Үр тарианы болц сайн, тариалалт хэвийн байна гэв

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Үр тарианы болц сайн, тариалалт хэвийн байна гэв

Энэ жилийн хувьд улсын хэмжээнд тариалалтын явц болон үр тариа хураах бэлтгэл ажил ямархуу байгаа талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Техник технологийн хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнээс тодрууллаа.

-Энэ онд нийт хэчнээн га талбайд үр тариа, улаанбуудай тариалсан бэ?

-Үр тариа 300 мянган га, улаанбуудай 292 мянган га талбайд тариалж, өнгөрсөн оныхтой харьцуулахад улаанбуудайн тариалалт 42.7 мянган га талбайгаар нэмэгдсэн. Цаг уурын төлөв байдлаас шалтгаалж, тариалалтын ажил тавдугаар сарын 30 гэхэд ерөнхийдөө дууссан.

-Өнөөдрийн байдлаар тариалалтын явц ямар байгаа вэ?

-Зургадугаар сард газар газар тариалангийн бүс нутгаар хур бороо элбэгтэй байж, чийг сайн өгсөн учраас өнөөдрийн байдлаар түрүүлэлт, цутгалтын үе эхэлсэн, зарим газраар цэцэглэж байна. Зургадугаар сарын 10-наас бутлалтын үе шатны соёололтын байдлаар хийсэн үнэлгээгээр нийт тариалалтын 94 хувь нь сайн, 5-6 хувь нь дунд зэрэг байна гэсэн судалгааг гаргасан. Ерөнхийдөө төв болон баруун бүсэд тариалалтын ургалт харьцангуй сайн байгаа.  Өөрөөр хэлбэл, тариалалтын явц хэвийн байна гэж хэлж болно.

-Наадмын дараа намар гэдэг. Ургац ху­раал­тын бэлтгэл ажлаа хэр хангаж байгаа вэ?

-Ургац хураалтын ажил найман сарын сүүл, есдүгээр сарын эхнээс эхэлнэ. Бэлтгэл ажил маш чухал. Юуны өмнө техник, үтрэмийн бэлэн байдал. Мөн агуулах сав, тээвэрлэлтийн бэлэн байдлыг хангахад манай яамнаас ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Яамнаас техник, тоног төхөөрөмжийн сэлбэгийг тасралтгүй нийлүүлэх аж ахуйн нэгжийг шалгаруулсан. Энэ тал дээр доголдол гарахгүй байх гэдэгт яамны зүгээс найдаж байна. Хэрэв тариаланчид техникээ засч чадахгүй бол засвар үйлчилгээг нь мэргэжлийн хүнээр хийлгэх аж ахуйн нэгжийг шалгаруулсан. Манайд ихэвчлэн Оросын тоног төхөөрөмж бий. Шалгарсан тухайн аж ахуйн нэгж тоноглогдсон машинаар газар дээр нь яаралтай очиж техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийх үүрэг хүлээсэн байгаа. Мөн Орос, Украинаас цэвэрлэгээний машинууд нийлүүлсэн.

-Ургац хураалтын үед шатахууны нийлүүлэлтийг хаанаас, хэрхэн зохицуулах вэ. Саяхан гэхэд ОХУ улс шатахууны импортоо түр зогсоосноос болж газар тариалангийн ажлын ид үед машин техникээ яаж хөдөлгөх билээ гэдэгтээ тулах шахлаа шүү дээ?

-Өнгөрсөн хаврын тариалалтаар шатахуун хуваарилалтыг яамны дэргэдэх Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас “НИК” компанитай гэрээ байгуулсны дагуу 30 хувийн урьдчилгаа зээлээр аж ахуйн нэгжүүдэд олгосон. Энэ жилийн ургац хураалтад гурван мянган тонн шатахуун шаардлагатай. Дээрхийн адил зохицуулалт хийгдсэн байгаа. Шатахууны нийлүүлэлтийн асуудал дээр Засгийн газар ч хамтарч ажиллах байх.

-Үр тариа хадгалалтын тал дээр?

-Хадгалалт, хамгаалалтын асуудал нэг чухал. Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр босоо төмөр агуулах буюу үтрэмийн зориулалттай 500 тоннын хүчин чадал бүхий агуулах барьж ашиглалтад өгсөн. Мөн өнгөрсөн онд Булган аймагт 36 мянган тонн, Сэлэнгэ аймагт 10 мянган тоннын агуулахууд ашиглалтад орсон байгаа. Үндсэндээ энэ намрын ургац хураалтыг хувийн болон төрийн эзэмшлийн аж ахуйн нэгжийн агуулах, эльваторт хадгалах агуулах савны хувьд хүрэлцээтэй гэж хэлж болно.

-Энэ намрын улаанбуудай, үр тарианы ургац дотоодын нийт хэрэгцээг бүрэн хангаж чадах уу?

-Өнгөрсөн оны хэмжээнд дотоодын хэрэгцээнд 400 мянган тонн улаанбуудай нийлүүлсэн үзүүлэлтээр тооцож үзвэл бүрэн хангах боломжтой.

-Төмс, хүнсний ногооны хувьд шинэ ургац хэдийнэ худалдаанд гарчээ. Гэхдээ үнэ нь өндөр л байна. Энэ хэвээр байх уу?

-Төмс, хүнсний ногооны тариалалт урьд жилийнхээс 2.5 мянга га-гаар нэмэгдсэн байгаа. Өнөөдрийн хувьд эхний ургац гарсан байгаа байх. Тодорхой хэмжээнд эрт ургац авахын тулд хүлэмжийн аргаар ургуулах, нэмэлт бордоо зэргийг ашигласан гэх зэргээс шалтгаалаад үнэ өндөр байгаа байж болох юм. Ирэх сарын сүүлээр ургац хураалт жигдрээд ирэх үест зах зээлийнхээ жамаар үнэ буурах нь ойлгомжтой.

Д.ДОЛГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж