Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Монгол шинэ ургацын төмс 2500 төгрөг. Божийсон бор, жижигхэн мөртлөө монгол гэхээр л сэтгэлд арай өег санагдах төмсөө торныхоо ёроолд тожигнуулсаар дараагийн лангуу руу очиход монгол шинэ ургацын лууван 3600 төгрөг гэнэ. Харахад амттай хазаад авмаар. Хажууд нь байгаа 2500 төгрөгийн үрчгэр лууван даанч доожоо муутай харагдана. Тэгээд цаашаа алхахад юу харагдана гээч. Тийм ч гайхалтай шинэхэн биш ч  бүр ч муу биш үхрийн цул мах нэг кг нь 5800 төгрөг. Татганалаа татганалаа гээд хоёр хавирга авахад гурван кг болдог юм биз дээ. Гайхмаар нь ердөө л Монголд ургуулдаг, бас үржүүлдэг наад захын хэрэглээний хүнс ийн хаданд гарсан байх юм. Дээрээс нь бас хоол хийх дээрээ тулах юм бол гурил, будаа, давс, ус гээд юу эс нэмэрлэх хэрэгтэй болох вэ?

Төсөрхөн “Барс” захын менежер “Хятадаас төмс оруулж ирэхээ больчих­сон шүү дээ, яагаад гэвэл монголчууд өөрсдөө төмсөө тарихтайгаа болчихсон. Тэгээд ч Хятадаас ирсэн хортой байх магадлал өндөр төмсийг идэх хэрэггүй гэдгийг  хэн ч мэддэг болсон” гэсэн утгатай ярилцлага өгсөн байсныг уншаад хачин их баярласан.  Тэгээд л монгол төмс, луувангаа авч байгаа нь тэр, бас их кайфтай, монголчууд бид чинь хүнээс гуйхааргүй хүнс, ногоогоо бэлтгэчихдэг болсон гэж цээжиндээ баяртайгаар. Цаашлах тусам тор маань нэг их хүндрэхгүй мөртлөө түрийвч улам бүр шалчийсаар. Хэрэглээ, эрэлт дагаж үнэ тогтдог юм хойно, хүмүүс /надаас бусад нь/ түрийвч зузаан болохоор зуны аагим халууныг ч эс тоон худалдаа наймаа хийсээр байгаа нь лавтай. Монголчууд ийм баян болчихсон юм болов уу? Наадмын цуурай анирлах өдрүүдэд хот налайж, хонь үхрийн мах арай ч хямдрах болов уу гэсэн чинь үгүй бололтой. Тор санжигнуулж, дэлгүүр хэссэн өөрийнхөө туршлагыг чамлан статистикийн мэдээллийг харвал өмнөх сарын буюу зургадугаар сарын дундаж үнэтэй харьцуулбал 3,9, өмнөх долоо хоногийн буюу наадмын өмнөхтэй харьцуулбал 1,9 хувиар өссөн гэж байна.

Дахиад л тайлбар хайх гээд үзвэл сум, аймаг болгон шахуу 80, 70 жилийнхээ ойг тэмдэглээд хотынхонд бүү хэл өөрсдөд нь хорхогны хонь ямаа, хундаганы нэрмэл олдохгүй байгаа сурагтай. Ирэх жилийн сонгууль дөхөж байгааг ч хэлэх үү, гэнэт нутаг усаа санагалзсан, төрийн түшээд хийгээд 2012 оны “жалгын” сонгуульд тоосоо өргөх гэсэн нутгийн “хүүхдүүд”, эцэг эхийнхээ уг гарвалыг санагалзан хайх Нутгийн зөвлөл гэдэг нэртэй баян байгууллагуудын ивээлээр аймаг сум даяараа сайхан наадаж байгаа гэнэм.

Нэг аймаг нутгаасаа гарсан улсын цолтонд нэжгээд lеxus өгч гэмээнэ нөгөөдөх нь дордуулахгүй гэж хошоодыг өгөх шахдаг жишгээр аймгуудын наадам ч бас аархлын уралдаан болж байгаа юмдаг уу. Шинэ цагийн “баячууд”-ын “Энэ наадам хэнийх болов” гэж ханхалзах ааг, бие биенээсээ доордохгүй гэж идэж өмсөх, балгалзаж баярхахаараа өрсөлдөх энэ цагийн балчирхан уралдаан эрчтэй байгааг ч хэлэх үү. Тоо бодож толгойгоо зовоож байгаа хүн үгүй ч юм шиг. “Жип”-ний цонхоор салхи исгэрүүлж, эрийн хиймориор найр хэссэн шиг яваа  хүмүүс ч юу л гэж түрүүвчээ имэрч, тоо бодож толгойгоо гашилгав гэж.

Гэхдээ юу ч гэсэн зуны аагим халуунаас ч халуун байж магадгүй тоог сонсгоё. Дашрамд сануулахад наадмын цуурай эхэлж, морьдын уралдааны эхний тоос зурайсан долдугаар сарын 10-ны өдөр Үндэсний статистикийн хороо уламжлал ёсоороо сар бүрийн статистикийн мэдээллээ гаргасан. Сар ч гэлтгүй энэ оны эхний хагас жилийн дүр зургийг харуулах ёстой энэхүү мэдээлэл харамсалтай нь наадмын тоосонд дарагдаад анзаарагдалгүй өнгөрсөн байж магадгүй. Гэвч энэхүү мэдээллийг өнөөдрийн тулгарч буй дүр зурагтай харьцуулахад арай л өөр өнгөтэй шиг.

Дээр тор барьсан урвагардуу сэтгэлээр хэтэвчин дэх хэдийн маань үнэ цэнийг илэрхийлэх инфляци хэтийдсэн мэт санагдавч албан тоон хэлээр бол хэрэглээний үнийн индекс тийм ч гайхалтай ихээр өсөөгүй болж таарч байна шүү. /Тодотголоос харна уу/

ТОДОТГОЛ: Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2011
оны зургадугаар сард өмнөх сарынхаас 0.4 хувь, 2010 оны арванхоёрдугаар
сарынхаас 4.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 6.2 хувиар өслөө. Ерөнхий
индекс өмнөх сарынхаас өсөхөд тээврийн бүлгийн дүн 8.4 хувь, орон сууц,
ус, цахилгаан, түлшний бүлгийнх 0.9 хувиар нэмэгдсэн нь голлон
нөлөөлжээ.  

ДНБ-ий хэмжээ 2010 оны гүйцэтгэлээр, оны үнээр 8414.5 тэрбум төгрөг,
2005 оны зэрэгцүүлэх үнээр 4162.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос оны
үнээр 27.7 хувь, зэрэгцүүлэх үнээр 6.4 хувиар өслөө. Эцсийн ашиглалтын
аргаар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2010 оны гүйцэтгэлээр
8459.6 тэрбум төгрөг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 4183.0 тэрбум төгрөг
болж, өмнөх оныхоос оны үнээр 1891.2 тэрбум төг буюу 28.8 хувь,
зэрэгцүүлэх үнээр 253.9 тэрбум төгрөг буюу 6.5 хувиар өслөө.

Харин гадаад худалдааны нийт бараа эргэлт 4718.3 сая ам.долл, үүнээс экспорт 1992.8 сая ам.долл, импорт 2725.6 сая ам.долларт хүрч 2011 оны эхний хагас жилд 732.8 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 685.1 сая ам.долл буюу 15.4 дахин өссөн гэж байна лээ, албан мэдээнд. Монголчууд ч аргагүй л баяжаад байгаа юм байх даа, гадагшаа юм зарахгүй, харин худалдаж аваад л. Эсвэл гадаах нь гэртээ, гэр дэх нь гэдсэндээ шингэдэггүй ажилгүй айлын ч дүр зураг юм уу? Найрлаад наадамдаад хэрэгтэй бүхнээ гаднаас худалдаж аваад байдаг хэрэг ээ.

А.ТУЯА

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж