсныг энэ удаагийн ойн тооллогоос тогтоожээ.

Монголчууд ойгоо нөхөн сэргээж, шинээр тарьж ургуулж чаддаггүй хүмүүс үү гэвэл бас үгүй ажээ. Сэлэнгэ аймгийн ойчид сүүлийн 10 жилийн хөдөлмөрөөрөө Тужийн нарсан ойгоо бүрэн сэргээж чадсан байна. Мөн Хөвсгөл аймгийн Биндэр суманд ойн сан бий болгосон гэхчилэн сайны жишээ цөөнгүйг дурдаж болох ажээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GTZ)-тэй хамтарсан ойн тооллогын дүнгээ ирэх 2017 онд НҮБ-д танилцуулах юм байна.

Ойг зохистой төвшинд ашигладаг болно

Ойг хамгаална гэхээр огт гар хүрэхгүй, огтолж ашиглахгүй гэж бид ойлгодог. Гэтэл ойг зүй зохистой ашиглаж, цэвэрлэгээ, арчилгаа хийгээгүйгээс болж Монгол орны ойн багагүй хувь нь байгалийн жамаараа хөгширч өмхрөн, шинээр ургах зулзаган модны ургалтад муугаар нөлөөлдөг ажээ. Нийт ойн 30 хувь хөгшин модноос бүрддэг ажээ. Гэвч хөгшин мод болгоныг тайраад, тасдаад бай гэсэн үг биш юм. Хөгширсөн модод нь биологийн төрөл зүйлийг хамгаалах ашиг тустай байдаг юм байна. Хөгшин модны нүх ихтэй холтос, модны оройн хэсгийн хатсан мөчир нь олон ховор зүйлийн амьдрах орчин болдог байна. Тиймээс хамгийн наад зах нь хөгшин модны хэд хэчнээн хувийг тайрч цэвэрлэн, аль хэсгийг нь үлдээхийг шийддэг хүмүүс бл ойн инженер, ойн мэргэжилтнүүд юм. Гэтэл өнөөдөр манай улсад ойн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх бодлого алдагдаж, ХААИС-ын ойн мэргэжилтний ангид жилд ердөө тавхан хүүхэд элсэж болжээ. Энэ нь ойн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх бодлого алдагдаж, нэр нэршлийг нь ойлгомжгүй болгон өөрчилсөнтэй холбоотой гэдгийг БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг тодотгож байлаа. Ойн инженерээс гадна ойн чиглэлийн дунд, анхан шатны мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор улсын хэмжээнд хэд хэдэн МСҮТ-тэй хамтран ажиллаж байгаа ажээ. Ингэснээр тун удахгүй ойг хэрхэн арчилж тордох, ургуулж торниулах чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэй ажилчдаар ойн салбар хүч нэмж, тэр хэрээр Монголын ойн бүтэц сайжирч, өргөжин тэлэх боломж бүрдэнэ гэдгийг салбарын яамны газрын дарга М.Тунгалаг тодотгон өгүүлсэн юм.

Ийнхүү мэргэжлийн хүмүүсээр хүч сэлбэсний дараа монголчууд ой модоо зүй зохистойгоор ашигладаг болох юм байна. Ойгоос ашиглаж буй модны 28-30 хувь нь л бүтээгдэхүүн болж байгаа нь тун чамлалттай үзүүлэлт гэдгийг Монголын ойчид, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны тэргүүн Д.Баасанбямба дурдаж байна. Тиймээс ойгоос унагасан модны үлдэц хаягдал болох үзүүр, ёзоор, зах, тайрдас, хаягдлыг ашигладаг болох, модныхоо үр шимийг 100 хувь ашигладаг болоход онцгой анхаарах цаг ирснийг тэрбээр санууллаа. Сүүлийн жилүүдэд байгаль орчноо хайрлан хамгаалах үүднээс ойгоос мод бэлтгэх, ашиглахыг эрс бууруулсан нь сайн муу үр дагаврыг хамтад нь авчирчээ. Мэдээж ойгоо хамгаалсан сайн талтай, гэсэн хэдий ч ойн салбарыг боловсон хүчний хомсдолд оруулаад зогсохгүй, ойг мэддэг хүнгүй болгож, ойн бүтцэд ч саар нөлөө үзүүлжээ. 1970-аад онд нэг жилд гурван сая орчим куб метр мод бэлтгэж байсан бол 2015 онд 800 мянган куб метр мод бэлтгэжээ. Үүний дээр түлшний зориулалтаар 700-800 куб метр мод бэлтгэж байгаа ажээ.

Тиймээс хойшид хамгаалах нэрээр хав дарах биш бодлогын дагуу ойгоо зөв зохистой ашиглаж, тэр хэрээр шинэ залуу ойгоор сэлбэх ажлыг улс даяар зохион байгуулах шаардлагатайг ойн салбарынхан өгүүлж байна.

Жич: Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GTZ)-ийн “REDD+ Монгол улсын үндэсний ойн тооллого” төсөлтэй хамтран “Олон зорилтод үндэсний ойн тооллого”-ын дүнг Засгийн газарт танилцуулах ёслолын нээлтийн үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын хэлсэн үгийг ЭНД дарж үзнэ үү.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж