УИХ-ын гишүүн А.Сүхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАН-ын бага хурал болж өндөрлөлөө. Бага хурал хэр үр дүнтэй болсон гэж бодож байна вэ?
-МАН-ын VII Бага хурал олон асуудлыг шийдэж, үр дүнтэй боллоо гэж итгэж байна. Хурлын үеэр олон санал санаачлага гаргасан. УИХ, Засгийн газрын гишүүд хийж байгаа ажилдаа хариуцлагатай хандаж байх ёстой гэдгийг намын дарга ч сануулсан. Тиймээс энэ удаагийн хурал ардчилалтай, үр дүнтэй хурал болсон гэж дүгнэж байна.
–МАН залуучууддаа итгэл хүлээлгэж, ачааны хүндийг үүрүүлэх бодлого барьж байна. Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, намын генсек, УИХ-д ч олон залуу гишүүд бий?
-Энэ удаагийн парламентийн гишүүдийн 60 гаруй хувь нь шинэ гишүүд. Энэ гишүүд нь нэр цэвэр, итгэл сэтгэлтэй, Монгол Улсынхаа төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс гар нийлж ажиллаж байгаа гэж би итгэж байна. Төрийн дампуурлыг засч, ард түмнээ сайхан амьдруулах, ядуурлаас гаргана гэсэн уриа хэлж гарч ирсэн бидний хувьд энэ үүргээ биелүүлэх тал дээр өдөр бүр санаа зовж, бие сэтгэлээ зориулан ажиллаж байна. Манай намд олон чадварлаг залуус бий. Бага хурлын үеэр намын Нарийн бичгийн даргад Н.Төмөрхүү өрсөлдсөн ч заалнаас Ц.Бат-Энхийг нэр дэвшүүлсэнээр нарийн бичгийн даргаар сонгосон. Энэ бол шударга өрсөлдөөн болсон гэж бодож байна. Манай нам ардчилал, дотоод асуудлаа шийдэж чаддаг нам гэдэг нь нарийн бичгийн даргын сонгох процесоос харагдлаа. Нам, намын удирдлагууд оруулж ирсэн хүнийг л дэмжих ёстой гэсэн зүйл байхгүй. Ард иргэд ядарч байна, өлсч байна. Өлссөн хүн хэзээ ч сэтгэл санаа тайван амгалан байж чаддаггүй. Өлсч байгаа, ядарсан ард иргэдээ яаж авч явах нь бидний зөв, цогц бодлого хэрэгжүүлэхээс хамаарна. Амьдрал хэцүү байгааг бид ойлгож байгаа ч сэтгэлийн галтай байх ёстой.
–Эдийн засаг хямралтай байна. Таны хувьд эдийн засгийн хямралаас яаж гарах ёстой гэж боддог вэ?
-Бид өнгөрсөн цаг хугацааг амархан мартдаг юм байна. 1990 онд картын бараанд шилжээд дэлгүүрийн лангуун дээр давс, будаа хоёроос өөр зүйл алга байсан цаг үеэ бид мартсан байна. Нам, түүний доторхи олон бүлэглэл, түүнийг дагасан хулгай луйвар энэ улс орныг тартагт нь тулгаж байна. Тэгэхээр хэн авардаг, хэн сэхээдэг гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Гэхдээ аль нэг нам, эвслийн зорилго Монголын ард түмэн хождог, Монгол хожно гэдэг зүйл дээр огтолцож байх ёстой. Үүнийгээ хойноо тавиад луйвар дээрэм хийгээд байхаар улс орон дампуурч байгаа юм. Монголд стратегийн 15 орд байдаг. Одоо ашиглаж байгаа ордуудаа бүгдийг нь луйвар, дээрмийн аргаар нэг талд нь гаргаад тавьчихсан байгаа. Тиймээс монголоо хамтдаа хөгжүүлэхийн тулд бид хамтдаа шийдвэр гаргах ёстой.
-Таны бодлоор Засгийн газар хэр сайн ажиллаж байна вэ. Танай нам дотор Засгийн газрынхаа үйл ажиллагаад сэтгэл дундуур яваа хүмүүс цөөнгүй байна?
-Бид ийм засаг хүлээж авна гэж бодоогүй. Гэхдээ байхгүй болохоор ингэж байгаа юм биш. Аль болох богино хугацаанд эдийн засгаа сэргээхийн төлөө оролдлогууд хийж байна. Засгийн газар маш сайн ажиллаж байна. Засгийн газар данс нь улайсан, нэг тонн алттай Засгийн газар хүлээж авсан. Одоо нөөц бүрдүүлэх, татвараа хураах, гадна дотны зээл тусламж гээд хамгийн өндөр хурдаараа ажиллаж байна. Монголбанк, Сангийн яам хоёр бол жинхэнэ гал тогоог нь барьж байгаа. Байхгүй зүйлийг бүрдүүлнэ гэдэг том зовлон, байгаа зүйлийг хуваах шиг амархан зүйл байхгүй. Гэрэл гэгээтэй цаг удахгүй ирнэ гэж би итгэж байна.
-МАН өмнөх парламентад чамгүй олон суудалтай байсан. Улсын төсөв, санхүүгийн нөхцөл байдал ямар байгааг мэдэж байсан. Тэгээд сонгуулиар амлалт өгч, олонхи болчихоод төсөв нь алдагдалтай, мөнгөгүй байна гээд өмнөх Засгийн газраа буруутгаад, гомдоллохгүйгээр ажлаа сайн хийх ёстой биш үү?
-Миний ширээн дээр МАН-ын мөрийн хөтөлбөр байна. Бид энэ хөтөлбөрийг л дэвшүүлж, хэрэгжүүлнэ гэхэд ард түмэн дэмжсэн. Шударга ёсыг тогтооно, ард түмэн, улс эх орноо ядуурлаас гаргана гэж итгэж ард түмэн эцсийн удаа МАН-ыг дэмжсэн гэж ойлгож байна. Хоёр дахь удаа боломж олгоно гэж байхгүй. Тэгэхээр том ажлуудаа хэрэгжүүлэхийн тулд бид бүхэн сайн ажиллаж байгаа. Энэ хурдаа алдахгүйгээр ард түмнээ гэсэн сэтгэлээр сайн ажиллана гэж үүрэг хүлээсэн, тангараг өргөсөн түшээд нь бид. Нөгөө талаар төрийн түшээд л энийг хийнэ гээд хараад суух нь өрөөсгөл ойлголт. Бүтээн байгуулалт, сайхан цагийг авчрахын тулд дор бүрнээ бид хичээж ажиллах ёстой. Иргэд ч гэсэн өөрсдийнхөө төсөл санаачлагыг ирүүлээд олны хүч оломгүй далай гэдэг шиг хамтраад ажиллах юм бол бид хөгжиж чадна. Хамгийн сайхан маань бол Ум мани бадми хум, хамгийн төгс хүч бол хамтын хүч гэдэг үг бий.
-Эдийн засаг ирэх жилүүдэд сайжрах боломж харагдаж байна уу?
-Бид урд, хойд хөршдөө нэр хүндээ их алдаж. Засгийн газар нь олон солигддог, сайд дарга өөрчлөгдөх бүртээ өөр өөр зүйл ярьдаг байдал нь хоёр хөршийнхөө нурууг авч байна. Одоо нэг нам олонхи болсон учраас улстөр нь тогтвортой байх нь гэсэн итгэл төрж, хөрөнгө оруулагчдын санаа эргэж байгаа гэдэгт найдаж байна. Бид бүхэн алдаагаа ч хариуцлагаа ч өөрсдөөсөө эрэх хэрэгтэй. Бид эдийн засгаа сайжруулахын тулд юун дээр алдсанаа дүгнэх цаг ирсэн байна. Бондын мөнгө бол Монгол Улсын зээл, эргэн төлөх мөнгө. Гэтэл энэ мөнгөөр гараа угааж байсан байх жишээний. Энэ мэт алдаагаа сайжруулахаар манай Засгийн газар маш сайн ажиллаж байгаа.
-Та энэ парламентад шинэ гишүүн. Гишүүн болсноосоо хойш ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?
-Би бол ард түмний төлөөлөл болсон Монгол ёс заншлаа тээж яваа хүн. Улстөр, улс орны холбоотой асуудалд улсын цолтон болохоосоо би оролцож, сонсч байсан. Улстөр бол миний хувьд шинэ зүйл биш. Амьдралд үр өгөөжөө өгдөггүй хууль биш гууль, олон байна. Нэг хууль батлах гэж ямар олон хүн хамруулж ажлын хэсэг байгуулаад, судалгаа хийж, цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж баталсан ч өнөөдөр амьдрал дээр хэрэгжихгүй хууль олон болж. Гэтэл яг хэрэгтэй, амин чухал хуулийн төслүүдээ хэлэлцэхгүй байна. Жишээлбэл, Туул голын бохирдлын асуудал. Гэр хорооллын олон айлын нүхэн жорлон өнгөний ус болоод хөрс, гүний цэвэр усанд орж байна. Энэ мэт санаа зовоосон асуудал байгаа учраас Туул голын бохирдлыг бууруулах, төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах ажлын хэсэг байгуулахаар УИХ-ын гишүүдийн хамт УИХ-ын даргад саналаа өргөн барьсан. Өөрсдөө цэвэр амьдрахын тулд өөрсдөө шударга, санаачлагатай байх ёстой учраас энэ асуудал дээр ард иргэдийн оролцоо их чухал. Мөн Хүн ам удмын санг хамгаалах хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн хамт боловсруулж байна. Энэ хууль нь хөдөө орон нутагт цус ойртолт их байгаа учраас хүн амын удмын санг хамгаалах зорилготой. Үүнээс гадна химийн бордоноос үүссэн генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн ихээр хэрэглэж, хүнсний аюулгүй байдал алдагдаж байгаатай холбоотойгоор Хүнсний аюулгүй байдлын тухай хууль дээр ажиллаж байна. Хүнсний аюулгүй байдалд эм тарианы замбараагүй хэрэглээнд орсон мал сүрэг ч орно. Малд хийж байгаа тарлига, вакцинд ямар хяналт тавих, вакцин хийсэн малын мах, сүүг ямар хугацаанд хэрэглэхгүй байх вэ гэдэг нь ямар ч хяналтгүй байдаг. Тиймээс Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг хэсэг гишүүдийн хамт боловсруулаад удахгүй өргөн барихаар төлөвлөж байна.
-Бид ер нь эрүүл мах идэж чаддаг юм болов уу?
-Эрүүл мах идэж байгаа эсэхэд эргэлзэж байна. Би ч гэсэн өөрөө малтай хүн. Гадны олон улс орны малд тарьдаг вакцинуудын нөлөөллийн талаар мэргэжлийн хүмүүсээс нь зөвлөгөө авдаг. Ялангуяа БНХАУ-аас авч байгаа малын вакцинуудыг яаж хэрэглэх вэ гэдгийг бодож, судалж байж хэрэглэх ёстой. Ямар малын мах идэж байгаагаа бид бодох цаг болсон. Хүнс, хөдөө аж ахуйн яам ч гэсэн энэ талаар олон ажил хийж байгаа нь талархууштай.
–Тантай уулзсаных өөр ярих сэдэв байна. Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан саяхан өгсөн ярилцлагадаа таныг 2002 онд анх допинг хэрэглэж байсан, допингийн шинжилгээний хариуг Өмнөд Солонгост хадгалж байгаа гэсэн. Та үнэхээр допинг хэрэглээгүй юм бол тэр шинжилгээний хариуг авчраад олон нийтэд харуулж болох уу?
-Допинггүйгээр Д.Данзан гуай яаж амьдрах гэж байгаа юм бэ. Би өдөрт гурван удаа доппинг хэрэглэдэг. Доппинг хэрэглэхгүй бол амьд явж чадахгүй гэж боддог. Хамгийн хүчтэй доппингийг Монголчууд хэрэглэж байна уу даа гэж би хардаг. Миний хэрэглэдэг доппинг бол тарган хонины мах, айраг. Яг доппинг гэж ярих юм бол надад мэдлэг байхгүй.
-Та яагаад чөлөөт бөх, үндэсний бөхийн холбооны ажилд тийм идэвхи санаачлагатай ханддаг юм бэ. Төрийн хүн болсон өөр ажил их л байгаа байх. Түүний хажуугаар заавал тэр бөхийн холбоодын асуудалд оролцох чухал шаардлага, эрх ашиг байдаг юм уу?
-Бөхийн холбооны удирдлагууд хууль бусаар 20 гаруй жил холбоогоо удирдлаа. Юманд хязгаар, хэмжээ гэж байдаг. Бөхчүүдийн сайхан сэтгэл, сайхан болгоноор тоглосоор өдийг хүрлээ. Монгол бөхийн өргөөг хувийнхаа компани шиг амин зуулгаа болгосон учраас тэр хүн салж чадахгүй зууралдаад байгаа юм. Одоогийн бөхийн холбооны удирдлагуудыг цээжээрээ хамгаалдаг хүмүүс энэ УИХ-д ч надтай тохой зэрэгцээд сууж байна. Тэр цээжээрээ хамгаалж байгаа хүний төлөө 27 жил Монголын Үндэсний бөхийн холбоо үйлчилж байна. Шуудхан хэлэхэд бөхийн зовлонг бөх хүн л ойлгоно. Физикч хүн бөхийг мөнгө гэж хардаг юм байна. Бөхчүүд өөрсдийнхөө зөрчилдөөд байгаа энэ эрх ашгийг хамгаалахын тулд дугарах цаг нь болсон.
Монгол бөхийн амьдрал шударга сайхан, ойлгомжтой байх юм бол би энэ асуудалд оролцохгүй. Өнөөдөр ойлгомжгүй, бөхчүүдийгээ доромжилсон, талцуулсан байдалтай байна. Зарим нэг аймаг, суманд бөх үзэх аргагүй болж байна гэж ард түмэн гомдоллодог. Нэг том цолтой бөх ирээд нэг жижиг бөхөд унаж өгөөд мөнгө аваад явчихлаа гэж иргэд гомдоллож байна. Намайг бөхчүүдийг доромжиллоо, найраагаар бөхчүүдийг цол авсан гэж хэлсэн гээд шүүхэд өгнө гэж байна лээ. Намайг шүүхэд өгч болно, гэхдээ надтай хамт хохирсон Монголын ард түмнийг хамт шүүхэд өгөөрэй гэж би хэлсэн. Дээр үед ахмад бөхчүүд нь дээшээ гарч сайн барилдах залуу бөхчүүддээ даваа ахиулж өгдөг боломж байсан. Гэхдээ энэ нь хүн чанар сайхан байх үед. Яагаад бөхчүүд найраа хийгээд байна гэхээр бөхчүүдийн амьдрал сайнгүй байна. Бидний яриад байгаа менежмэнт бол бөхчүүд бай, шагналаараа л сайхан амьдрая гэж. Ч.Санжаадамба аварга 2007 онд заалны барилдаанд түрүүлээд нэг сая төгрөг авч байсан, сая Улс тунхагласаны баяр наадмаар түрүүлээд мөн л сая гаруй төгрөг авсан гэж ярьж байсан. Ийм байхад хүн яаж сайхан амьдрах вэ. Нэг бөхийн ард гэр бүл, дасгал сургуулилт, уураг бэлдмэл, идэж уух гээд олон зардал гардаг. Олныхоо дэмээр л явдаг. Бөхийн холбоонд орж байгаа тэр мөнгийг бөхчүүддээ зориулдаг байвал Монгол бөх цэвэршинэ.
-Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж удахгүй ажлаа өгнө гэсэн байсан шүү дээ?
-Ажлаа өгнө гээд 18 жил ярьж байна. Он гарвал 19 дэх жил нь болно. Хуулиас дээгүүр амьдардаг төрийн бус байгууллага гэж байхгүй.
Ярилцсанд баярлалаа.
Ш.ОЮУНЧИМЭГ